Дархан сум буюу Ахай бэйсийн хошуу нь анхлан XYIII зууны үед буй болсон юм. Ахай бэйсийн хошууны нутаг нь Хэвт ёсны тэргүүн /1908/ оны байдлаар хойгуураа Баян-Эрхтий, Хэрлэнгийн тохой, зүүгээрээ Баянбулаг, Язаар Эрэгнэг, өмнүүрээ, Холбоо хонгор, Бор-Өндөр, Яргайт, Бумба-Ус зэрэг газраар хиллэхийн дээр нутгийнхаа дөрвөн талд Баян-Эрхтий, Баянбулаг, Баян Ноён, Баян Хараат хэмээх “Баян” гэсэн нэр бүхий уул устай хойш урагшаа зууван “Хонины өвчүү” хэлбэрийн газартай байжээ.

Дархан сум
ᠳᠠᠷᠬᠠᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Хэнтий
Газар нутаг
  Нийт4,455 км2 (1,720 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,124
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Сэцэн хан аймгийн Ахай бэйсийн хошууныхны дээр үед Хардал бэйсийн хошууныхан хожим нь Боржигон Сэцэн вангийн хошууны харъяат болоод сүүлд биеэ даасан хошуу болоход Боржигон Сэцэн вангийн хошууных болон өөр нутгаас шилжин ирсэн хүмүүсээр бүрдэл болжээ. Энэ байдал нь тус хошууны отог, овгийн бүтцээс харагдана.

Ахай бэйсийн хошууны харъяат ардын нэг хэсэг нь Халхын Түшээт Хан аймгийн Дайчин бэйсийн хошуунаас /одоогийн Дундговь аймгийн Адаацаг сумаас/ XYIII зууны сүүлчээр нүүдэллэн ирж суурьшсан байна. Тэгээд ч тэдний удмынхныг “Цоохорынхон” гэдэг байжээ.1690-ээд оны сүүлчээр Манжаас Халх, Өөлдийг дайчлах үед Галдан Бошигт Хан Дархан уулын газар байрлаж ахуйд Түшээт Хан аймгийн говийн хошуунаас дайчлагдсан цэргийн ардын үлдэл нь сайхь Цоохорынхон болно.

Харин дурьдсан газар урьд оршиж агсан Сэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн /Бишрэлт засгийн/ хошууны харъяат нь энэ нутгаас зүүншилж Галшар хэмээх газар нутаглаж суужээ. Тиймээс ч Хардал бэйсийн хошууныхан шөнийн цагаар ирж /нууцаар/ өөрсдийн өвгөд, дээдсийн шүтээн Дархан уулыг тахиж сүлд хийморь, заяа буянаа даатгадаг заншилтай байжээ. Ингэхлээр Ахай бэйсийн хошууны уугуул иргэд нь Боржигон, Халх, Баягуд зэрэг овгийн хүмүүс болохоор байна. б. “Дархан” овогт хошуу, сум.

1921 оны Ардын хувьсгалаас хойшхи нутгийн захиргааг өөрчлөн шинээр аймаг, хошуу, сумыг зохион байгуулахад 10 өрхөөр нэг баг, 150 өрхөөр нэг сум зохиож, арванаас багийн захиргааг, багаас сумынхныг, сумаас хошуу захиргааг, хошуудаас аймгийн захиргааг тус тус сонгон байгуулах болгожээ.

