Дамирангийн Нанзад

Дамирангийн Нанзад

Бүтэн нэр Түргэн Баатар Дамирангийн Нанзад
Төрсөн газар Манж Чин улс, Түшээт хан аймгийн Эетэй бээлийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Манлай сум
Нас барсан газар БНМАУ, Улаанбаатар хот
Ажиллагаа/салбар Морин цэрэг
Таван замын байлдаан, Бавуужавын эсрэг байлдаан, Ардын хувьсгал Таван замын байлдаанаар Буут, Хөх хот, Шанаган, Шиндий, Батхаалган, Шинэ булаг, Улаан дов, Сулинхээрийн чиглэлд,1915-1917 онуудад Бавуужавын дээрэмчдийн эсрэг Бухын хашаат, Халхын голын орчимоор, Ардын хувьсгалын үед Гамингаас Хиагтыг чөлөөлөх тулалдаанууд, цагаантантаас Хиагтыг хамгаалах тулалдаан болон бусад тулалдаанууд,
Бусад үйл хэрэг Жа ламыг устгах ажиллагаа

Бага нас

засварлах

Түргэн баатар Нанзад нь Түшээт хан аймгийн Эетэй бээлийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт 1891 онд Дамирангийн 7-р хүү болон мэндэлжээ. Нанзадыг бага байхад эх Хундган нас барж, эцэг Дамиран амьдралын ядуугийн эрхээр 7 настайд нь бусдад үрчлүүлсэн байна. Нанзад нь үрчилсэн эцэг Ишбал, эх Буджаргал нарын асрамжинд мал маллаж, эмнэг хангал сургаж, халуунд халж, хүйтэнд хөрч явж хүний зэрэгт хүрчээ.

Цэргийн албанд

засварлах

Тэр 1910 онд ах Балдангийн оронд цэргийн албанд дайчлагдан тэнд өөрийн авхаалжаар бичиг үсэг сурч цэргийн байлдах чадварыг эзэмшиж үлэмж авъяастай болохоо харуулсан ажээ. Манжийн дарлалд байсан Монголын ард түмний хорсол хилэн бадарч, нутаг орноо харийн дайснаас хамгаалах үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөх үед жирийн цэрэг Нанзад, ард түмнийхээ гашуун зовлон, эх орныхоо өмнө тулгарсан аюулыг ухамсарлан Монголын ард түмний тусгаар тогтнолыг хамгаалах үйл хэрэгт оролцон Таван замын байлдааны үед Хятадын цэрэгтэй 10 гаруй удаа амжилттай байлдсаны дотор 1912 онд Буут, Хөх хот, 1913 онд Шанаган, Шиндий, Батхаалганы чиглэлээр удаа дараа байлдаж урвагч жанжин Мууранг 70 цэргий нь хамт баривчилж 1914 онд Шинэ булаг, Улаан дов, Сулинхээрийн чиглэлд байлдаж ялалт байгуулсан. Дараа нь 1915-1917 онуудад Бавуужавын дээрэмчдээс хязгаар нутгийг хамгаалан Бухын хашаат, Халхын гол орчмоор аялан тулалджээ. Д.Нанзадыг баатарлагаар байлдаж тэмцэлдэж ялалтууд байгуулсан учир Богдын засгийн газраас “Түргэн Баатар” цолоор удаа дараа шагнагдаж байжээ. Гэтэл Хятадын Анхуй бүлгийн Засгийн газар Нийслэл хүрээнд сууж байсан өөрийн төлөөлөгч Чен-И-гээр дамжуулан Автономит Монголын засгийн газарт шахалт үзүүлснээр Хятад, Монголын хилийн дагуу байсан цэргийн тоог цөөлөн тарааж, заримыг нь Оросын хил рүү шилжүүлэн суулгаснаас хойш Хятад цэргийн тоо олшрон олон газар тархсан энэ үед Нанзад баатар хүрээнд эргэн ирж, урьдын адил Хужирбулангийн цэрэгт сууж байснаа Алтан булагт томилогдон их бууны аравны даргын үүргийг гүйцэтгэж байгаад 1918 онд Хятадын цэргийн захирал Өлзийдүүрэнгийн тушаалаар гамин цэрэгт зэвсгээ хураалгажээ.

