Дуурлиг нарсны дурсгал
Дуурлиг нарсны дурсгал нь Монголын зүүн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгал.
Дуурлиг нарсны дурсгал нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төвийн өмнөх нарсан ойд тархсан Хүннүгийн язгууртны булшнууд юм. Энд нийт 299 булш тоолж бүртгэснээс дийлэнх нь үүдэвч бүхий язгууртны булшнууд ажээ. Дуурлиг нарсны булшнуудыг Хүннү гүрний зүүн жигүүрийн ихэс язгууртны оршуулга хэмээн таамагладаг.
Үүдэвчтэй булшнууд нь хэмжээгээр харилцан адилгүй. Хамгийн том нь оршуулгын газрын зүүн хойд захад байрлах бөгөөд түүний гол байгууламжийн хэмжээ 40х40 м, үүдэвч нь 60 м орчим урттай юм. Үүдэвчтэй булшны жижиг нь 5х5 м орчим хэмжээтэй, 5 м хүртлэх урт үүдэвчтэй байна. Оршуулгын газрын ихэнхи булш 10-15 м, 20-25 м орчим хэмжээтэй ажээ.
Дурсгалт газрыг анх 1974 онд Х.Пэрлээ агсан илрүүлсэн ба 1991 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд анх дэвсгэр зураг, зарим булшны тодорхойлолтыг нийтлэсэн байна. 2006-2011 оны хооронд Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хээрийн шинжилгээний анги дэвсгэр зургийг шинэчлэн үйлдэж, оршуулгын газрын баруун өмнөд хэсэгт байрлах 3 язгууртны булш, 13 жижиг болон дагуул булшийг малтан шинжилжээ.
Дуурлиг нарсны булшнууд харьцангуй баялаг олдвортой юм. Хүрэл гүц, цар, дэнгийн цөгц, толь, чий будагтай аяга, хувцасны чимэг зүүлт, хаш чулуун эдлэл, төмөр хоолны халбага, шүүлтүүр, адуу малын тоног хэрэглэл, сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг олон төрлийн олдворууд илэрчээ. Олдворууд дунд Хятадын Хан улсаас гадна Дундад Ази, одоогийн Афганистаны нутагт хийсэн чулуун сувс зэрэг ховор эд зүйлс байжээ. Мөн 2-р булшийг малтах явцад эрт цагт булшийг тонох үед ашигласан бэхэлгээ модны үлдэгдэл илэрч, түүнээс авсан дээжийн он цаг НТ I зууны төгсгөлд холбогдохоор гарсан нь Хүннүгийн булшийг тонож сүйтгэсэн цаг хугацааг тодруулахад чухал хэрэглэгдэхүүн болсон байна.