Дэлгэрхангай уул
Солбицол: 45°14′51″N 104°32′05″E / 45.2473682°N 104.5347695°E Дэлгэрхангай уул нь Дундговь аймгийн тус уулын нэрээр нэрлэгдсэн сум дахь далайн төвшнөөс дээш 1926 м өндөр өргөгдсөн байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутгийн ард олны хүндэлж биширч явдаг хайрхан юм.
Дундговь аймгийн нутагт байх Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Инэл гэдэг нь энгүй их, маш их, их юмны таг гэсэн утгатай үг юм. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий /хэвтэш/ маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг юм.
Дэлгэрхангайн энгэр биед “Тэвш”-ийн хэмээх салбар жижиг уул буй. Түүний Шүүт /Хөшөөт гэсэн үг байж болох/-ын амны зүүн хярд онцгой нууц хонхорт нэгэн том булш бий. Тэр хярын дэргэдүүр их тод улбаа зам байдаг. Их эртний зам байж болохоор санагддаг. Түүнийг одоо “Хүрээ зам” гэдэг юм. Булшнаас зүүн тийш орших бэсрэг хярын орой дээр нэгэн цооног агуй /нүх/ байх бөгөөд доогуураа булштай холбогддог гэсэн яриа байдаг. Дэлгэрхангай уулын лус савдаг нь 20-иод метр урт, ханцуйтай гарын чинээ бvдvvн том могойг гэдэг юм. Тэр могой Тэвшийн ууланд байдаг байж магадгүй гэж нутгийнхан ярьдаг.
Дэлгэрхангай уул төв халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эрт төрийн тахилгатай болсон юм. Нийслэлийн ойролцоох Богд уул л гэхэд бүр сүүлд 1778 онд, Отгонтэнгэр 1779 онд, Хэнтий хан 1818 онд төрийн тахилгатай болсон гэдэг.
Дэлгэрхангай уулыг тахихдаа баатар хүний хөө хуяг, илд мэс, эрхэм хvний хувцас чимэг, суудал ширээ, хэрэгсэл зэргийг өргөдөг байсан тухай брагри ёнзон Дамцагдоржийн “Их газрын эзэн Дэлгэрхангай уулын сан тахилга тус амгалангийн хурыг буулгагч” хэмээх сударт өгүүлсэн байдаг. Дэлгэрхангай уулын ар хөндийд жилийн жилд олон мянган адуу отроор нутагладаг Онгон хэмээн газар бий. Онголсон газрыг тvмэн адуугаар талхлуулсан гэдэг шүү дээ.
Дэлгэрхангай уулын ард Ногоон толгой гэдэг эрт цагаас үхэгсдийг нутаглуулж ирсэн газар бий бөгөөд шарилыг онголоход оролцсон зарц барлагуудыг энд хороосон байж тун магадгүй. Тэвшийн булшнаас хойхно нь Хүрэн зараа гэдэг газар хаадын булш гэж хэд хэдэн том булш байх ба энэ нь бага хаадынх байж болох талтай. Учир нь монгол ёсонд үр ач нарыг ихэсийнх нь дээд (толгой) талд оршуулдаг.