Гэмпилдоржийн Цэдэнсоном

(Далай чойнхор ван-с чиглүүлэгдэв)

Далай Чойнхор ван Гэмпилдоржийн Цэдэнсоном (1881-1930) нь Монголын язгууртан, төрийн зүтгэлтэн хүн байв. Тэрээр 86 хошуунаас хамгийн том Далай Чойнхор вангийн хошууг 14 жил захирсан засаг ноён байсан бөгөөд Ардын засгийн үед ч хошууны засаг даргаар сонгогдон ажиллаж байсан юм. Г.Цэдэнсоном энэ том хошууг захирахдаа хошуу нутагтаа олон шинэтгэл хийсэн нэр хүндтэй засаг ноён байсан төдийгүй 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт хөдөө орон нутгаас гар бие оролцож явсан төр ниймийн зүтгэлтэн байсан юм.

Гэмпилдоржийн Цэдэнсоном

Далай Чойнхор ван Цэдэнсономын удам угсааг хөөн үзэхэд Чингис хааны удмын Боржигин овгийн, хиад ясны хүн байв. Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу буюу халхын умар замын дунд дахь зүүн этгээдийн хошуунд Хөндлөн ван Гэмпилдоржийн төрлийн тайж Очир жононгийнд Цэдэнсоном 1881 онд төржээ. Эл хошуу нь Халхын олон хошуунаас хамгийн том нь байсан төдийгүй газар нутаг уудам, хүн мал олонтой, баян чинээлэг, Халхын нөлөө бүхий хошуу байсан юм. Тус хошуу нь 1686 онд байгуулагдсан бөгөөд анхны засаг ноён нь Гүмбэ хэмээгч байсан бөгөөд түүнээс хойш угсаа залгамжлан 9 хүн хошууг захирч байжээ. Цэдэнсономын өргөсөн эцэг Гэмпилдорж нь хошууны найм дахь засаг ноён юм. Хошуу ноён хөндлөн ван Гэмпилдорж нь угсаа залгамжлах нуган үргүй учир өөрийн ойрын төрлийн Очир жоногийнхоос Цэдэнсономынг үрчлэн авч зэрэг хэргэмээ залгамжлуулахаар бичгийн эрдэмд сургаж байжээ. Хошуу ноён хөндлөн Гэмпилдорж 75 насандаа 1894 онд насан өөд болоход Цэдэнсоном хошууны ноёны Засаг төрийн бэйлийн хэргэмийг залгамжлан, тус хошууны сүүлчийн буюу ес дэх засаг ноён болсон байна. Тэрбээр 1899 онд эр бие насанд хүрч, хошууны хэргийг захиран шийтгэх болжээ. Багаас эрдэм номд гэгээрч, ухаан суусан түүнийг 21 настайд нь 1902 онд Улиастайн Манж амбан сайдын зөвлөх хувийн сайдад тохоон томилж байв. Цэргийн хэргт хүчин зүтгэсэн учир 1905 онд жүн вангийн хэргэм хүртсэн байна. Гэрийн сургуулиар манж, төвад хэл сурч эрдэм номд боловсорсон нэгэн байжээ. Хошууны болон төр, цэргийн хэрэгт хичээнгүй зүтгэж удаа дараа хэргэм зэргээ ахиулж байсан ажээ. Улс үндэснийхээ тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө сэтгэл оюунаа чилээж, төрийн хэрэгт чадах чинээгээрээ оролцож хүчин зүтгэж байсан төдийгүй үндэсний эрх чөлөөний 1911 оны их үйлст идэвхийлэн оролцож явсан нэгэн юм. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үйл хэрэгт түүний оруулсан гавьяа зүтгэлийг үнэлэн, Богд хаант Монгол улсын эзэн хаан Богдын лүндэнгээр 1911 онд Далай Чойнхор цол, жүн вангийн хэргэмээр шагнаж, Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны дэд сайдын тушаалд тохоон томилжээ. Дэд сайдын албыг хашихын хамт 1913 оноос Сайн ноён хан аймгийн чуулганы даргыг түр хамаарч байжээ. Дэд сайдын албыг 1915 он хүртэл хашиж байгаад 1916 оноос Гадаад Хэргийг Эрхлэн Шийтгэгч Яамны дэд сайд болж 1919 он хүртэл үр бүтээлтэй ажилласан байна. Далай Чойнхор ван Цэдэнсоном нь 1921 оны Ардын хувьсгалыг талархан дэмжиж байсан төдийгүй 1921 оны 2 дугаар сард Сайн ноён хан аймгийн Цэргийг захирах жанжны тушаалыг хамаарч, хувьсгалын хэргт оролцож, цэрэг удирдан улс орноо харийн дайснаас чөлөөлөх үйл хэрэгт хүчин зүтгэж явжээ. Ардын хувьсгалын дараа 1923 онд засаг захиргааны өөрчлөлт хийхэд хошууны засаг даргаар сонгогдон жил гаруй ажиллаад 1924 онд өөрийн сайн дураар засаг даргаас татгалзсан. Үүнээс хойш энгийн ардын амьдралаар амьдарч байгаад 1930 онд одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт насан өөд болжээ.