Тэр ёсоор Манжийн ноёрхлын үеэс нэрлэж ирсэн Халхын дөрвөн аймгийн нэрийг өөрчлөхөд мөнөөхөн Сэцэн Хан аймгийн Ахай бэйсийн хошууг газрын нэрээр Хан Хэнтий уулын аймгийн Дархан уулын хошуу хэмээх болжээ. Тус хошуу нь 1923 оны 6-р сард 4 сум, 12 баг, 58 арван болж, 579 өрх 2571 хүн амтайгаар байгуулагдсан байна. Тэр үеийн сум нь: 1. Билгэх сум /занги нь Мишиг/ 2. Мандал сум / занги нь Сэрээтэр/ 3. Ноён Баян сум /занги нь Сэвжид/ 4. Чандмань сум /занги нь / байжээ. Үүний дараа тус улсын хүн ам цөөтэй зарим хошуудыг татан буулгаж өөр хошуудтай цомхтгоход Дархан уулын хошуу нь 1928 онд Дашбалбар уулын хошуунд нэгтгэгдсэн байна. Хуучин үеэс эхлэн удаан хугацаагаар уламжлан ирсэн аймаг, хошуу, сумын нутаг дэвсгэрийн хуваарийг бүрмөсөн өөрчилж, эдийн засгийн талаар тус орны нутаг дэвсгэрийг нь ангилан хувааж, хүн амын байршил, ард олны аж байдалд зохицуулан шинээр 13 аймаг байгуулсан 1931 оны үед Хан Хэнтий уулын аймгийн зохион байгуулалтанд өөрчлөлт орж, тус аймаг, Хэнтий, Дорнод гэсэн хоёр аймаг болоход Хэнтий аймгийн 28 сумын бүрэлдэхүүнд Дархан уулын хошуу нь Дархан, Мандал гэсэн хоёр сум болсон байна. 1930 онд хуралдсан тус аймгийн хошуудын төлөөлөгчдийн анхдугаар хурлын тогтоолын дагуу 1931 оны 4-р сарын 29-нд Бор хужир гэдэг газарт Дархан сумыг эмхлэн байгуулах шийдвэр гарчээ.

Чингээд 1932 оны үед Дархан суманд Оцолсансар уулын хошууны 200 өрх ирж Буйлан гэдэг газар нийлснээр Дархан сум 13 багтай болсон бөгөөд сумын төв нь нүүдэллэсээр 1937 онд Эрэгнэгт, 1938 онд Шавартайд, 1939 онд Дархан уулын зүүн өмнө биед Мэргэн хошууны баруун сугад одоогийн энэ газарт төвлөрчээ.

Дархан сум нь 1956 оны 8-р сарын 1-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Баянмөнх сумтай нийлж, 1957 оны 8-р сарын 1-нд дахин бие даасан сум болон байгуулагджээ. Одоо Дархан сум нь засаг захиргааны 5 багтай, 2000 орчим хүн амтай, 189759 толгой малтай байна.

ХОЁР. ГАЗАР ЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ

засварлах

а. Газар зүйн байрлал:

засварлах

Дархан сум нь Монгол Улсын зүүн хэсэгт, Хэнтий аймгийн баруун өмнөд хэсэгт, нийслэл Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төв Өндөрхаан хотоос 145 км, Бор-Өндөрийн УБҮ-ээс хойш 45 км зайд Дархан уулын зүүн талд оршино. Хойд талаараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумтай 23 км, зүүнээрээ мөн аймгийн Баянмөнх сумтай 79 км, зүүн өмнөдөөрөө Дорнîговь аймгийн Иххэт сумтэй 66 км, баруун өмнөдөөрөө Дорнîговь аймгийн Даланжаргалан сумтай 74 км, баруун талаараа Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумтай 72 км газраар тус тус хиллэдэг. Нийт хилийн шугамын урт нь 314 км байна. Сумын нутгийн хилийн дагуух газар усны нэрсийг хойд захын цэгээс нар зөв тойруулан нэрлэвэл: Зараа булан, Хэрлэн голын урд эргээр уруудсан, Дээд Хадан хошуу /1148.4/, 1191.1 тоот, Хунт нуурын баруун хойд эрэг /1136.6/, Ар Шандны худаг, Хуцын Хэц /1307.7/, Нарийн нуурын урд үзүүр, Босгон нуурын зүүн үзүүр, Талын худаг, Эрэгнэг уул 1298.0 тоот, Балцангийн Хар Өндөр, Цагаан Өндөрийн Овоо /1389.7, Хаяа худаг, Зүрх Овоо /1368.9/, Дэрсэн усны худаг, Дунд Мандал Овоо, Нөмрөг, Баруун Мандал Овоо /1228,3/, Үнэгтийн гашууны булаг, Үнэгтийн худаг /1231,1/, 1276,8 тоот, Далантүрүүний булгийн хойт хүүхдийн хөшөөтэй толгой, Далан түрүүний амралтын баруун хойд овоотой толгой, Холбоо /1529.1/, Идэр /1500,2/, Дэвтээрийн Овоон Шанд /1597,0/, Хараат /1411,7/, Цайдам нуурын хойд үзүүр, Яргай Өндөр /1545,3/, Дэндгэр Шарга 1353,7 тоот, Хөтөл, Зүүн Овоот /1306,0/ Замын Шанд, Хөл нуурын зүүн булан, Цагаан толгой, Сүмт Овоо, 1261,7 тоот, 1245,7 тоот, Зараа булан гээд нийлдэг.

