Гарма Санжеев буюу Санжаагийн Гармаа (орос. Гарма Данцаранович Санжеев, 1902 оны 2-р сарын 2-нд төрж, 1982 оны 12-р сарын 6-нд Москва хотод нас барсан) — Зөвлөлтийн Буриад хэл зүйч-монгол судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор.

Гарма Санжеев

Гарма Санжеев 1902 оны 2-р сарын 2-нд Оросын хаант улсын Эрхүү мужийн Балаганский дүүргийн Тайшин тосгонд төрсөн.

Тэрээр 9 настайдаа 1911 онд дунд сургуульд орж орос хэл сурсан. 1917 онд Черемховогийн худалдааны сургуульд элсэн орж, 1920 он хүртэл суралцаж төгсөөд бага сургуульд багшилж эхэлжээ. Үүний зэрэгцээ Санжеев Эрхүүгийн Улсын Их Сургуулийн багшийн факультетын бэлтгэл ангид суралцаж эхэлсэн. 1924 онд Ленинград руу нүүж, Дорно дахины амьд хэлний хүрээлэнгийн монгол хэлний ангид элсэн орсон. Тэрээр дорно дахины судлаач академич Василий Бартольд, хэл шинжлэлийн академич Лев Щерба нарын лекценд сууж байсан бөгөөд Их сургуульд "монгол семинар" зохион байгуулсан монголч эрдэмтэн Борис Владимирцовын удирдлага дор аспирантурыг дүүргэсэн байна.

1927 оны зун Санжеев Б.Владимирцовын даалгавараар БНМАУ-ын Хөвсгөл аймагт оршин суудаг Дархад ястны угсаатны зүй, хэл шинжлэлийн шинжилгээ хийжээ. Энэ судалгааны дүгнэлтээр дархадууд бол монголжсон урианхайчууд юм гэж үзсэн байна.

1931 онд Гарма Санжеев аспирантур төгсөөд Москвагийн Н.Наримановын нэрэмжит Дорно дахины институтэд монгол хэлний тэнхимийг удирдаж байв. 1930-аад он бол Буриад, Халимаг, Монголын монгол хэлтэн ард түмний соёлын эрчимтэй хөгжлийн үе байсан бөгөөд эдгээр үйл явцад Санжеев оролцож байжээ. 1932 онд "Монгол-Орос толь бичиг" хэвлүүлж, дараа нь монгол хэлний хэд хэдэн сурах бичиг бүтээх ажилд гар бие оролцсон байна.

1951 онд Г.Д.Санжеев ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Солонгос, Монголын салбарыг, дараа нь Алс Дорнодын филологийн салбар, Түрэг-Монгол, Алс Дорнодын хэлний секторыг удирдаж байжээ. Зөвлөлтийн "Хэл шинжлэлийн асуудлууд" (орос. Вопросы языкознания) сэтгүүлийн ерөнхий редакторын орлогч (1952-1955) байсан. 1954 оноос хойш тэрээр ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд ажиллахаар бүрэн шилжсэн. 1970-аад оноос монгол хэлний угсаа зүйн толь бичгийг бүтээж эхэлсэн ч амьд ахуйд нь энэ бүтээл хэвлэгдээгүй байна.

Гарма Данцаранович Санжеев 1982 онд Москва хотод нас барсан юм. Түүнийг Москвагийн Головины оршуулгын газарт оршуулжээ.

Эрдэмтэн өөрийн хувийн том номын сантай байсан бөгөөд түүнийг нас барсны дараа Буриадын шинжлэх ухааны төвийн номын санд шилжүүлжээ. Түүний цуглуулгад орос, буриад, монгол, хуучин монгол, хятад хэл дээрх номууд байсан юм.

2012 онд Дорно дахины судлалын хүрээлэнгийн Ази, Африкийн хэлний тэнхимийн эрхлэгч З.М.Шаляпина толь бичгийг хэвлүүлэх ажлыг санаачилжээ. 2015 онд анхны боть нь хэвлэгдсэн байна.