Элэгний B вирус

(Гепатит В вирус-с чиглүүлэгдэв)
Элэгний В вирусээр үүсгэгддэг өвчний тухай Гепатит B өгүүллээс үзнэ үү.

Элэгний B вирус буюу гепатит В вирус нь Hepadnaviridae бүлд Orthohepadnavirus-ийн төрөлд хамаарах[1]вирус бөгөөд В гепатит өвчний үүсгэгч.[2]

Гепатит B вирус
Электрон микроскопын гепатит В вирусийн микрограф
Ангилал (Вирус)
Group: Group VII (dsDNA-RT)
Баг: Хувиарлагдаагүй
Овог: Hepadnaviridae
Төрөл: Orthohepadnavirus
Зүйл: Hepatitis B virus
В вирусийн тархац

Үүсгэгдэх өвчин

засварлах
Гол өгүүлэл: Гепатит B


В гепаптитаас гадна, гепаптит В вирусийн халдвар нь цирроз ба элэгний жинхэнэ эсийн хавдарыг (Англи: hepatocellular carcinoma) үүсгэх магадлалтай.[3]

Мөн элэгний хорт хавдрын (Англи: pancreatic cancer) тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэж үздэг.[2]

Ангилал

засварлах

Orthohepadnavirus-ийн төрөлд хүний элэгний В вирусээс гадна (Англи: HBV), галууны элэгний В вирус (Англи: DHBV), зурамны элэгний вирус (Англи: Ground squirrel hepatitis virus), тарваганы элэгний вирус (Англи: Woodchuck hepatitis virus), ноосорхог сармагчны элэгний В вирус (Англи: Woolly monkey hepatitis B virus) зэрэг олон төрлийн ижил төстэй вирусүүд ордог. Одоогоор хүний элэгний В вирус нь хүн, хуучин[4] болон шинэ ертөнцийн сармагчин, мич (Орангутан, Гиббон, Горрила, Шимпанзе, Ноосорхог сармагчин) болон Ази тивийн модны гэрэлзгэнэд (Tupaia belangeri) халдварлаж элэгний үрэвсэл үүсгэж чаддагийг тогтоогоод байна.

Ази тивийн модны гэрэлзгэнээс бусад хүний элэгний В вирусын халдвар авдаг амьтад нь бич болон сармагчингийн төрөл байдгаас болж уг вирусийн судалгааг хийх жижиг туршлагын амьтангүй байгаа нь уг вирусийн эсрэг эм бэлдмэл гаргах болон бусад суурь судалгаанд ихээхэн төвөгтэй байдлыг бий болгодог юм.[баримт хэрэгтэй]

Нээгдсэн түүх

засварлах

Элэгний В вирусийг 1967 онд анх Барух Бламберг тодорхойлсон бөгөөд Австралийн антиген (эсрэг төрөгч) гэж нэрлэж байжээ. Үүнээс өмнө хүн төрөлхтөн ийлдэсний шар өвчин гэдгээрээ аль хэдийн танил болсон байсан бөгөөд халдвартай хүний цусаар дамжин халдварладаг, бүх бие шарладаг өвчний талаар бичиж үлдээсэн түүхэн баримтууд зөндөө байдаг. Элэгний В вирусийн нээгдсэн түүх нь өөрөө их сонирхолтой юм. Учир нь Бламберг ийлдэсний шар өвчний үүсгэгчийг нээхийг анхлан зориогүй байсан бөгөөд Австралийн уугуул иргэний ийлдсэнд агуулагдах нэгэн зүйл нь Австралид шинээр ирэн суурьшсан хүмүүсийн ийлдэстэй холих үед тунадасжих урвал явагдаж байгааг санамсаргүй ажигласан байна. Энэ үед эсрэг төрөгч болон эсрэг биеийн тухай ойлголт аль хэдийн тогтворжсон байсан бөгөөд уугуул иргэдийн нэлээд хувьд байх ямар нэгэн эсрэг төрөгч нь Австралийн бусад оршин суугчдын эсрэг биетэй урвалд орж байгаа нь эргэлзээгүй байлаа. Улмаар уг урвалд орж байгаа эсрэг төрөгч нь ийлдэсний шар өвчний үүсгэгч болохыг нээж уг нээлтээрээ 1976 онд Нобелийн шагнал хүртсэн билээ. Мөн 1969 онд, элэгний В вирусийг нээснээс хоёрхон жилийн дараа анхны вакциныг мөн Бламберг нээсэн билээ.

