Монгол Рабфак буюу Монгол ажилчны сургуулийг 1929 оны сүүлээр ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Монгол, Тува, Буриад улсуудын ажилчин ангийг бэлтгэх, дээд боловсролын газруудад элсэх чадвартай сурагчдыг бэлтгэх зорилгоор монгол, тува, буриад сурагчдад зориулж Буриад-Монголын автономит улсын Дээд-Үд (Улаан-Үд) хотод байгуулах шийдвэр гарсан байна. ("Рабфак" гэдэг нь -рабочий факультет гэсэн орос үгний товчлол юм).

Монгол рабфак-ийн байгуулах ажлыг богино хугацаанд бэлтгэж, 1930 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Монголоос 75, тувагаас 15 сурагчидтайгаар албан ёсоор хичээл эхэлсэн. Тус сургууль 15-30 насны сурагчдыг 2 жил бэлтгэлд, 4 жил жинхэнэ ангид суралцуулж, нийт 6 жилийн хугацаанд ЗХУ-ын дунд сургуулийн 5-10 дугаар ангийн боловсролыг эзэмшүүлдэг байв. Сурагчид математик, физик, хими, одон орон судлал, шугам зураг, монгол хэл, орос хэл, уран зохиол, нийгэм судлал, ерөнхий түүх, БНМАУ-ын түүх, газар зүй, биеийн тамир, цэргийн бэлтгэл зэрэг хичээлүүдийг үзнэ. Сургуулийн эрхлэгчээр Н.Р.Ринчино, багшид А.И.Алексеев, Б.Б.Шагдыров, И.Д.Ханташкеев, А.Аюурзанаин зэрэг орос, буриад багш нар ажиллаж байснаас гадна монгол хэлний хичээлийг Монгол улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Ш.Лувсанвандан, Д.Чойжилсүрэн нар заадаг байжээ.

Монгол Рабфак нь нийт 10 жилийн хугацаанд 1912 сурагч бэлтгэсний зарим нь цаашид үргэлжлүүлэн ЗХУ-ын аль нэгэн их, дээд сургуульд суралцсан. Монгол улсад өндөр албан тушаал хашиж байсан БНМАУ-ын СнЗ-ийн Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, СнЗ-ийн орлогч Д.Майдар, ШУА-ийн дарга Б.Ширэндэв, Соёлын яамны сайд зохиолч Ч.Лодойдамба зэрэг манай тухайн үеийн тэргүүний сэхээтнүүд Монгол Рабфак-т суралцаж байсан юм.

1940 онд БНМАУ-д МУИС байгуулах шийдвэр гарч тэндээ бэлтгэл сургуулийг байгуулсан учир Монгол Рабфак-ын үйл ажиллагааг зогсоосон байна. 1941 онд БНМАУ-ын Ардын хувьсгалын 20 жилийг тохиолдуулан ЗХУ Монгол Рабфак-ийн танхимын тоног төхөөрөмж, лаборатори, номын санг БНМАУ-ын Засгийн газарт шилжүүлэн бэлэглэсэн байна.

1930-1934 онд Монгол Рабфак-ийг анх төгссөн 8 монгол сурагчид.

засварлах

Монголоос очсон 75 хүүхдээс дөнгөж 8 сурагч хугацаандаа төгссөн байна. Бусад нь улирсан, хүнд нөхцөлд сурж чадаагүй буцсан болтой юм. Санжийн ДАШИМАА. Монгол улсын гавьяат багш. 1934 онд Монгол Рабфак-ийг төгсөж ирээд Хоёрдугаар дунд сургуульд багшилсан. 1942-1946 онд МУИС-ийн Математикийн факультетийг төгссөн. МУИС-ийн анхны төгсөгч, түүнчлэн 1946 оноос МУИС-д ажиллаж эхэлсэн анхны монгол багш нарын нэг юм. Олон арван жил МУИС-д багшилж, "математикийн Дашимаа багш" хэмээн алдаршсан эрхэм билээ.

Садын ЗУНДУЙ. 1934 онд Монгол Рабфак-ийг төгсөж, 1934-1938 онд Украйны Донбассын Их сургуулийг Уул уурхайн инженер мэргэжлээр дүүргэсэн, дээд боловсролтой анхны инженеруудын нэг билээ. Налайхын нүүрсний уурхайн дарга (1948-), МАХН-ын Төв Хорооны орчуулагч зэрэг төрийн ажил хийж байгаад 1962 онд нас барсан. Тэрээр Ю.Цэдэнбал, Д.Майдар дарга нартай тун ойр ажилладаг шадар нь байжээ. Рабфакт сурч байхдаа С.Зундуй Ж.Раднаабазартай нийлж, хөгжим тоглон, циркийн үзүүлбэр үзүүлж, мөнгө олдог байсан гэдэг. С.Зундуй нь нэрт хөгжмийн зохиолч З.Хангал, З.Зундарь, төгөлдөр хуурч З.Эрдэмбилэг, хормейстер З.Оюун нарын аав юм.

