Ги де Мопассан
Ги де Мопассан (бүтэн нэр нь- Энри́-Рене́-Альбэр-Ги де Мопасса́н (франц. Henry-René-Albert-Guy de Maupassant); 1850 оны 8-р сарын 5-нд төрж- 1893 оны 7-р сарын 6-нд нас барсан). Францын их зохиолч, яруу найрагч.
Намтар
засварлахГи де Мопассан францын умард нутгийн Дьеп хотын ойролцоо Миромениль эдлэнд 1850 оны 8-р сарын 5-нд төрсөн ажээ. Мопассан хүүгийн эх Лаура Ле-Пуатвен насаараа сэтгэлийн тогтворгүй өвчинтэй байсан бөгөөд эмч мэргэжилтэй бага дүү нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт нас барсан боловч Мопассан өөрөө багаасаа эрүүл чийрэг өссөн байна. Тэрээр Сүмийн семинарт богино хугацаанд сурсныхаа дараа сургуулиасаа хөөгдөж Руан хотын лицей рүү шилжин сурч төгссөн ажээ. Лицейд сурч байхдаа тэрээр яруу найраг, театрын урлагт дуртай, чадварлаг сурагч гэдгээ харуулсан байна.
1869 онд Лицей сургуулиа төгсөөд ээжтэйгээ болон найз Флобертай зөвлөлдсөнийхөө дараа тэрээр хуулийн чиглэлээр суралцахаар Парисыг зорьсон боловч Франц-Пруссын Дайн түүний төлөвлөгөөг нураажээ.
Дайныг байлдагчаар дуусгасан Мопассан байнга ном уншиж боловсролоо дээшлүүлэхэд анхаарч, ялангуяа байгалийн шинжлэх ухаан, одон орон судлалд дуртай болсон байв. Гэр бүлд гарсан удамшлын өвчний аюулаас сэргийлж тэрээр бие бялдрын хөгжилд ихээхэн хүчин чармайлт гаргахыг хичээж байжээ.
Түүний гэр бүлд тохиолдсон эдийн засгийн дампуурал Мопассантыг Францын Тэнгисийн цэргийн яаманд албан тушаалтан болоход хүргэсэн байна. Арав орчим жил Яаманд ажиллах хугацаанд Мопассан уран зохиол руу тэмүүлсэн хэвээр байжээ. Флобертай дотно найз харилцаатай байсан Мопассан 6 жил орчим бичсэн зүйлээ дахин бичиж, урж хаяж байжээ; гэхдээ Густав Флобер түүний бүтээлүүдийг хангалттай төлөвшсөн, стилистикийн хувьд бүрэн гүйцэд болж гэж хүлээн зөвшөөрсөн үед л тэр хэвлэгдэхээр шийдсэн байна.
Мопассаны анхны өгүүллэгийг 1880 онд Зола, Алексис, Сеара, Гуисманс нарын зохиолуудтай хамт "Меданы үдшүүд"-эд нийтлүүлжээ. Шинэхэн зохиолч 29 настайдаа анх "Мяраалаг амттай бүсгүй" (франц. Boule de suif- шууд утгаараа "амттай тос") өгүүллэгээрээ уран зохиолын хүрээнийхнийг гайхшруулж, дүрүүдээрээ нарийн инээдэм, агуу урлагийг товч бөгөөд нэгэн зэрэг баялаг, тод дүр төрхийг харуулсан байна.
Тэр уран зохиолд дөнгөж 11 жилийг зориулсан боловч богино хугацаанд 6 роман, 300 гаруй өгүүллэг, аян замын тэмдэглэл, найрууллын 3 ном, шүлгийн хэд хэдэн бүтээл, жүжиг, уран зохиолын шүүмж бичиж амжжээ. Түүний романууд нь XIX зууны үеийн Францын утга зохиолын реализмын хөгжилд чухал үе болж, тод мөр үлдээсэн юм.
Мопассаны бүтээлүүд маш алдартай болж түүний орлого жилд 60 мянган франк хүрч байжээ. Мопассан дүү, ээж, гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан байна.
Ги де Мопассан 1893 оны 7-р сарын 6-нд тэмбүү өвчний улмаас тархины саажилт өвчнөөр нас баржээ.
Бүтээлүүд:
засварлахГи де Мопассан их олон бүтээл үлдээсэн байдаг.
- 1880 — «Мяраалаг амттай бүсгүй», («Меданы үдшүүд» цуглуулга)
- 1880 — «Шүлэгнүүд» (Le vers)
- 1881 — «Телье зоогийн газар» (La Maison Tellier), өгүүлэгүүд
- 1882 — «Мадемуазель / хатагтай Фифи» (Mademoiselle Fifi), өгүүлэгүүд
- 1883 — «Милон өвөө» (Le père Milon), өгүүлэгүүд
- 1883 — «Амьдрал», роман
- 1883 — «Ой модны өгүүлэгүүд » (Contes de la bécasse),
- 1884 — «Сарны туяа» (Claire de lune),
- 1884 — «Мисс Гарриет» (Miss Harriet),
- 1884 — «Мисти» (Misti, 1884), рассказы
- 1884 — «Рондоли эгч дүүс» (Les sœurs Rondoli),
- 1884 — «Наран дор» (Au soleil), замын тэмдэглэл
- 1885 — «Хонгор найз», роман
- 1885 — «Иветт» (Yvette),
- 1885 — «Өдрийн болон шөнийн үлгэрүүд» (Contes du jour et de la nuit),
- 1885 — «Туан» (Toine),
- 1886 — «Бяцхан Рок» (La petite Rocque),
- 1886 — «Ноён Парен» (Monsieur Parent),
- 1887 — «Монт-Ориоль», роман
- 1887 — «Орля» (Le Horlà),
- 1888 — «Пьер болон Жан» (Pierre et Jean), роман
- 1888 — «хатагтай Гюссоны сонголт» (Le rosier de m-me Husson),
- 1888 — «Усан дээр» (Sur l’eau),
- 1889 — «Үхэл шиг хүчтэй» (Fort comme la mort), роман
- 1889 — «Солгой гараараа» (La main gauche),
- 1890 — «Бидний зүрх» (Notre coeur), роман
- 1890 — «Тэнэмэл амьдрал» (La vie errante), замын тэмдэглэл
- 1890 — «Үр ашиггүй гоо сайхан» (L’inutile beauté),
Ги де Мопассаны «Амьдрал», «Хонгор найз», «Монте-Ориол» роман, зарим олон өгүүллэгүүд нь монгол хэлээр орчуулагджээ.