Төр нийгмийн зүтгэл

засварлах

Монголчууд 200 гаруй жил алдагдсан тусгаар тогтнол, төрийн эрхээ эргүүлэн 1911 онд олж авсан юм. Энэ түүхэн үйл явцыг тухайн үеийн монголчууд, Монголын төлөөх зүрх сэтгэлтэй хүн бүрийн зүтгэлийн үр дүнд бий болсон юм. Энэ тусгаар тогтнол бол хэн нэгний бус нийт монгол туургатны хамтын санаа, зүтгэл, мөрөөдөл, тэмцэл, эр зориг, ухааны илрэл нь байсан билээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг тэргүүлэн оролцсон цөөн хүн бий. Тэдний нэг бол Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны засаг ноён Далай Чойнхор ван Цэдэнсоном байсан юм.

Далай чойнхор ван Цэдэнсоном бол 1911 оны зун Богд Жавзандамба хутагтад Халхын дөрвөн аймгийнхан Бат-оршил даншиг өргөх үеэр, сэтгэл нийлсэн ноёд Богдхан уулын ард сэм хуралдаж, монголчууд бие даах эрхээ эргүүлж олж авах, шашин хийгээд үндсээ хамгаалах, үүний тулд хаант Оросоос тусламж хүсэх, улмаар хувьсгалын үйл хэргийг эхлүүлэх ажлыг ярилцсан байна. Тэд хаант Орос улсад одох төлөөлөгчдийг томилон, Богдод мэдүүлэхээр тогтож, Хүрээнд сууж байсан Хаант Орос улсын консул Миллерээс хил нэвтрэх зөвшөөрөл авч, умар зүг одуулахаар тогтож байжээ. Энэ үйл явдлаас хойш Халхын Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрыг байгуулж, Богд Жавзандамбын лүндэнг олон монголчуудад түгээх, Манж сайд Сандог зайлуулах, цэрэг дайчлах зэрэг ажлыг цаг алдалгүй шуурхай гүйцэтгэх үүргийг зорилго нэгт нөхдийн хамт гүйцэтгэж эхэлсэн байна. Энэ их үйл хэрэгт Далай Чойнхор ван Цэдэнсоном идэвхийлэн биечлэн оролцсон байна. Тэрбээр үндэсний эрх чөлөөний хувьсгалын бэлтгэл ажлыг хангах үед түр хугацаагаар хошуундаа сууж, тухайн үеийн байдлыг орон нутгаас бусад хүмүүстээ дамжуулдаг байжээ. Тэрбээр Да лам Цэрэнчимэдэд захидал бичиж, Улиастай, Засагт ханы байдал ямар байгаа, тува нар яах хандлагатай байгаа, хошуу нутагт юуг эрхэлбээс зохистойг илэрхийлсэн мэдээллээр хангаж байжээ.