Дэндэвийн ШАРАВ. Монгол Рабфак-ийг төгссөний дараа 1934-38 онд Эрхүүгийн багшийн дээд сургууль, 1939-1943 онд Москвагийн аспирантурт (Дэлхийн 2-р дайны үед дундад Азийн Ферган хот руу шилжсэн) үргэлжлүүлэн суралцаж төгссөн. 1943-1947 онд маршал Х.Чойбалсангийн хувийн референт, 1947-1953 онд Сайд нарын Зөвлөлийн даргын орлогч, 1953-1959 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 1959 оноос дипломат албанд шилжиж, 1959-1963 онд БНМАУ-аас БНХАУ (Хятад, 1959.08.27 – 1960.07.02-нд Вьетнамыг хавсран), 1963-1967 онд БНМАУ-аас БНАСАУ (Хойд Солонгос)-д сууx Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллажээ.

Юмжаагийн ЦЭДЭНБАЛ. 1934 онд Монгол Рабфак-ийг төгссөний дараа Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг 1938 онд онц дүнтэй дүүргэсэн. 1938 онд Улаанбаатар хотын Санхүүгийн техникумд багш, хичээлийн эрхлэгч, 1939 онд Сангийн яамны дэд сайд, сайд, Монголын Xудалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны дарга, 1940 оны МАХН-ын 10-р их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй МАХН-ын даргаар ажиллажээ. Ю.Цэдэнбал нь 1945-1952 онд ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, Улсын Төлөвлөгөөний Хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын ерөнхий сайд, Сайд нарын Зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын Төрийн тэргүүнээр тус тус ажиллажээ. 1984 онд Ю.Цэдэнбалыг бүх албан тушаалаас нь огцруулж, ЗХУ-д аваачиж гэрийн хорионд оруулсан. 1991 онд Москва хотод өөд болжээ.

Жамъянгийн РАДНААБАЗАР. Монгол Рабфак-ийг төгссөний дараа 1934-1938 онд Москва хотын циркийн сургуульд суралцаж төгссөн. Тэрбээр Төв театрт циркийн номер үзүүлэх болж, 1940 онд Монголд Циркийн сургууль байгуулсан. 1941 оны Улсын наадмын үеэр Яармагт 1500 хүний суудалтай задгай цирк байгуулж, анхны тоглолт хийжээ. 1944 онд Улсын гавъяат жүжигчин цол хүртсэн. Ж.Раднаабазар нь циркийн анхны дарга, уран сайхны удирдагч, Монголд циркийн урлагийг үндэслэгч юм. 1947 онд нас баржээ.

Нямтайшир (Тайшир)-ын ЛХАМСҮРЭН. 1934-1938 онд Эрхүүгийн Хөдөө аж ахуйн дээд сургуульд, 1956-1957 онд Москва хотноо Нийгмийн шинжлэх ухааны академид, 1957-1959 онд Мал тэжээлийн аспирантурт тус тус суралцаж, Xөдөө аж ахуйн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Үр тариа, малын тэжээлийн агрономич мэргэжилтэй. 1938-1942 онд Мал, тариалангийн яаманд орчуулагч, агрономич, Хөдөө аж ахуйн техникумд багш, Хөдөө аж ахуйн яаманд тасгийн дарга, газрын орлогч дарга, дэд сайд, сайд, МАХН-ын Төв Хороонд Хөдөө аж ахуйн хэлтсийн эрхлэгч, 1941-1953 онд Намын шинэ хүчний дээд сургууль, МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1946-1951 онд Гадаад явдлын яамны орлогч сайд, 1951-1954 онд ГЯЯ-ны сайд, Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, 1953-1956 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, 1959-1960 онд “Үнэн” сонины Москва дахь сурвалжлагч, 1960-1961 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1961-1963 онд ЗХУ-д сууx ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. 1964 онд түүнийг "намын эсрэг бүлэг"-ийнхэнтэй сүлбэлдсэн хэмээн буруутгаж, Улс Төрийн Товчооны шийдвэрээр хөдөө нутаг заагджээ. 1990 онд өөд болсон.

Шарав

Далантай