Дэлэгийн 3агджав

Дэлэгийн Загджав (1964 онд Ховд хотод төрсөн) нь Монголын улс төрч. МАН-ын гишүүн. Бригадын генерал цолтой.

Тэрээр Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Мөн 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2000 онд Төрийн удирдлагын академи, 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг тус тус дүүргэжээ. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.

Загджав 1985-87 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, 1987-93 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүнээр ажиллаж байгаад 1993 онд "Алтай интернэйшнл" ХХК-г байгуулан ерөнхий захирлаар ажиллаж байв.

1997 онд МАХН-ын бага хурлын гишүүн болсноор улс төрд орж, 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгчийн албыг хашсан. 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргаар ажиллаж байгаад 2008 онд МАХН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож 4 жил ажилласан. Мөн Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 2017 оны 3 сарын 15-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон. Улмаар 2020 оны 7 сарын 22-нд Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий Газрын даргаар томилогдон, 2022 оны 7 сарын 8-нд Бригадын генерал цол хүртжээ.[1] Гэсэн ч түүнийг даргаар ажиллаж байх үед цагдан хорих газраас хоригдлууд оргох, хоригдож байсан хүн нас барсан, мөн шүүхийн шийдвэрийн ажилтан цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэх олон зөрчил гарсан тул 2022 оны 11 сарын 2-нд түүнийг чөлөөлжээ.[2] Харин 2023 оны 12 сарын 28-нд Үндэсний Аудитын Газрын Ерөнхий Аудиторын орлогчоор томилогдов.

ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн /парламентын дээд танхим/-ын дарга асан Сергей Мироновтой өөрөө найз гэж ярьдаг.

2008 оны УИХ-ын сонгууль

засварлах

Загджав 2008 оны УИХ-ын сонгуульд анх удаа намаасаа нэр дэвшиж өрсөлдсөн. 2 мандат бүхий 21-р тойрог (Хан-Уул, Багануур, Багахангай)-т тэрээр 18,132 хүний буюу 33.71 хувийн санал авч, АН-ын Л.Болдын дараа орсноор УИХ-д сонгогдсон. Гэсэн ч албан ёсны дүнгээр бол түүнээс 5-хан хүний санал дутуу авсан, мөн ижил МАХН-аас нэр дэвшигч Д.Идэвхтэн санал тоолох ажиллагааг будилаантуулсан хэмээн Загджавын эсрэг заргыг СЕХ-нд мэдүүлж байсан ч албан ёсоор шүүхэд хандаагүй тул асуудал намжжээ.

2012 оны УИХ-ын сонгууль

засварлах

Загджав 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөөгүй бөгөөд энэ талаараа "Би өөрөө нэр дэвших сонирхолгүй байсан тул татгалзсан" гэж хэлсэн байдаг.