Ардын хувьсгалын тэмцэлд орсон нь

засварлах

Цэргээс халагдаад Нанзад Ерөө голын өртөөний албыг хаах үедээ Хужирбулангийн цэрэгт хамт байсан хуучин танил Д. Сүхбаатартай намын ажлаар Дээд шивээнээ хүрэлцэн очих замд Ерөө голд уулзсан байна. Энэ үеэс эхлэн Д. Нанзад бүх амьдралаа Ардын хувьсгалын үйл хэрэгт зориулжээ. Д. Сүхбаатарын удирдлагын дор нөхөдтэйгээ хамтран ардын намын цэргийн эгнээг өргөтгөх, дайсныг устгах ба амьд хүчийг олзлох, дайсныг тагнах, хувьсгалчидтай холбоо барих, нууц мэдээ дамжуулах үүргүүдийг чадамгай биелүүлж байлаа. Ийнхүү Д. Нанзад ардын намын үйл хэрэгт үнэнч зүтгэгч болохоо хувьсгалч нөхдийнхөө өмнө харуулж чадсаны учир Д. Сүхбаатарын урьдчилан өгсөн даалгаврын ёсоор өөрийн салааг авч Хиагт хотын хойт хаалгаар цөмрөн орж гамин цэргийг устгалцан гамингийн яам, гамин цэргийн үүрэлж байсан байшинг эзлэн авчээ.

Дараа нь гамингийн цэргээс чөлөөлөгдсөн Хиагт хотын иргэдийн амгалан байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээж анги удирдан суужээ. Дараа нь цэргийн тусгай анги удирдуулан Ивцэг, Шаамар зэрэгт чөлөөлсөн нутгуудыг хамгаалах ба цагаантныг устгах хүрээг чөлөөлөх бэлтгэлийн үед Д. Нанзад нь ардын журамт цэргийн тэргүүн хорооны даргаар томилогдон 1921 оны 6 дугаар сард Жанжин Сүхбаатараас Эрдэнэвангийн хошууны хойт биеэр орж баруун ангийн цэрэгтэй нийлэн хүч хавсран Барон Унгерны цэрэг дотоодын харгис хүчинтэй нэгдэж Хиагт хотыг түрэмгийлэн дайрч эзлэх гэсэн оролдлогыг таслан зогсоох үүрэг авч цагаантны цэрэгтэй ширүүн тулалдан ялсан байна. Нийслэл хүрээг чөлөөлөхөд оролцсоны дараа Улиастайн цэргийн захирлаар томилогджээ.

Ардын засгийн албанд

засварлах

Ардын Засгийн газраас Улиастайн сайдад нууцаар элч довтолгон тушаасан 1922 оны 10-р сарын 7-ны өдрийн тушаалын дагуу Д. Балдандорж, М. Дугаржав зэрэг нөхдийн Жа лам Дамбийжанцанг даран сөнөөх үүрэг авч даалгаврыг тушаал ёсоор гүйцэтгэсэн байна. Д. Нанзад түүнээс хойш Улаанбаатарт цэргийн алба хааж байгаад 1923 оноос Зүүн хязгаарын Гурванбаян, Ховд дахь цэргийн хороонуудад даргаар томилогдон ажиллаж байснаа өвчний учир уг албанаас чөлөөлөгдөн Улаанбаатарт ирж, Цэргийн яам, Цагдан сэргийлэх байгууллагуудад ажиллаж байгаад 1931 оны өвөл 40 насандаа насан өөд болжээ.

Мөн үзэх

засварлах

Урлагийн бүтээлүүд

засварлах