б. Дархан сумын нутгийн төв цэг:

засварлах

ХӨ 3407811411, ЗУ 7206811211-ын солбицолд оршиж байна. Хойд захын цэгээс өмнөд захын цэг хүртэл 96 км, баруун захын цэгээс зүүн захын цэг хүртэл 79 км байна. Дархан сумын төв нь далайн төвшингөөс дээш 1187,3 метрийн өндөрт оршиж байдаг.

в. Нутаг дэвсгэр, засаг захиргаа:

засварлах

Дархан сум нь 445482 га буюу 4454,8 км2 нутаг дэвсгэртэй. Үүнээс: 1. Хөдөө аж ахуйн газар – 409052 га: Үүнээс: Бэлчээрийн газар 379399 га, Хадлангийн газар 29451 га, Тариалангийн газар 202,0 га ба үүнээс ашиглаж байгаа талбай 30 га, атаршсан талбай 172 га байна. 2. Хот, тосгон суурины газар – 20033 га: Үүнээс: Барилга байгууламжийн дэвсгэр газар 853,5 га, Нийтийн эдэлбэр газар 436,0 га, Гэр хорооллын газар 664,5 га, Ашигт малтмалын уурхайн дэвсгэр газар 18079 га байна. 3. Зам, шугам сүлжээний газар – 2339 га: Үүнээс: Шугам сүлжээний газар – 428,0 га, Авто замын газар 1698,0 га, Төмөр замын газар 213,0 га байна. 4. Усан сан бүхий газар 14058 га. Үүнээс: Гол мөрний эзлэх талбай 13800 га, Нуур тойрмын эзлэх талбай 61,0 га, Булаг шандны эзлэх талбай 197,0 га тус тус байна. Дархан сум нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр аймгийнхаа 17 сумаас 7-р байранд ордог. Энэ нь аймгийн нутаг дэвсгэрийн 4,41%-ийг, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0,28%-ийг тус тус эзэлдэг. Сум нь засаг захиргааны хувьд 5 багт хуваагддаг. Үүнд: Дотуур булаг /1-р баг/ Хараат /2-р баг/ Шажин /3-р баг/ Мэргэн хошуу /4-р баг/ Бор-Өндөр /5-р баг/ зэрэг болно. Бор-Өндөрөөс 35 кв-ын цахилгаан дамжуулах шугамаар төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. Улаанбаатар-Чойр, Замын Үүдийн мянганы хатуу хучилттай зам нь нутгийн баруун талаар 100 км-ын зайтай өнгөрдөг.

