Дорнод хятадын төмөр зам
Дорнод хятадын төмөр зам- (оросоор:КВЖД; 1917 оноос өмнө- Маньчжурын зам, 1945 оноос хойш -Хятадын Чанчуны төмөр зам, 1953 оноос Харбины төмөр зам) -БНХАУ-ын Манжуурын нутаг дээгүүр дамжин хойноос урагш Харбин хотыг дайран Ляаодуны хойгийн Порт-Артур боомт хот хүрдэг төмөр замын сүлжээ.
1897 оны 7 сард Дорнод Хятадын төмөр зам барих ажил эхэлсэн бөгөөд Чита – Хайлар – Харбин – Никольск - Уссуринск гэсэн маршрутаар эхлээд баригдсан байна. Албан ёсны замын нээлт 1901 оны 11 сард болсон бөгөөд анхны зорчигчоо Санкт-Петербург-Владивастокийн хооронд тээвэрлэсэн байна.1903 онд барилгын ажил бүрэн дуусч Оросын эзэнт гүрний бүрэн эзэмшилд байж оросууд үйлчилгээг эрхэлж байсан.
Түүх
засварлах1900 онд гадаадынхны хүчирхийллийг эсэргүүцсэн “боксерийн бодлого”-ын үеэр баригдаад байсан төмөр замын ихэнх хэсгийг эвдэж сүйтгэсэн ч богино хугацаанд сэргээн барьж дуусгажээ. 1904-1905 оны дайнд (ер нь энэ дайн уг төмөр замаас болсон гэж үздэг) Орос Японд ялагдсанаар Далянь боомт хүртэлх төмөр зам Японы мэдэлд очив. Октябрийн хувьсгалын дараагаар буюу 1919 онд Зөвлөлт Орос Улс КВЖД-гээс татгалзаж байгаагаа зарласан боловч 1924 онд Хятадтай хамтарч эзэмшихээр дахин тохирсон хэдий ч 1928 онд Жан Сюлинь (Залуу жанжин гэгддэг) КВЖД-г эзэлсэн тул Зөвлөлт Холбоот Улс 1929 онд Хятадын эсрэг байлдааны ажиллагаа явуулж эрхээ дахин сэргээжээ. 1932 онд Япон улс Манжуурыг эзэлж тоглоомын Манж-Го улс байгуулсан бөгөөд Зөвлөлт Холбоот Улс түүнд 1935 онд КВЖД-г 140 сая иенээр заржээ. 1945 онд Зөвлөлтийн Улаан арми Манжуурыг Японоос чөлөөлснөөр уг төмөр замыг Ялтын хэлэлцээрийн дагуу Зөвлөлт-Хятад хоёр хамтран эзэмших болсон байна. 1949 оны 10 дугаар сарын 1-нд Мао тэргүүтэй БНХАУ байгуулагдсаны дараагаар буюу 1952 онд ЗХУ уг төмөр замыг коммунист БНХАУ-ын мэдэлд хоёр талын Хэлэлцээрийн дагуу үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн түүхтэй.
Төмөр зам бүс нутгийн хөгжилд ямар чухал нөлөөтэй гэдгийг Дорнод рятадын төмөр замын /КВЖД/ түүхээс харж болно. Хэрэв 1898 онд Манжуурын хүн ам 7 сая хүрэхтэй үгүйтэй байсан бол 1930 он гэхэд 38 сая болж өссөн байдаг. Төмөр зам хөгжил авчирч зам дагуу олон хот, суурингууд байгуулагдав. Үүний тод жишээ нь гэхэд л дээр дурдсан Манжуур, Хайлаар хотууд юм.
Төмөр зам баригдсанаар Манжуур нь эдийн засаг хөгжлөөрөө Хятадын бусад хэсгээс үлэмж түрүүлэх болсон байдаг. Харин Орос орон өөрийн хязгаар нутгийн хөгжлийг олон жилээр хойш татаж хөрш орондоо түлхүү хөгжих боломж олгосон гэж үздэг юм билээ. Оросын Алс Дорнод хүн ам сийрэг, хил залгаа Манжуурыг бодвол эдийн засгийн хувьд буурай хөгжилтэй хэвээр байна. Гэтэл КВЖД-гийн ачаар байгуулагдсан Харбин хот өнөөдөр 10 сая хүн амтай, аж үйлдвэрийн томоохон төв, тээврийн чухал зангилаа болсон байх жишээтэй.