Г.Цэдэнсоном нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үйл хэрэгт анхаасаа идэвхтэй оролцож, хувьсгалын үйл хэргийг бататгах, төрийн үйл хэргийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн төрийн сайд байсан төдийгүй үнэнхүү сэтгэлийг чин шударгаар баримтлан, төрийн ёсыг жудаглан сахиж, төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан юм. Цэдэнсоном 1915 оны 11 дүгээр сард Богд хаант Монгол улсын Гадаад хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайдаар томилогдоод улс орныхоо тусгаар тогтнолоо хамгаалах, төр засгаа бэхжүүлэхэд хичээнгүйлэн зүтгэж, Улсын дээд доод хуралд олон санал санаачилга гарган хэлэлцүүлж байжээ. Тухайлбал дөрвөн аймаг, шавь, дөрвөд, урианхай зэрэг шавь нараас бусдын адил татвар авах санал дэвшүүлж байсан нь тухайн цаг үедээ Богд хааны эрх мэдэлд халдсан зоригтой алхам байжээ. Мөн Монголын олон хошуудаас хятадын пүүсүүдэд тавьсан өрийг хүчингүй болгох санал гаргаж байв. Түүний эдгээр саналууд тодорхой цаг хугацааны дараа биеллээ олж байжээ.

Далай Чойнхор ван бол 1921 оны хувьсгалыг талархан хүлээн авч, идэвхтэй дэмжиж байсан юм. 1923 онд Ардын Засгийн газраас засаг захиргааны өөрчлөн байгуулалтыг хийж, хошуу ноёдыг өөрчлөхөд хошуу нутгийн олон түмэн түүнийг улируулан хошуу засаг даргаар сонгож байжээ. Харин 1924 онд хошууны даргын ажлаа өгч энгийн ардын адил аж төрөх болжээ. Тэр үеийн хүн амын дансанд Тосон Уулын харьяат Цэдэнсоном нь 46 настай, хөвгүүн Жигжидсүрэн 13 настай, хөвгүүн Лхагвадорж таван настай, эхнэр Гүнчин 45 настай хэмээн бүртгэсэн байна. Тэрээр 1930 оны зун хошуундаа таалал болжээ. Хэдийгээр тэрээр хэлмэгдүүлэлтэд өртөөгүй авч 1932 оноос түүний гэр бүлийнхнийг шийтгэж, хэлмэгдүүлэлтэд өртүүлсэн байдаг юм. Өргөмөл хүү Жигжидсүрэнг шоронд хорьж, их хатан Гүнчинг баривчлан Улаанбаатар хотод авчран цаазалсан түүхтэй.

Шинэтгэл

засварлах

Тэрбээр Монголын түүх, соёлоо эрхэмлэдэг, залуус хөвгүүдийг ахас ихсийг хүндэтгэдэг, аливаад зөв шударга байх тухай байнга сануулж сургадаг байжээ. Хошууныхаа дотор гар урлал хөгжүүлэх, сургууль соёлыг хөгжүүлэх олон шинэ санаачилгыг сэдэж байжээ. Далай Чойнхор ван Цэдэнсоном 1914 онд Улсын дээд Хурлыг байгуулахад багтаж байсан. 1915-1919 онд Монгол Улсын Гадаад яамны дэд сайдаар ажиллах үедээ Улсын дээд, доод хуралд улс орны эдийн засаг, соёл, боловсрол, түүх, уламжлалын талаар хэд хэдэн чухал саналыг дэвшүүлж, зарим нь ажил хэрэг болсон байдаг юм. Түүний дотроос 1916 онд Улсын Дээд Хуралд өргөсөн нэгэн саналдаа улсын түүхийг бичих, харь хэлээр байгаа Монголын түүхийн эх сурвалжийг орчуулж хэвлүүлэхийг хичээвээс “Аливаа хүн өвөг язгуур цагийн мандсан мөхсөн алдсан амьсгал мэдэл нээгдэнэ. Эс ухаж мэдвээ снэгэн насны урт шөнийг унтаж барах мэт” хэмээн сануулаад Минь улсын үед бичигдсэн Юань улсын бүрэн түүхийг орчуулуулах саналыг өргөснөөр 1917-1922 онд таван жилийн хугацаанд Харчин хошууны номын мэргэн Дандаа буюу Дэмчигдоржоор орчуулуулжээ. Мин улсын үед хятадын түүхчдийн бичсэн “Юан улсын судар” хэмээх 210 дэвтэр бүтээлийг монгол орчуулга эдүгээ улсын Төв номын санд хадгалагдаж байна. Энэ бүтээл нь одоогоор харь хэлээр туурвисан Монголын түүхийн орчуулгын ажлын хамгийн том бүтээл болсон юм.