г. Газрын гадарга:

засварлах

- Тус сумын газрын гадарга нь далайн төвшингөөс дээш 1148,1-1715 метрт өргөгдсөн. Газрын гадаргын хувьд намхан ухаа, гүвээтэй тал нутаг зонхилох ба нийт нутгийн гадаргын байдлаар нь: Уулархаг гадарга, Нам уулсуудын хоорондох тэгш тал, Хөндийн тэгш гадаргууд гэж ангилна. Уулын гадаргууд 1100 м-ээс дээш өргөгдсөн нам толгод, уулархаг газрууд орно. Харин уул хоорондын өргөн хөндий тэгш талууд нийт талбайн 50 гаруй хувийг эзэлдэг. Хамгийн өндөр цэг нь Дархан уул далайн төвшингөөс дээш 1715 м, хамгийн нам цэг нь Хэрлэн голын сав газар далайн төвшингөөс 1148,1 м болно.

д. Уур амьсгал:

засварлах

Тус сумын нутаг эрс тэс эх газрын уур амьсгалтай бөгөөд агаар нь хуурайвтар, хур тунадас бага унадаг, өвөл нь хүйтэн, жилийн ба хоногийн температурын хэлбэлзэл их байдаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 8-13 градус байдаг ба олон жилийн дунджаар 1,5 градусаар дулаан байна. Жилд дунджаар 200 орчим мм тунадас унадаг. Нутгийн ноёлох салхи баруун хойноосоо ихэвчлэн салхилдаг ба хамгийн их салхи шуургатай үе нь 3, 4, 5-р сар юм.

е. Ус зүй:

засварлах

Тус сум нь гадаргын усан хангамжаар муу, ихэвчлэн газрын гүний усыг ашигладаг. Гол мөрөн. Сумын хойд талаар баруунаас зүүн тийш өөрийн аймгийн Дэлгэрхаан сумтай 23 км-ээр хиллэн урсаж өнгөрдөг Хэрлэн гол байна

Булаг шанд:

засварлах

Сумын нутаг дэвсгэрт Дотуур булаг, Шавартай, Бор хужир, Далантүрүү, Бөөрийн булаг, Зараагийн гэзэгийн булаг, Ходойн булаг, Бага булаг, Баянбулаг, Ноён булаг, Боонгын булаг, Дэвтээрийн булаг зэрэг тачир устай 31 булаг шанд байдгаас байгаль цаг агаарын хувьсан өөрчлөлтийн улмаас жил ирэх тутам ширгэн усгүй болсоор байна.

Нуур тойром:

засварлах

Цайдам, Нарийн, Бүрд, Аман хужирын, Шар нуур, Хужирын хонхор зэрэг сумын хэмжээнд 17 нуур тойром байдгаас одоогийн байдлаар 9 нуур тойрмоос бусад нь ширгэн усгүй болсон байна.

Рашаан ус:

засварлах

Тус сумын 2-р багийн нутаг Бөөрийн рашаан, баруун Далантүрүүний рашаан, 3-р багийн нутаг Цахарын рашаан, Дархан ууланд буй Дусалдаг, Дотуур булгийн рашаанууд нь ходоод, гэдэс, бөөр, мэдрэл зэрэг өвчнүүдэд сайн, нутгийн иргэд хэрэглэж ашигласаар иржээ. Мөн сумын хэмжээнд гүний, инженерийн, энгийн зэрэг 110 гаруй худаг уст цэг байдаг.

ё. Тахилгат уул.

засварлах

Тус суманд тахилгатай их, бага уул, овоо олон байсан байна. Үүнд: Дархан уул 1715 м, Доргонт уул 1332,4 м, Хангай уул 1543,9 м, Хүйх уул 1293,6 м, Өлгий уул 1617,7 м, Майхан уул 1689 м, Эрэгнэг уул 1526,6 м, Буйлан уул 1530 м зэрэг 20 орчим уул байна.

