Дөрвөд дээл хувцас нь монголчуудын хувцасны түүхийн түрүү үеийг агуулсаар иржээ. Дөрвөдүүд цагаан нэхийгээр оёсон өдөр тутмын дээлээ  “дэвэл”,  өнгө татаж оёсноо “үч” гэдэг. Эрчүүд болон нөхөрт гараагүй охидын өмсдөг зуны дээлийг “лавшиг” хэмээнэ. Нөхөрт гараагүй нь дан дээл, нөхөрт гарсан нь дээлэн дээрээ ууж буюу цэгдэг өмсдөг. Цэгдэг нь хатуу дэргэр босоо мөртэй, ардаа оноотой байдаг. Дөрвөдүүд малгайг “махлай” гэх бөгөөд орой нь дөрвөлжин байдаг. Дөрвөн Ойрадын нэг байсан тул түүнийгээ дурсан дөрвөн өнцөгт орой бүхий малгай хэрэглэх болсон гэх ажээ. Зундаа эрчүүд нь эсгий цагаан тоорцог өмсдөг бол эмэгтэйчүүд нь хөх торгон гадартай дөрөв эсвэл зургаан талт тоорцог өмсөнө. Орой дээрээ улаан цацагтай байх агаад нөхөрт гараагүй бүсгүйчүүдийн гоёл болно. Өвлийн цагт бүх насны хүмүүс өмсдөг малгай бол “дуулха” бөгөөд  малгайн ар шил нь дээлийн зах давсан урт, хар дотортой, цагаан хурганы арьсаар үслэж, хөх ногоон өнгийн эдээр гадарласан байдаг. Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гос, канчин хэмээх 4 янзын гутал хэрэглэж иржээ.

Хос тасам эмжээртэй дөрвөд дэвэл: Дөрвөд эрчүүд цагаан нэхий “дэвэл”-ээ өдөр тутам өмсдөг. Дэвэл нь хэвтээ захтай, зах энгэр өргөн нарийн хос тасам эмжээртэй ажээ. Дэвэлийн захыг тойруулан эмжсэнийг “цалам” хэмээн нэрлэх ба энгэрийн цалам эмжээрт гурвалжин догол “зүрх” гарган оёдогоороо Ойрадын бусад ястнаас ялгардаг. Түүнчлэн дэвэлийн ташаанд үзүүр гаргасан оноотой. Дэвэл, лавшигийг бүслэхдээ даавуун бүснийхээ хоёр үзүүрийг тохой орчим урт унжуулан нугалж хоёр ташаанд хавчуулж бүсэлдэг уламжлалтай. Энэ уламжлал ойрадуудад нийтлэг дэлгэрчээ. Дөрвөд эрчүүд бусад ястны адил баруун талдаа хэт, бэл, хөөрөгний даалин, аяганы уут зүүж өдөр тутамдаа ашиглан, гоёдог байжээ.

Өсгий хоншоор нь үл ялгарах госон гутал: Дөрвөд хувцасны төрөлд “махлай” малгай, “госон” гутал зүй ёсоор багтана. Түүнчлэн эрчүүд нь хэрэмний сүүл хадаж гоёсон эсгий тоорцог, “төгрөг” хэмээх зуны малгай өмсдөг байсан бол өвлийн улиралд эрэгтэй, эмэгтэй, хүүхэд залуус гэж ялгалгүй цөм “дуулха” хэмээх урт шилтэй, улаан өнгийн тав, утсан цацагтай малгай өмсөж байжээ. Дөрвөд эрчүүд “казах овууз”, "лоовууз", “халбан”, "тови", "бичлээ", "сээтгэр", "луутай дэржин", "бүрхүүл", "боолгос" зэрэг малгайг өмсдөг байсан түүхтэй. Түрий, толгойг нь үргэлжээр эсгэсэн, өргөн ширэн ултай, өсгий хоншоор нь адилхан хэлбэртэй, боомны танаастай гутлыг ойрадууд “дөрвөд госон” хэмээн нэрлэж, өргөн хэрэглэдэг. Дөрвөд госонг өвлийн улиралд эсгий оймстой өмсдөг ажээ. Дөрвөд госоны өсгий, хоншоор ижил учраас мөрийг нь хараад хаашаа явсныг мэдэх боломжгүй. Ойрад домогт “дайн дажны үед хаашаа явснаа мэдэгдүүлэхгүйн тулд гутлынхаа хоншоор, өсгийг адилхан хийж дайснаа төөрөгдүүлэн дайжсан түүхтэй” хэмээн өгүүлжээ.