Далай Чойнхор ван да лам Цэрэнчимэдийг таалал болсны хойно 1915 оноос Гадаад яамны дэд сайдын албыг хашиж 1919 он хүртэл төрийн хэргийг залгуулж байсан хүн. Тийм ч учраас бусад ноёдоос илүүтэй Улсын дээд, доод хуралд олон шинэтгэлийн саналууд оруулсаар ирсэн байдаг. Лам нарыг шашиндаа үнэнч ариун байлгах талаар Улсын дээд хуралд тавьсан саналдаа “Лам нарын дотор сахил санваар сахиж, дацан сургуульд орсон боловч, архи уух, тамхи татах, хөзөр даалуугаар мөрийцөн наадах, эмс охид лугаа садарлан наалдаж явагсад, сүсэгтэн олныг хууран мэхлэгчид хааяа боловч үзэгдэх тул тэднийг барьж шийтгэх нь хууль ёсонд нийцнэ хэмээн төр дор шашин захирагдах” саналыг гаргажээ. Түүнээс гадна монголчууд өөрөө өөрсдийнхөө эдийн засгийн хэрэгцээг хангах санал гаргаж байжээ. Тухайлбал, Монгол орны хангайн бүсэд ургадаг цайны ургамлаа ашиглан өөрсдийнхөө цайны хэрэгцээг хангах жижиг үйлдвэрлэлийг дэмжих, монголчууд өөрсдөө гааль, худалдаагаа ашиглах гэх зэрэг олон санал тавьсан байдаг. 1916 онд Монгол улсад сургуулийн хэргийг анхлан хэрэгжүүлэх санал гаргаж, өөрийн хошуундаа 25 хүүхэд сургах бага сургуулийн тэнхим байгуулж хүхдүүдэд иргэний боловсрол олгож байгаагаа Богд хаанд айлтгаж байжээ. Богд хаан түүний санал айлтгалыг хүлээн авч хүүхдүүдэд ном эрдэм сурахад нь зориулж, “Монгол үсгийн цагаан толгой”, “Оюун түлхүүр”, “Хоёр загалын тууж”, “Цаасан шувууны үлгэр”, “Чингисийн сургаал”, “Гадаад улсын товчоо”, “Бага хөвгүүдийн сургаал” зэрэг номыг тус тэнхимд хүргүүлж байжээ. Гэвч тухайн цагийн нөхцөл байдал хүндэрч, Монголын тусгаар тогтнолын асуудал эгзэгтэй болсон үед түүний санал бүрийг хэрэгжүүлэх боломж Монголын Засгийн газарт байгаагүй юм. 1919 онд Монголын тусгаар тогтнолыг хятадууд хүчээр булаан авсны дараа халхын ноёдыг Бээжинд залж аваачсан байдаг. Халхын нөлөө бүхий ноёд аргагүйн эрхэнд Бээ¬жинд очиж, Хятадад дагаар орох шахалтанд орж байсан. Харин Далай Чойнхор ван Цэдэнсономын хувьд энэ үед албан ажлаа өгөөд нутагтаа очиж цагийн байдлыг ажиж хүлээсэн байдаг. Энэ нь янз бүрийн хариуцлагаас зугтсан хэрэг биш, нутагтаа очин боловсрол соёлын ажиллагааг дэмжин ажиллаж байсан олон баримт байдаг.

