Дашчойлин хийд
Дашчойлин хийд нь Монгол улсын Улаанбаатар хотод орших Буддын шашны хийд юм. Хийд нь өдгөө мөн Зүүн хүрээ хэмээн нэрлэгддэг. Тус хийд нь Улаанбаатар хотын түүхтэй холбоотой түүхэн дурсгалт газар юм. Монгол гэр хэлбэртэй хийдийн барилгыг циркийн зориулалтаар ашиглаж байв.
1937 оны хэлмэгдлийн их шуурганд хүрээ гучин аймгуудын дугана, лам хувраг, хурал номын хэрэгсэл, бурхан шүтээнүүдийг устган үгүй хийж, нэгэн цагт буян ном, хурал уншилгын дуу тасралтгүй дуурсаж асан газрыг эд хогшилын агуулах, элдэв үзвэр үзэсгэлэнгийн байр болгох зэргээр ашиглаж байсан байна.
Харин ардчилал, шинэчлэлийн үрээр шашин шүтлэг чөлөөтэй болж, бурханы шашин сэргэн дэвжих боломж нээгдэхийн хамт их ламтан Ч.Дамбажав, С.Чадраабал нарын буянтай лам нарын санаачлага, идэвхитэй зүтгэлээр энэхүү 2 аймгийн хуучин дуганы буурь суурин дээр XYII-р жарны цагаан морин жилийн зуны суул сарын шинийн дөрвөний Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 1990 оны 7-р сарын хорин зургааны өлзий буян бүрдсэн сайн өдөр "Өлзий хутгийн номын орон" буюу Дашчойлин хийдийг сэргээн байгуулсан юм. Бурхан багш Шагжаамуний шадар зургаан Архадын нэгэн болох, энэ Халх Монголын орноо Бурханы шашин, номын цагаан гэгээ түр нэгэнтээ бүдгэрч, дахин товрон гэрэлтэн, гийх тэрхүү торгон үед эртний сайн ерөөлийн хүчээр хүрээ хийдүүдийг дахин сэргээн босгох, лам хуврага нарыг заан сургахад их нигүүлсэхүй бодь сэтгэлээр өөрийн биеийн алжаал, өндөр насан сүүдрийн зүдрэлийг үл хэрэгсэн, адистид жинлавын их далай болсон судар, тарнийн гүн нарийн утгат авишиг, даган соёрхол тэргүүтэнг хайрласан, Монгол дахь Энэтхэгийн Элчин сайд Бакула Ринбүүчий багш шинэ хийдэд өргөх яруу сонсголонт агаад утга төгөлдөр нэрийг болгоон "Өлзий хутгийн номын орон" буюу "Дашчойлин" хэмээх алдрыг соёрхсон билээ.
Вангай аймгийн дуган буюу одоогийн Цогчин дуган
Халхын Түшээт хан аймгийн засаг ноён Санзайдорж 1740 онд Их хүрээнээ нэгэн сүм байгуулснаа 1757 он буюу XIII жарны улаагчин үхэр жилд жинхэнэ аймаг болгохоор II Живзүндамба хутагтад айлтгасныг ёсоор болгожээ. Анхлан Жүн ван хэргэмтэй хүн байгуулсан тул Ван гуайн аймаг хэмээн нэрлэж байсан нь хожим сунжирсаар Вангайн аймаг гэх болжээ. Одоо уг дуганд өдөр тутмын цогчин хурал, сүсэгтэн олны айлтгасан хурал хурж байна.
Эрхэм тойны аймаг буюу одоогийн Сахиусны дуган
Түшээт хан аймгийн засаг ноён Цэмбэлдоржийн гуравдугаар хөвгүүн Рампилдорж эцгийн хэргэмийг залгамжилж арван жил болсны дараа 1737 онд өвчний учир засгаас байлгагдан сахил хүртэж тойн болоход Данзаняримпил хэмээх алдар хүртжээ. Эл тойн авга ах Өндөр гэгээн, өвөг Сидшир, эцэг Цэмбэлдорж нараас уламжлагдсан бурхан шүтээнийг нэгтгэн байнгийн хуралтай сүм байгуулсан учир II Богд Живзүндамбаас түүнд Эрхэм тойн цол соёрхож байгуулсан сүмийг нь Эрхэм тойны аймаг хэмээн нэр хайрлажээ. Одоо уг дуганд сар улирлын жасаа хурал, сахиус болон чого хурлуудыг хурж байна.