Элэгний В вирус нь амьтны хамгийн жижиг, бүрхүүлтэй вирус бөгөөд гадна талаараа өөхөн бүрхүүлтэй дотор талдаа икосахедрал геометрийн бүтэц бүхий цөмийг агуулсан. Цөм дотроо хагас давхар ДНХ-ийн утаслаг болон вирусийн полимер уургийг агуулсан бүтэцтэй байдаг. Вирусийн хэмжээ нь 42 нанометр бөгөөд энэ нь ханиадны вирусийн хэмжээнээс даруй 10 дахин бага хэмжээ юм. 42 нанометр бүхий вирусийг халдварлах чадвартай вирус гэж нэрлэдэг. Үүнээс гадна 22 нм бүхий дотор талын цөмийг агуулаагүй, зөвхөн гадна талын бүрхүүл, бүрхүүлийн гадна орших 3 төрлийн уургийг агуулсан вирус төст зүйл мөн вирусийн амьдралын мөчлөгийн явцад эсээс ялгаран гардаг бөгөөд үүнийг subviral particle эсвэл HBsAg гэж ерөнхийлөн нэрлэдэг. 22 нм бүхий вирус төст бүтэц нь халдвар үүсгэх чадваргүй бөгөөд үүний шалтгаан нь уг бүтцэд вирусийн ДНХ байдаггүйтэй холбоотой. Элэгний эсээс ялгарах Dane particle болон subviral particle ийн харьцааг 1:1000 гэж үздэг. Яагаад вирус амьдралын мөчлөгийн явцад халдварлах чадваргүй их хэмжээний subviral particle ийг гаргадгийг одоогоор мэдэхгүй байгаа бөгөөд магадгүй эзэн биеийн дархлааны урвалаас өөрийгөө хамгаалах нэг арга хэрэгсэл байж магадгүй гэсэн таамаг байдаг. Энэ таамаглал үнэн байж магадгүй нэгэн баталгаа нь subviral particle-ийг ялган аваад эрүүл хүнд тарихад халдвар үүсгэхгүй мөртөө дархлааны хариу урвалыг амжилттай өдөөж дархлааны ой санамжийг үүсгэдэг нь юм. Вирусийн геномын хэмжээ маш жижигхэн бөгөөд дунджаар 3200 нуклеотидээс тогтдог. Энэ нь ДОХ-ын вирусээс 3 дахин, Элэгний С вирусээс 3 дахин, ханиадны вирусээс 5 дахин бага хэмжээ боловч элэгний В вирусийн нийтдээ 7 уургийг кодлож чаддагийг нь харвал уг вирус өөрөө ямар гайхамшигтай бүтээл болох нь илэрхий. Вирусийн гадаргуу дээр 3 төрлийн уураг (PreS1, PreS2, HBsAg) байрладаг бөгөөд эдгээр уургийг эс рүү нэвтрэх болон cccDNA ийн тоо хэмжээг хянахад ашигладаг. Липидэн бүрхүүлийн дотор орших икосахедрал цөмийг HBV core гэдэг уураг бие биетэйгээ нэгдэн үүсгэдэг бөгөөд 120 ширхэг цөм нь нэг ширхэг икосахедрал цөмийг үүсгэнэ. Цөмийн дотор талд ДНХ-ийн ширхгийн нэг үзүүрт бэхлэгдэн орших HBV полимер уураг байрладаг. HBV нь амьдралынхаа мөчлөгийн явцад 2 ширхэг вирусийн бүтцийн бус уураг нийлэгжүүлэн гаргадаг бөгөөд эдгээрийг HBeAg болон X уураг гэж нэрлэдэг. X уургийг вирусийн репликацид чухал үүрэгтэй гэж үздэг бол HBeAg-ыг чухам яах гэж нийлэгжүүлдэг талаар одоохондоо бид мэдээгүй л байна.

