Европын Зөвлөл
Европын Зөвлөл (англи. Council of Europe, франц. Conseil de l'Europe) эрх зүйн хэм хэмжээ, хүний болон иргэний эрх, эрх чөлөө, ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр европын гишүүн улс орнуудын хууль ёсны болон соёлын харилцан үйлчлэл, хамтын ажиллагааг дэмжих олон улсын байгууллага юм.
1949 онд байгуулагдсан Европын Зөвлөл нь Европын хамгийн эртний олон улсын байгууллага юм. Энэ нь 670 сая гаруй хүн амтай 46 гишүүн улсаас бүрддэг.
Европын зөвлөл нь 27-хон улсыг нэгтгэдэг Европын холбооны нэг хэсэг биш, бүрэн бие даасан тусдаа байгууллага юм. Европын холбооноос ялгаатай нь Европын зөвлөл нь заавал дагаж мөрдөх хуулиудыг гаргах боломжгүй боловч Европын улс орнуудын янз бүрийн сэдвээр байгуулсан олон улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх эрхтэй. Европын зөвлөл болон Европын Холбооны сүлд дуу, далбаа гэх мэт бэлгэдлийн шинж чанартай зүйлтэй төстэй байдаг.
Европын Зөвлөлийн хамгийн чухал ололтуудын нэг бол Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын конвенцийг боловсруулж, баталсан явдал юм.
Түүх
засварлахДэлхийн 2-р дайны дараа Европын нэгдмэл байдал, нэгэн төрлийн "Европын Нэгдсэн Улс" байгуулах уриалгын дагуу Европын зөвлөл байгуулагдсан. Энэ санааг Уинстон Черчилль хамгийн идэвхтэй дэмжигч байсан гэж үздэг.
Уинстон Черчилль 1946 оны 9-р сарын 19-нд Цюрихийн их сургуульд "Европын Нэгдсэн Улс" ба Европын зөвлөлийг байгуулах тухай алдарт илтгэлээ тавьжээ. Тэрээр 1943 оны эхээр радиогоор ард түмэндээ хандаж Европын зөвлөлийг байгуулах санааг дэвшүүлж байжээ. Улмаар Европын зөвлөлийн бүтцийг улс төрийн тэргүүлэх удирдагчид удаан хугацаанд хэлэлцсэн юм. Байгууллагын өөр өөр бүтцийг санал болгосон хоёр үндсэн чиглэл байсан: эхнийх нь гишүүн орнуудын төлөөлөгчдийг оролцуулсан олон улсын сонгодог байгууллага байгуулахыг санал болгосон бол хоёр дахь нь парламентын гишүүдтэй улс төрийн чуулган-форум байгуулахыг санал болгосон.
Европын Зөвлөл анх 1949 оны 5-р сарын 5-нд албан ёсоор байгуулагдсан. Европын Зөвлөлийн дүрэмд Бельгийн Вант Улс, Данийн Вант Улс, Бүгд Найрамдах Ирланд Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Люксембургийн Их Гүнт Улс, Нидерландын Вант Улс, Норвегийн Вант Улс , Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Шведийн Вант Улс гэсэн 10 улс Лондон хотод гарын үсэг зуржээ. Европын Зөвлөлийн төв байр нь хоёр орны эвлэрлийн бэлгэдэл болгож Франц, Германы хил дээр орших Страсбург хотод байрлуулахаар шийджээ.