Ганданчойнхорлин дуган
2000 онд тус хийдийг дахин сэргээсний арван жилийн ойг тохиолдуулан Ганданчойнхорлин буюу Төгс баясгалант номын хүрдэн дуганыг шинээр барьж нээсэн билээ. Ганданчойнхорлин дуган нь бусад хоёр дугантай адил үндэсний уран барилгын гэр хэлбэртэй бөгөөд үндсэн гол дуганыг тойруулан хурал номын айлтгалыг хүлээн авах газар, хийдийн захиргаа, мөн тус хийдийн дэргэдэх “Зүүн хүрээ” коллежийн багш нарын болон Буддын соёл судлалын өрөө, хичээлийн 4 танхим зэрэг өрөө тасалгаанууд байна.
Одоо Зүүн Хүрээ Дашчойлин хийд нь нийт 100 орчим ламтай, дэргэдээ шашны болон нийгмийн ухааны боловсрол мэргэшил олгох сургууль, судалгааны хүрээлэнтэй, хурал ном, сургалт, судалгаа шинжилгээ, эрүүл мэнд, хүмүүнлэг, байгаль хамгаалалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон шашны байгууллага болж хөгжин билээ. Мөн тус хийд нь гадаад харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч дотоод гадаадын, олон улсын хүмүүнлэг, боловсролын болон шашны байгууллагуудтай нягт харилцаатай хамтран нийгмийн хариуцлагатай ажиллаж байгаа болно.
Түүх
засварлахӨндөр гэгээн 1651 онд өргөөнийхөө зохион байгуулалтыг өөрчлөн төвдийн Жамъянцорж Брайбун хийдэд байгуулсан адилаар Андуу нарын, Жасын, Сангай, Зоогоо, Хүүхэн ноёны, Дархан эмчийн, Өрлүүдийн долоон аймгыг анхлан үүсгэн гаргаад, хоёр жилийн хойно буюу 1654 онд Хэнтий уулын өвөрт Ривогэжайганданшаддублин хэмээх Их хүрээг байгуулжээ.Энэхүү хийд хүрээ нь тоосго, модоор 27 жилийн турш баригдсан боловч 1680 онд Халх-Ойрдын үймээний хөлд үрэгдсэн тул 1706 онд дахин сэргээн босгосон байна. Улмаар Их хүрээний аймгууд дараалан байгуулагдаж 1772 онд номын хүрээг Хүй мандалд буурь сэлгэн буухад 13 аймаг байсанаа 1795 онд 27 болтлоо өсчээ. Хожим XIX зууны эцэс, XX зууны эхээр дахин гурван аймаг тухайлбал хүрээний хамгийн отгон аймаг болох Эх дагины аймаг 1903 онд байгуулагдсанаар их хүрээ нийт гучин аймагтай болсон билээ.1707 онд хүрээ хамбын тушаалыг бий болгож, 1723 онд түүнд тусгай тамга олгожээ. Мөн Их хүрээнээ 1739 онд тарнийн ухаан судлах Дэчингалав дацан, 1756 онд цанид, чойрын гүн ухаан судлах Дашчоймбэл дацан, 1759 онд Жүд дацан, 1760 онд Эмч нарын дацан, 1789 онд Зурхай дацан, 1809 онд Гунгаачойлин дацан, 1806 онд Бадамёго дацан, 1834 онд Майдрын дуган, 1838 онд Гандантэгчинлин сүм, 1844 онд Ламрим дацан, 1910 онд Идгаачойнзинлин дацанг тус тус байгуулжээ. Үүний зэрэгцээ Очирдарь, Нар хажод, Дарь эхийн сүм тэргүүтэн олон тооны мөргөл шүтээний сүм, дуган ч тасралтгүй баригдсаар байсан байна.Их хүрээний дацан, сүм дугануудын барилга нь төвд, хятад, монгол маягын буюу эдгээрийн холимог хэлбэр, загварыг чадмаг хослуулан баригдсан байлаа.
Их хүрээ нь үндсэндээ Зүүн хүрээ ба Гандан гэсэн хоёр хэсэг дүүрэгт хуваагдаж байсан бөгөөд хүрээний баруун хэсэг болох Далхын дэнж хэмээгдэх Ганданд Буддын гүн ухааны гурван их дацангууд, Y Богд Живзүндамба хутагтын байгуулсан сүм, 80 тохой Жанрайсэгийн сүм зэрэг байрлаж байв.
Зүүн Хүрээний хурал номын үйл ажиллагаагааг 1990 оны 7-р сарын 26-ны өлзий буян бүрдсэн сайн өдөр дахин сэргээж тухайн үеийн Энэтхэгийн элчин сайд Бакула ринбүчэ багш "Өлзий хутгийн номын орон" буюу "Дашчойлин" хэмээх алдрыг соёрхсон билээ.