Генотип болон серотип

засварлах

Бусад вирусийн адил HBV нь хувьсах чадвар өндөртэй бөгөөд он удаан цагийн хувьслын үр дүнд мянга мянган өөр төрлийн HBV үүсэн хөгжсөнийг генотип болон серотип гэсэн нэр томьёоны дагуу хуваан ангилдаг. Серотип гэдэг нь хүний цусанд HBV-ийн эсрэг үүссэн эсрэг биетэй урвалд орох чадвараар нь ангилсныг хэлдэг бол генотип гэдэг нь тухайн HBV-ийн геномын адил төстэй талуудаар ангилсан ангилал юм. Вирус ayw, adw, adr, ayr гэсэн нийтдээ 4 том серотипэд ангилагддаг. Эдгээр үсгүүд нь вирусийн HBsAg-ний амин хүчлийн дарааллын ялгааг илэрхийлдэг бөгөөд серотип өвөрмөц эсрэг бие гарган авсантай холбогдсон нэршил юм. Үүнийг тайлбарлавал, ayw өвөрмөц эсрэг бие нь ayw HBV-ийн эсрэг л урвал явуулах бөгөөд adw, adr, ayr серотипийн вирустэй холбогдохгүй гэсэн үг юм. Генотипийн хувьд нийт геномын 8%-с дээших ялгаатай байдлаар нийтдээ 8 ширхэг генотипэд хуваагддаг (A, B, C, D, E, F, G, H). Генотипийн болон серотипийн ялгааны гол ач холбогдол нь вакцинжуулалт байсан бөгөөд 1986 онд Пастерын Хүрээлэнд гаргаж авсан рекомбинант вакцин нь бүх төрлийн генотип болон серотипэд адилхан үйлчилдгээрээ онцлог юм. Тархалтын хувьд Европ, Энэтхэг, Монголд ayw вирус ихээр тархсан байдаг бол Хятад, зүүн өмнөд Азийн орнуудад adw, adr вирусүүд ихээр тархсан байдаг. Элэгний В вирусийн халдвар авсан хүний цусанд дунджаар 10-20 янзын элэгний В вирус эргэлддэг бөгөөд үүнийг quasispecies гэсэн нэрээр нэрлэдэг. Ихэнх тохиолдолд эдгээр вирус нь нэг вирусээс гаралтай өөрчлөгдсөн хувилбарууд байдаг бөгөөд 2 3 удаа өөр өөр генотипийн вирусийн халдвар авсан тохиолдолд эдгээр өөр генотипийн вирусүүдийн дундаас шинэ генотипийн вирус үүсэн гарах боломж байдаг. Энэ нь вирусийн генотипийн болон субгенотипийн тоог ихэсгэх нэг шалтгаан нь болж өгдөг.