Сумын нутаг дэвсгэрт тархсан хөрсийг шинж чанар газар зүйн байршил хөрс үүсгэгч нөхцөлөөр нь: 1.Долгиорхог тал, хээрийн ба өргөн хөндийн хөрс 2.Голын хөндийн, нугын хээршсэн хөрс 3.Уулархаг, уулын хөрс 4.Хээрийн элсэрхэг, хүрэн хөрс гэж хуваана. Долгиорхог хээр талын ба өргөн хөндийн хөрс зонхилох хувийг эзэлнэ. з. Ургамал: Тус сумын нутаг ботаник газар зүйн мужлалаар дээгүүр, Монголын хээрийн тойргийн Нялгын районд хамаарна. Уулын хээрт: Цахилдаг, алаг өвст, хиаг-хялганат, бужмаг, хонгорзул, улалж, бут бударгана, харгана, халгай, буурцагт өвсний төрөл зонхилно. Тал хээрт: Үетэн хялганат, хазаар өвс, хиаг-хялганат, шарилж, лууль, дэрс болон амт чанар, шимт сайтай үетэн, буурцагт, алаг өвсний төрлийн ургамал зонхилно. Мөн гол, булаг, нуур тойрмын хөвөөгөөр хиаг, хазаар өвс, салхин ерхөг, дэрс, харгана, адамсын агь, хэрс зэрэг ургамал ургадаг ба сумын урд говирхог талаараа таана, мангир, хөмүүл, ерхөг, үетэн хялганат, алаг өвс, жижиг бутан үетэн, ботуульт ургамал зонхилон ургадаг байна. Сумын нийт бэлчээрийн 4,5 хувь нь цэвэр бэлчээр, 59 хувь нь сөөгт бэлчээр, 22 хувь нь чулуурхаг бэлчээр, 14,5 хувь нь довонтой бэлчээр байна. Эмийн ургамлаас: Юлдэн тарваган шийр, өргөст сарнай, нохойн хошуу, говийн ганга, таван салаа, царван, хөх дэгд, шар дэгд, цөс өвс, арц, банздоо, бошго, сөд, соргол зэрэг олон зүйлийн эмийн ургамал ургадаг. Жимс: Жимсний төрлүүдээс Дархан ууланд мойл ургадаг.

и. Ашигт малтмал:

засварлах

Дархан сум нь ашигт малтмалын төрлөөр арвин, нөөц ихтэй нутаг юм. Үүнд: Бор-Өндөрийн УБҮ, түүний үйлдвэр уурхайн эдэлбэр газар, үүнээс томоохон бүлэг ордод Адаг, Бор Хужир, Дэвтээр, Цагаан-Өндөр, Шивээн Цагаан-Өндөр, Хажуу-Улааны хайлуур жоншны орд газрууд, Баргилт, Хөх Овоот, Хөх Өндөрийн бүлэг төмрийн хүдрийн орд газрууд, Зүүн, баруун, Дунд Мандал зэрэг нүүрсний орд газрууд тус тус орно. Мөн эдгээр орд газруудаас судалгааны явцад зэс, мөнгө, хар тугалга, цайрын эрдэсжсэн зэрэг өнгөт металлын цэгүүд тогтоогдсон байна. Дээрхи ашигт малтмалыг түшиглэн Бор-Өндөрийн УБҮ ажиллаж байна. Одоогийн байдлаар сумын хэмжээнд ашигт малтмалын үйл ажиллага явуулах 49 аж ахуйн нэгжийн 64 тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй газрын нийт хэмжээ нь 64722 га байгаа нь сумын нутаг дэвсгэрийн 14,5%-ийг эзэлж байна.

й. Ой мод

засварлах

Дархан сум нь тал хээрийн бүсэд оршдог тул ой мод байхгүй ч Дархан уулын зарим ам, жалга, булгийн эхэнд хайлаас мод ургана. Мөн 3-р багийн нутаг Ар Бургас гэдэг газар 12.0 га газрыг хамарсан бургас, хайлаасан төгөл байдаг. Сумын хойгуур урсдаг Хэрлэн голын хөвөө, хөндийгөөр бургасан шугуйтай. Энэ нь 2000 гаруй га газрыг хамарна.

