Гэгээн Софиагийн цогчин дуган (Алматы)

Гэгээн Софиагийн цогчин дуган нь Вера, Надежда, Любовь (Итгэл, Найдвар, Энэрэл) гурван гэгээн болон тэдний эх Ромын Софиад зориулж босгосон, Казахстаны Алматы хотод байх цогчин дуган юм.

Газар хөдлөлтийг тэвсрлэн даах чадварын хувьд хөнгөн, уян хатан чанараараа модон барилга бусад материалаас онцгой юм. Өнөө үед хөнгөн, бат бэх пластмасс зэрэг барилгын материал бий болж байгаа ч мод анхаарал татсан хэвээр байна. Газар хөдлөлтийг тэсвэрлэн даах чадвараараа дэлхий даяар гайхагддаг нэгэн барилга байгууламж Казахстан улсын Алматы буюу хуучнаар Верный хотын Софиа цогчин дуган юм. 1904 онд барьж дуусгаж 1907 онд аравнайлсан энэхүү уран барилгын гайхамшигт бүтээлийн нэр алдар удтал хав дараастай байна.

1887 онд Верный хотод арван минутын зайтай хоёр удаа хүчтэй газар хөдөлж 1800 орчим тоосгон барилга нурж эвдэрсэн атал 800 орчим модон байшин хэвээр үлдсэн байв. Орон нутгийн барилгачид модон байшин илүү тэсвэртэйг ойлгож хотыг сэргээн барихдаа дан модон байшин барилга босгожээ. Хоёр дахь газар хөдлөлт 1911 онд болоход ганц ч модон барилга эвдэрч сүйдээгүй ажээ. Анхны газар хөдлөлтөөр нурсан тоосгон цогчин дуганыг модоор сэргээн барьсан нь мөн яг хэвээр байв. Гагцхүү сүмийн бөмбөгөөр оройны төмөр хэрээсүүд нь ганхалтаас болж, махийсан байв. Верный Софиа цогчин дуганы хоёр давхар шувуун нуруу бүхий дээврийн дор хэрээсүүдтэй нэг том захын дөрвөн бөмбөгөр орой байна. Тэдгээрийн дор өргөн тэгш өнцөгт цонхнууд бүхий найман өнцөгт намхан хөндийнүүд байна. Гол бөмбөгөр оройны голч нь 13 метр, захын дөрвөн бөмбөгөр оройны голч нь 6.5 метр ажээ.

Сүмийн тэнхлэгийн дагуу орох гол хаалганы дээхэн тэгш өнцөгт хэлбэртэй хонх байна. Гол бөмбөгөр оройны дээрх хэрээсний үзүүрээс суурин чулуун тавцан хүртэл 40 метр өндөр, хонхны дээд талаас суурийн тавцангийн хавтан хүртэл бараг 45 метр буюу 15 давхар байшин шиг өндөр юм. Сүмийн шувуун нуруу, дээвэр, хана гээд бүгдийг нь тянь-шаний гачуур модоор урлажээ. Энэхүү сүмийг 1930-аад оны үед олон нийтийн байгуууллагуудын мэдэлд шилжүүлж, хонхыг нь Алматы хотын анхны радио нэвтрүүлэг хийхэд ашиглаж байв. Хожим сүм дотор Казахстаны Төв музей, концертын танхим байрлуулан ашиглаж байсан ч 1990-ээд оны үед үнэн алдартны шашны сүм болгон сэргээжээ. Энэ сүмийн барилга зуу гаруй жил оршин тогтнож хэд хэдэн удаагийн газар хөдлөлтөд тэсэж модон уран барилгын сонгодог уран бүтээл болон алдаршсаар байна.