Дашдондогийн Цамбахорлоо
Боржигон Дашдондогийн Цамбахорлоо (1940-1997) нь хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин байв.
Намтар
засварлахД.Цамбахорлоо 1940 онд Архангай аймгийн Булган сумын Мухарын ам хэмээх газар малчин ард Сэрээтэрийн Дашдондогийн отгон хүү болон мэндэлжээ. 1959 онд Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг төгсөөд УБДС-ийн орос хэл, биеийн тамирын факультетийг 1968 онд төгсөж, 1968 оноос МУИС-д лаборант багш, 1970 оноос Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн сургуульд багш, 1974 онд Дархан хотод шилжин ирж БТМС болон АУДуС-д багш, 1976 оноос хойш Дарханы спортын хороонд хүндийн өргөлтийн дасгалжуулагч, ЕБ-ийн 17-р сургуульд биеийн тамирын багшаар тус тус ажиллаж байв. 1978-1981 онд Спортын улсын хорооны томилолтоор Архангай аймгийн Спорт хорооны даргаар ажиллах хугацаанд тус аймаг анх удаагаа МБАТ-ий V спартакиадад 3-р байр эзэлж хүрэл медаль 15000 төгрөгөөр шагнуулж байв.
Амжилт
засварлахУБДС-д оюутан байхдаа тус сургуулийн биеийн тамирын багш У.Бямбаагийн удирдлага дор хүндийн өргөлтийн секцэнд орж улмаар 1960 онд улсын шигшээ багийн тамирчин болсон. 21 насандаа МБАТ-ий анхдугаар спартакиадад оролцож анхны хүрэл медалиа хүртэж, 1964 онд спортын мастер, 1993 онд ОУХМ цол хүртсэн Архангай аймгийн хүндийн өргөлтийн анхдагч спортын мастер байв.[1] Тэрээр хүндийн өргөлтийн спортын Монгол улсын рекордыг 42 удаа шинэчлэн тогтоосон байна. 1962 онд Алма-Ата, 1966 онд Душанбе, 1969 онд Варшав, 1995 онд Улаан Үдэд болсон ОУ-ын тэмцээнд амжилттай оролцож шагналт байруудад орж байжээ.
Гэр бүл
засварлахТэрээр Л.Оюунцзцзгтэй ханилан сууж 8 хүүхдийн аав болсон. Түүний нэг хүү Ц.Энхтүвшин спортын мастер, ач хүү Э.Баатархүү нь cпортын 1-р зэрэгтэй, 3 үеийн тамирчин гэр бүл юм. 2001 онд Хүндийн өргөлтийн холбоо, ахмад тамирчдын санаачилгаар Дархан хотод Д.Цамбахорлоогийн нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулахад ач хүү Э.Баатархүү 75 кг-ийн жинд алтан медаль, 2008 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 77 кг жинд алтан медаль, 2009 насанд хүрэгчдийн улсын аваргын 77 кг-д мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтаар гараагаа эхлүүлж өдгөө Монголын хүндийн өргөлтийн спортын дэд мастер болсон байдаг.
Биеийн тамирын хөгжилд оруулсан хувь нэмэр
засварлах"Тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтын үед асгарсан хөлс тамирчин хүний амжилтын үндэс мөн" гэж шавь нартаа байнга захиж сургадаг, орос хэл дээр ном товхимол уншиж, судлан /Тяжёлая атлетика номыг орчуулж байсан/, ”Тамирчны сэтгэл зүй”, “Сурагчдад биеийн тамир заах арга зүй”, “Хөдөлгөөн эрүүл мэндийн үндэс”, “Бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох нь”, “Цанын баазын зохион байгуулалт”, “Тамирчдын хооллолт, дэглэм”, “Спортын байгууллагын удирдлага зохион байгуулалт” зэрэг сэдвээр өгүүлэл бичиж байв.
Мөн Д.Цамбахорлоо өөрийн санаачилгаар 1980 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод Булган уулын баруун талд иж бүрэн цанын бааз барьж байгуулсан нь тухайн үед Цэцэрлэгчүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Хүндийн өргөлтийн улсын уралдаан тэмцээнд багаараа тогтмол эхний 3 байр эзэлдэг байсан нь түүний хөдөлмөрч, ажил мэргэжилдээ туйлын дур сонирхолтой сэтгэлээсээ ханддаг байсныг гэрчилнэ.
1965-1970 оны үед зөвлөх багшаар ажиллаж байсан ЗХУ-ын спортын мастер, олимпын аварга Воробьев багш нь Д.Цамбахорлоог: <<Бэлтгэлээ хийж байхдаа Цамбын зүрх “как мотор” гэж хэлдэг байлаа>> хэмээн тэрээр дурсан ярьдаг байлаа. Д.Цамбахорлоо биеийн тамир спортод бие сэтгэлээ харамгүй зориулсан, шавь нартаа хатуу шаардлага тавьдаг ч өрөвч зөөлөн, тухайн үед “хулигаан” хэмээгдэж байсан хэцүү хүүхдүүдийг өөрөөсөө холдуулахыг бодолгүй спорттой холбож зөв замд нь оруулж байсан түүхтэй. Түүнчлэн өсвөр үеийнхний бие бялдрын хүмүүжлийн асуудлыг чухалчлан үзэж асуудал дэвшүүлэн, судалгаа хийж түүнийг амьдралд хэрэгжүүлж, олон улсын хэмжээний болоод улсын мастеруудыг төрүүлж, Монгол улсын биеийн тамир, спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Тэрээр зодог тайлахдаа "Хөдөлдөггүй бие тогтмол устай адил" хэмээн залуучуудад хандаж хэлсэн байдаг.
Эшлэл
засварлах- ↑ Түүхч философич Рэгсүрэн. "Архангайн түүх"