Григорий Перельман

Григорий Яковлевич Перельман (1966 оны 6 сарын 13 - ) нь Оросын математикч юм.

Григорий Перельман

Стекловын нэрэмжит математикийн хүрээлэнгийн математик физикийн салбарт харьяалагддаг. Геометр, топологийн чиглэлээр мэргэшсэн. Санкт-Петербургийн их сургуульд суралцаж, Александр Александровын удирдлаган дор докторын зэрэг хамгаалсан. Нью-Йорк мужийн их сургууль, Стони Брүк их сургууль, Калифорнийн их сургуулийн Беркли дэх сургуульд судалгаа хийж байв. 1995 онд нутагтаа буцаж очоод Стекловын нэрэмжит хүрээлэнд ажиллаж байна.

Пуанкарегийн таамаглалыг шийдсэнээрээ маш их нэр алдартай болсон бөгөөд үүнээсээ өмнө Юрий Бураго, Михайл Громов нарын хамт Александровын огторгуй дахь геометрыг байгуулж, математикчдын дунд нэрээ гаргаж байсан юм. Мөн Риманы биеийн тогтвортой байдлын тухай теоремыг томъёолсон. Энэхүү салбар дахь Громовын таамаглал, Чигер-Громовын таамаглалыг Перельман шийдсэн юм.

Хамгийн гайхалтай нь Перельман Пуанкарегийн таамаглалын ерөнхий тохиолдол болох Уильям Тарстоны геометрчлолын тухай таамаглалыг баталж, үе үеийн математикчдын нөр их хөдөлмөр зарцуулаад ч шийдэж чадаагүй алдарт таамаглалыг баталж орхисон юм.

Өдгөө уг баталгаа нь бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй, шалгалтын явцдаа байгаа ч бараг баталчихсан байна гэж ихэнх хүн үзэж байгаа. Баталгаа нь алдаатай байсан ч түүний ашигласан арга нь математикт тун хүчтэй арга болох билээ.

2006 онд Пуанкарегийн таамаглалыг шийдэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж математикчдын Нобелийн шагнал хэмээгддэг Фильдсийн медаль олгосон боловч "Миний баталгаа зөв бол шагналын хэрэгцээ байхгүй" хэмээгээд уг шагналыг хүртэхээс татгалзсан анхны эрдэмтэн болжээ. Тэр ч байтугай Мянганы бодлогыг шийдсэн тул хүртэх 1 сая долларыг ч авах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр өмнө нь ч нэг бус удаа шагналаас татгалзаж байсан удаатай. Энэ нь түүний нэр алдраас зайлсхийдэг зан чанартай холбоотой аж.

Он цагийн товчоон

засварлах