Дөрвөд эмэгтэйн нударгатай дэвэл ба гоёл: Дөрвөд эхнэрүүд “авгай дэвэл”,  “цэгдэг” хэмээх ууж өмсөнө. Авгай дэвэл буюу өвөл өмсдөг нэхий, хөдсөн дээл нь өргөн суга, ханцуйтай, нугалсан хэвтээ зах, бүсэлхий хүртэл эгц буусан шулуун энгэртэй. Энгэр нь бүсэлхийнээс баруун тал руу тэгш өнцгөөр эргэн дотор “омог” үүсгэн доош чиглэн гадаад хормойг дагасан байдаг. Авгай дээлийн ханцуйн үзүүрийг хуньж жижиг нударга залгадаг ажээ. Дэвэлийн энгэрт 4-5, ташуу энгэр болон суганд тус бүр нэг товчтой шилбэ хаддаг заншилтай. Дэвэлийн хэвтээ захны угаар хуниас гарган том цагаан, давхар зах хаддаг нь ойрад эхнэрийнхтэй ижил юм. Энэ нь Алтай таван богдын ноён оргилыг дүрсэлж, эхийн сүү, ариун сэтгэл, цагаан идээг бэлгэддэг ажээ. Дулааны улиралд дөрвөд эхнэрүүд ойрад эхнэр шиг авгай тэрлэгийг цэгдэгийн хамт өмсдөг байжээ. Өргөн мөр, лав ухсан сугатай, цээж хормой нь залгаастай, хойноо бүсэлхийнээс эхэлсэн тууш оноотой уужтай төстэй өмсгөлийг цэгдэг гэдэг. Цэгдэгийн энгэр нь товчгүй задгай байдаг. Шинэ бэр хуримын ёслолын үед “халбан (халван)” гэгч ёслолын малгай өмсдөг байжээ. Харин настай авгай нар ёслолд тав, сампин бүхий бөмбөгөр оройтой урт утсан цацагтай, хурганы арьс болон ангийн үнэт үсээр хүрээлсэн “тойруул” өмсдөг байжээ. Дөрвөд эхнэр үсээ хоёр сүлжиж гэзэгний гэр зүүдэг. Чихний гэдэс орчимд үсний сүлжээнд мөнгөн зоос болон голдоо шүрэн шигтгээтэй мөнгөн тээг оруулж гэрээ тогтоодог. Гэзгийн гэрийг хар өнгийн эдээр дугуйлан хийж, дээд доод хэсгийг нь хоргой торгоор хослуулан эмжээд  үзүүрт нь мөнгөн чимэгтэй хар утсан цацаг бүхий “тохиг” зүүдэг. Мөн эхнэрүүд мөнгөн утсан холбоос бүхий хорол, хэвтээ өлзий хээ, хонхон унжлагатай мөнгөн утсан “сийк” ээмгээр гоёдог байна.

Боодогтой сэвгэр: Дөрвөдүүд нөхөрт гараагүй бүсгүйг “сэвгэр” гэдэг. Тэдний өмсдөг тэрлэгийг “лавшиг” гэнэ. Дөрвөдүүд охид, хөвгүүдээ 17-18 нас хүрэхэд нь гэзэг үс тавьдаг заншилтай байв. Хөвгүүдийн үсний үзүүрт “ширээсэн” буюу “залгаа”, охидын үсэнд “боодог” хэмээх чимэглэл зүүж өгдөг. “Боодог” нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт нь цацаг гаргасан гоёл юм. Залуус хуруундаа мөнгөн бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ “төдөг” хэмээх дан мөнгөн гархи зүүнэ. Сэвгэрүүд дээлийнхээ энгэр, ташаанд “кэтэч”, “сүүвч” хэмээх долоон цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамал жижиг хавтага (сав) зүүж гоёдог байжээ.

Эх сурвалж

засварлах
  • Монгол орны лавлах