Уран дархчуудыг их дэмжиж байсан. Халхын нөлөө бүхий уран дархны хийц загвар бол Далай Чойнхор вангийн хошууны дэг байдаг юм. Тэрээр алдартай дарханы дэг сургуулийг өөрөө удирдан хөгжүүлсэн байдаг. Далай Чойнхор вангийн уран дархцуулын алдартай таван хийц гэж байдаг. Дарьганга, Боржигон, Хүрээ, Далай Чойнхор вангийн, Дүүрэгч вангийн хийц зэрэг хэдэн чиглэл байсны нэг нь Далай Чойнхор вангийн хошууны хийц юм. Энэ хийц бол Цэдэнсономын үед хамгийн их хөгжиж дэлгэрсэн байдаг.Энэ бол хошуу ноёны дэмжлэгтэй шууд холбоотой.

Ардын хувьсгалын үед тэрбээр хошуугаа захирч байсан бөгөөд анхны бага сургуулийг Тариатад байгуулж байснаас гадна, ном бүтээл хэвлэх ажлыг дэмжиж байв. Шинэ байгуулагдсан Судар бичгийн хүрээлэн байгуулагдахад ихээхэн дэмжлэг үзүүлж, өөрийн хувийн ховор ном, судруудаа хандивлаж, Жамъян гүн, Ж.Цэвээн нартай нягт харилцаатай байжээ. Далай Чойнхор ван Цэрэнсономын талаар тулхтай судалгаа тун бага. Залуу судлаач Ж.Баярсайхан хэдэн жилийн өмнө түүний тухай судалгааны бэсрэг товхимол хэвлүүлсэн байна. Түүний мэндэлсний 130 жилийн ойг 2011 онд тэмдэглэхээр түний ач зээ нар санаачлан ивээн тэтгэж, ШУА, Түүхийн хүрээлэнтэй хамтарч томоохон эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо хийж, хошуу нутагт нь бэсрэг наадам хийж тэмдэглэсэн билээ.

Хавсралт

засварлах
  1. Далай Чойнхор ван Цэдэнсономд хошой чин ван цол зэрэг олгосон Богд хааны зарлиг. ҮТА, хөмрөг А-3, Д-2, XII-84
  2. Улаанбаатар хот 2011.04.20 Далай чойнхор Чин Ван Г.Цэдэнсономын мэндэлсний 130 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал
  3. Хөвсгөл аймаг Жаргалант сумын нутаг Хангай зоо. Далай Чойнхор ван Г.Цэдэнсономын мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх үеэр түүний бунханы хажууд 2011.07.11
  4. Далай Чойнхор ван Г.Цэдэнсодномын гэрийн ургийн бичиг 1894 он. ҮТА, хөмрөг А-168, Д-2, XII-284
  5. Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны дэд сайдаар Г.Цэдэнсономыг тохоон тавьсайн тухай Богд хааны зарлиг /1911.12.29/. ҮТА, хөмрөг А-6, Д-1, XII-511
  6. Дэд сайдын тушаалыг хүлээн авч хэрэг шийтгэсэн явдлыг Богд хаанд айлтгасан айлтгал /1912.01.26/. ҮТА, хөмрөг А-3, Д-1, XII-3
  7. Далай Чойнхор ван Г.Цэдэнсономын Юан улсын судрыг орчуулах талаар Улсын Дээд Хуралд өргөсөн бичиг /1916.12.31/. ҮТА, хөмрөг А-1, Д-1, XII-38
  1. Баярсайхан “Далай Чойнхор ван Цэдэнсоном” УБ 2004 он
  2. “Монгол улсын түүх” V боть УБ 2004 он
  3. М.Нямаа “Хөвсгөл аймгийн түүх” УБ 2012 он
  4. Далай Чойнхор ван Цэдэнсономын мэндэлсэний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын материал УБ 2011 он
  5. Ч.Банзрагч “Далай Чойнхор вангийн хошууны түүх” УБ 2001 он
  6. Б.Ширэндэв “ Далайн давалгаанаар” “Бүтээлийн чуулган” IХ боть 2011 он УБ