Амьдралын мөчлөг

засварлах

Бусад вирусийн нэгэн адилаар элэгний В вирус эсэд нэвтрэн орж эсийн дотор үржин олшроод эсээс гадагшилдаг. Гадагшилж гарсан шинэ вирусүүд мөн дараагийн шинэ эсэд нэвтрэн орсноор вирусийн амьдралын мөчлөгийг давтдаг. Тэгэхээр амьдралын мөчлөг гэдэг нь эсэд нэвтэн орохоос эхлээд эсээс гадагшаа гарах хүртэлх хугацаа юм гэж тодорхойлж болно. Мэдээж эсийн гадна байх тэр үе амьдралын мөчлөгт орно. Ихэнх вирусийн хувьд эсэд нэвтрэн орохдоо бие махбодын чухал хэрэгтэй эндоцитозын механизмуудыг ашигладаг. Зарим вирус эсийн гаднах өөрийн рецептортой нэгдсэний дараа шууд эсийн мембраныг зүсэж ордог ч механизм байдаг. В вирусийн хувьд ямар механизмаар эсийн гадаргуу дахь ямар уургийг рецептор болгон ашиглаж ордог нь тодорхойгүй байгаа учраас энэ бүхнийг тайлбарлаж бичлээ. Ихэнх судлаачид В вирус эсийн гадаргуугийн ямар нэгэн уурагтай (рецептортой) холбогдсоноор эс рүү нэвтрэн ордог гэдэгтэй санал нэгддэг. Магадгүй 1 биш нэлээд хэдэн уурагтай дараалан холбогддог ч байж болох юм. Үүний дараа эсийн дотор орсон вирус эсийн бөөм рүү шилжинэ. Эсийн бөөм рүү нэвтрэн орох түлхүүр нь В вирусийн core уурагт (nuclear localization signal) байрладаг. Нэгэнт бөөмд нэвтрэн орсон вирус нь эсийн геномд интеграц болж ордоггүй бөгөөд өөрийн биеэ даасан бичил хромосомыг үүсгэдэг. Үүнийг cccDNA гэж нэрлэнэ. Энэхүү бичил хромосомоос вирусийн бүхий л мэдээллийг хуулсан нэг том mRNA, вирусийн гадаргуугийн 3 уургийг кодолдог 2 төрлийн mRNA, X protein кодолдог 1 mRNA, нийтдээ 4 mRNA нийлэгждэг. Хамгийн том mRNA нь pregenomic RNA гэж нэрлэгддэг бөгөөд үүнээс шинээр гарах вирусийн ДНХ, вирусийн полимераз уураг, вирусийн цөмийг бүрдүүлэгч core уургууд нь нийлэгжин гардаг байна. Иймэрхүү төрлийн амьдралын мөчлөгтэй вирус амьтанд элэгний В вирусаас өөр байдаггүй. Ихэнх ДНХ агуулсан вирусүүд ДНХ-гээсээ ДНХ-г нийлэгжүүлдэг бол элэгний В вирус РНХ-гээс ДНХ-гээ нийлэгжүүлж гаргадаг. Ийм ч учраас вирусийн полимераз уургийг эргэх транскриптаз гэж нэрлэдэг. Одоо үед бидний амжилттай хэрэглэж байгаа В вирусийн эсрэг нуклеозидын аналог бүлгийн бүх эм нь эргэх транскриптаз уургийг хориглодог юм. Хүний биед эргэх транскриптаза уураг байдаг бөгөөд ганцхан үүдэл эсүүд болон хавдрын эсэд л идэвхтэй тодорхойлогддог. Эсийн өөрийнх геномын ДНХ нь эсийн бөөм дотор нийлэгждэг бол вирусийн ДНХ нь вирусийн цөм дотроо, эсийн цитоплазмд нийлэгждэг байна. ДНХ-гийн нийлэгжилт дууссан хойно вирусийн цөм нь эсийн эндоплазмын торлог руу шилжиж эндоплазмын торлог дээр липидэн бүрхүүлээр бүрэгдэн улмаар эсээс гадагшлана.

Мөн үзэх

засварлах
  1. Hunt, Richard (2007-11-21). "Hepatitis viruses". University of Southern California, Department of Pathology and Microbiology. Татаж авсан: 2008-03-13.
  2. 2.0 2.1 Hassan MM, Li D, El-Deeb AS, Wolff RA, Bondy ML, Davila M, Abbruzzese JL (2008). "Association between hepatitis B virus and pancreatic cancer". Journal of Clinical Oncology. 26 (28): 4557–62. doi:10.1200/JCO.2008.17.3526. PMC 2562875. PMID 18824707.
  3. Schwalbe M, Ohlenschläger O, Marchanka A, Ramachandran R, Häfner S, Heise T, Görlach M (2008). "Solution structure of stem-loop alpha of the hepatitis B virus post-transcriptional regulatory element". Nucleic Acids Research. 36 (5): 1681–9. doi:10.1093/nar/gkn006. PMC 2275152. PMID 18263618.
  4. Dupinay T, et al. (November 2013). "Discovery of naturally occurring transmissible chronic hepatitis B virus infection among Macaca fascicularis from Mauritius Island". Hepatology,. Vol. 58, no. 5. pp. 1610–1620. doi:10.1002/hep.26428. PMID 23536484.{{cite news}}: CS1 maint: extra punctuation (link)