н. Ан амьтан:

засварлах

Дархан сум нь амьтны аймгийн төрлөөр баян нутаг билээ. Агнуурын ан амьтан. Чоно, үнэг, хярс, бор туулай, дорго, хүрнэ, мануул, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан элáэг тааралдах ба сүүлийн жилүүдэд байгалийн хувьсан өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас тарвага, цагаан зээр зэрэг агнуурын ан амьтад эрс ховордсон байна. Ховор ан амьтан: Дархан ууланд 1980-аад оны эхээр буга согоо, аргаль угалз нутагшиж ирсэн ба ховор ан амьтны төрөлд орох гозоорой зурам нь мөн ууланд элбэг тааралдана. Аргаль угалз нь сүүлийн арваад жилд Дархан уулаас Эрэгнэг уул, Ноён Баян уул, Адагийн уулнуудад тархан нутагшиж тоо толгой нь өсөж байна. Одоогийн байдлаар буга 20 гаруй болж, аргаль хонины тоо толгой 200-д хүрчээ. Жигүүртэн шувуу: Махчин шувууд: Энэ төрлийн шувуудаас Дархан сумын нутаг дэвсгэрт бүх төрлийн бүргэд, шилийн сар, идлэг шонхор, начин шонхор, зээрд шонхор, тас, элээ, шар шувуу зэрэг шувуудаас гадна ховор шувуу болох ёл нь Дархан ууланд үзэгдэх болсон байна. Усны шувууд: Тал хөндийгөөр Монгол Улсын улаан номонд орсон нэн ховор Гангар хун, Хар тогоруу, Цэн тогоруу болон овогт тогоруунууд тааралдах ба Хэрлэн гол, нуур тойрмын хөвөө орчимд галуу, нугас, ангир, хун овогт тогоруу зэрэг усны шувууд элбэг байна. Бусад элбэг шувууд: Хөхвөр тагтаа, соотон гуйвалга, хотны бүгээхэй, хэрээ, бөвөөлжин өвөөлж, болжморууд, монгол божрог, улаавар бужмар, ногтруу, тольт дунхай зэрэг шувуудаас гадна агнуурын шувуудаас дагуурын ятуу, цагаан ятуу, тоодог шувууд тааралдана.

л. Тусгай хамгаалалттай газар нутаг:

засварлах

Сумын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутаг 10 байна. Үүнд: 1.Аймгийн Тусгай хамгаалалттай газар нутаг: 1-р багийн нутагт буй Дархан уулын 28600 га газрыг 2005 онд 2.Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг: 2005 онд: 1-р багийн нутаг Хэрлэн голын ай савын 13800 га газрыг, 2-р багийн нутаг Ноён, Баяны үргэлжилсэн уулсын 22500 га газрыг, 3-р багийн нутаг Эрэгнэг уулын 9000 га газрыг. 2006 онд: 1-р багийн нутаг Бүрд нуурын 1000 га газрыг, 2-р багийн нутаг Бөөрийн булаг рашааны 1000 га газрыг, 2-р багийн нутаг Талын Хөшөөтийн Түрэгийн үеийн чулуун хөшөөний 1 га газрыг, 3-р багийн нутаг Ар Бургач, Чандмань элсний сав орчмын 15000 га газрыг, 2007 онд: 1-р багийн нутаг Аман хужирын нуурын 2500 га газрыг, 1-р багийн нутаг Доргонт уул, Цайдам нуурын сав орчмын 10000 га газрыг тус тус тусгай хамгаалалтанд авсан байна. Эдгээр Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн нийт хэмжээ 103400 га байгаа нь сумын нутаг дэвсгэрийн 23,2%-ийг эзэлж байна. Дээрхи Тусгай хамгаалалтанд авсан газруудаас Дархан уул, Хэрлэн голын сав газар нь байгалийн иж бүрдэл болсон унаган төрхөө алдаагүй, байгаль ландшафтын гайхамшигт хослолыг бүрдүүлж, биологийн төрөл зүйл болоод экологийн тэнцвэрт байдлаа хадгалсан онцгой нөлөө бүхий газар нутаг юм. Эх болсон газар орноо хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал хүчин зүйлийн нэг нь орон нутагт буй ач холбогдол бүхий газар нутгийг Тусгай Хамгаалалтанд авах явдал юм.

Гурав. ТҮҮХТ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛС

засварлах

Дархан сумын нутаг нь эртнээс түүхт газар билээ. Тэдгээрээс заримыг нь дурьдвал тус сумын зүүн урд байдаг Чандмань элснээс задын чулуу, хүрэл зэвсгийн үеийн сум, эдлэл олддогийн дээр сумын баруун урдуурх говирхог газраар цахиур зэв, чулуун зэвсгийн үлдэцүүд элбэг тааралддаг хийгээд Хэрээгийн ногоон толгой дахь хадны зураг сэлт нь чулуу, төмөрлөг зэвсгийн үеэс энэ газар хүн оршин сууж байсныг гэрчилнэ. Түүнчлэн Ходой хэмээх газар хүн бүхий чулуун хөрөг, Талын Хөшөөт гэдэг газар байгаа хөшөө чулуу нь VI-Х зууны үед Монгол оронд оршиж байсан Түрэг угсаатны түүхийн дурсгал болно. Энэчлэн Ходой гэдэг газарт хүн чулуу байгаа нь эртний Түрэг угсаатны шүтдэг “Худай” тэнгэрийн нэртэй ч холбоотой байж магадгүй гэж түүхчид үздэг байна. Түүнчлэн тахилгатай их, бага уул овоо 20 орчим байгаа нь эртний Монголчуудын уул усаа шүтдэг байсан заншлын үлдэгдэл юм.

Дархан, Эрэгнэгийн уулнаа Монголын эрт хожуу үеийн гэгдэх булш, бичигт хад чулуу тааралддаг. Хожуу үеийн түүхийн дурсгал болох шарын шашны сүм хийдийн туурь, байшин барилгын үлдэгдэл, их замын мөр мэт нь нилээд байхын гадна бичиг түүх болон хүн амаар уламжлагдан ирсэн орон нутгийн мэдээ захиа, үлгэр домог, шүлэг зохиол бий.

а. Хүн чулуу: Тус сумын 1-р багийн нутаг Ходой гэдэг газар шаргал боржин чулуугаар хүний бүтэн биеийг дүрсэлсэн хүн чулуу бий. Хүн чулууны толгой хагарч алга болсон ба Монгол нутагт тааралддаг Түрэгийн үеийн хүн чулууны хийц загвартай, цаг үе, учир холбогдол нь өнөө хэр тодорхой бус түүхийн дурсгал юм. Мөн 2-р багийн нутаг Талын Хөшөөтийн Түрэгийн үеийн чулуун хөшөө, 3-р багийн нутаг Ногоон уулын /толгой/ Хүннүгийн үеийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг өнөө хэр судлагдаагүй түүхийн дурсгал олон байна.

б. Сүм, орон хийд: Ахай бэйсийн хошуу хийд болон Гачидын дацан, Зүүн зангийн жас, Хараатын сүм зэрэг багаахан хийд дацан олон байжээ. Гол хошуу хийд нь Дархан уулын зүүн дор Цээлийн дэнж хэмээх /1787/ газар байсан Ахай бэйсийн хошуу тамга оршдог хийд болно. Тус хийдийн нэр нь “Ганданшадублин” гэгдэж Цогчин, Чойр, Мамба, Ламрин зэрэг 4 том дацан бүхий 700-гаад лам хувраг шавилан суудаг хошууны гол хийд болж 1938 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байв. Хийдийн модон дуганы үлдэгдэл одоо хэр сумын төв дээр байсаар байна. Дархан сумын нутаг дэвсгэрт XYIII-XIX зууны үеийн сум хийдүүдийн туурь үлдэгдэл олон байдаг. Үүнд: Гачидын дацан, Шар нуурын дуган, Мандалын сүм, Дэрсэнэ усын зүүн зангийн жас, Зараагийн сүм, Дээд Хавцалын дуган, Доод Хавцалын дуган, Хараатын сүм, Хүйхийн сүм зэрэг 16 орчим сүм дуган, дацангийн туурь үлдэгдэл байна.

в. Булш хиргисүүр бий. Сумын нутаг дэвсгэрт судлагдаагүй булш хиргисүүр олон тааралдана. Үүнээс: Дархан уулыг тойроод болон дотор бэл хөвөөгөөр 60 орчим Хүннүгийн үеийн гэгдэх булш хиргисүүр байдаг. Мөн Эрэгнэг уул, Буйлан уул, түүний ойр орчим, Ходой зэрэг бусад газруудад булш олон байна.

г. Төмөр дөш: Дархан ууланд байдаг төмөр дөш нь Чингис хаан болон хойшхи үе, түүний өрлөг баатруудтай холбоотой түүхийн домог бүхий дурсгал гэгддэг. Тус ууланд байсан төмрийн дарханы газарт дайчин баатруудын дайн тулаанд хэрэглэх зэвсгийг уг төмөр дөшөөр хийдэг байжээ. Түүхийн дурсгалт тус төмөр дөшийг Ардын хувьсгалын эхэн үед Улсын Түүхийн Музейн сан хөмрөгт аваачсан гэгддэг ба түүнийг орлуулсан жижиг төмөр дөш өнөөг хүртэл уулнаа Дотуурын булагийн эхийн баруун дээд болд чулуун тавцан дээр байрлаастай байдаг. Тус төмөр дөшийг нутгийн иргэд тахин шүтсээр ирсэн байна.

д. “Ягаан” хэмээх Шагдарын агуй: Дархан нутгийн ард түмэн газар шороо, эрх чөлөөнийхөө төлөө хэзээнээс нааш тэмцсээр иржээ. Нутгаас тодорсон сайн эрс гадаадын шунахай худалдаачин, эзэрхэг түрэмгийлэгч нартай эрэлхэгээр тэмцэж ирсэн байна. Хүрээнээс Жанчхүү ордог гүнж зам Дархан уулын өврөөр, Буйлангийн араар замнан тус хошууны дундуур өнгөрөн гардаг байв. Иймээс хуучны сайн эрс Дархан ууланд бүгж тэдэнтэй тэмцдэг байсан ба тэдний нэг Дархан уулын энгэрээс гүнж замыг тосон хятад наймаачдыг айлгаж явсан “Ягаан” хэмээх Шагдар гэдэг сайн эрийн орогнож байсан агуй Дархан уулнаа бий. Энэ нь Дархан уулын гол Тахилгат шовх өндөрийн урдах өндөр хаданд таван метр урт, нэг хагас метр өргөн, хүн босоогоор явах өндөр, дотроо ямар нэгэн эд зүйлс тавьж байсан гэхээр хоёр чулуун тавцантай, урдуураа чулуун хэрэмтэй, хойшоо харсан хавцал-орц байдаг.

е. Гэрэлт хөшөө: Дархан сумаас төрж гарсан билгүүн их яруу найрагч Төрийн соёрхолт Ринчины Чойномын цээж хөрөг бүхий гэрэлт хөшөөг 1991 онд сумын төвд босгон уран бүтээлийн гэр музейг байгуулсан байна. Мөн нэрт яруу найрагчийн төрсөн Бор Ухаа гэдэг газар түүний төрсөн бууцан дээр болон найрагчийн сурч байсан сургуулийн үүдэнд 2006 онд босгосон чулуун боржин самбар бүхий гэрэлт хөшөөнүүд бий. Нэгдлийн олон тооны мал сүргийг цасан шуурганаас хамгаалж яваад амь эрсэдсэн малчин Д.Лхамсүрэнгийн гэгээн дурсгалд зориулж гэрэлт хөшөөг 1979 онд сумын төвд босгосон байна.

Дөрөв: ЭНД ТӨРСӨН ХҮМҮҮС

засварлах

Шагдаржавын Бямбацогт