Виндзор цайз
Виндзор цайз (англи. Windsor Castle) — Английн Беркшир мужийн Виндзор хот дахь Их Британийн хаадын албан ёсны өргөө. Энэхүү цайз XI зуунаас хойш 900 жилийн турш сүндэрлэн буй, Тэмз мөрний хөндийн толгод дээр байдаг Хаант засаглалын бат бөх бэлгэ тэмдэг бөгөөд түүхэн уран барилгын нэгэн төлөөлөл юм.
Түүх
засварлах1066 оны Норманы байлдан дагуулалтын дараах эхний арван жилд байлдан дагуулагч 1-р Виллиам Лондонг тойруулан, бие биеэсээ 30 км-ийн зайд хиймэл толгод дээр шилтгээнүүдийг барьжээ. Виндзор цайз нь Тэмз мөрөн болон Виндзорын ойд (хааны ан агнуурын газар) ойрхон оршдог тул эдгээр бэхлэлтүүд хамгийн стратегийн ач холбогдолтой байв. Энэ нь анх Тэмз мөрний эргээс 30 метрийн зайн дахь өндөрт, хүний гараар хийсэн шохойн чулуун толгодын орой дээр, чулуун хэрмээр хүрээлэгдсэн модон цайз байв. Цайзын зүүн талд нэмэлт модон хэрэм барьсан (хожим нь энэ нь Дээд хашаа болсон), зууны эцэс гэхэд толгодын баруун талд хана босгожээ. Энэхүү цайзын ерөнхий төлөвлөгөө өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.
Виндзор цайз өөрийн өргөө болгон ашигласан анхны хаан бол 1121 онд Аделатай гэрлэсэн I Хенри (1110 оноос) байсан юм. Ойролцоогоор энэ үед модон цайзын хэсэг нь толгодын суултаас болж нурсан байна. Уул толгодыг бэхэлж, чулуугаар цайз босгожээ. 1154 онд хаан ширээнд суусан II Хенри Виндзор цайзын тохижилтыг үргэлжлүүлж, цайзын урд талын модон цэцэрлэгийг чулуун хэрмээр сольж, шинэ цайз барьж, толгодыг бэхжүүлсэн байна.
1214, 1216 оны англи баронуудын бослогын үеэр Виндзор цайз бүслэгдсэн боловч барон болон Францын цэргүүд түүнийг эзлэж чадаагүй юм. 1216-1221 оны хооронд цайзыг сэргээж дахин бэхэлсэн байна. Хожим нь цайзын ханыг дахин барьж, хаалга нэмж, Харуулын цамхаг, Гартер цамхаг, Солсберийн булан гэсэн гурван шинэ цамхаг барьсан юм. Төв ханыг урд талын ханаар бэхэлсэн байсан бөгөөд хоёр талд нь III Эдвард ба III Хенри нарын цамхгууд бий.
Виндзор шилтгээн нь III Хенри хааны оршин суух дуртай газар байсан бөгөөд тэрээр түүнийг тохижуулахад маш их мөнгө зарцуулж, ялангуяа цайзын хойд хэсэгт тансаг ордон (1240-1263), мөн цайзын доод хэсэгт хэд хэдэн барилга байгууламж барьсан. Эдгээрийн хамгийн том нь Дарь эхийн дууллын сүм байв.
III Эдвард хаан Виндзор шилтгээнд төрж, хаанчлалынхаа ихэнх хугацааг энд өнгөрөөжээ.
18-р зуунд цайз хаадын сонирхол татахаа больж, хааны гэр бүлийн найзууд энд суурьшиж, жуулчдад зориулсан аялал зохион байгуулдаг болов. Зууны дунд үед Виндзор цайзын анхны хөтөч тайлбарлагч бий болжээ.
Энэхүү цайз нь 1760 онд хаан ширээнд суусан III Жорж хааны үед өргөө статусаа сэргээж эхлэв. Зочдын хүртээмж хязгаарлагдмал байсан тул сэргээн засварлах ажил эхэлсэн бөгөөд үүнд архитектор Жеймс Вайатт уригджээ. Сэргээн босголтод нийтдээ 150,000 гаруй фунт стерлинг зарцуулсан (2008 оны үнээр 100 сая фунт) байна.
20-р зууны эхээр цайзыг идэвхтэй шинэчлэх ажил эхэлсэн бөгөөд бүх өрөөнд цахилгаан гэрэлтүүлэг, төвлөрсөн халаалт суурилуулж, утасны шугам тавьж, автомашины гаражуудыг барьжээ. Ихэнх танхимуудын дотоод засал чимэглэлийг мөн шинэчилсэн. Зуун жилийн хугацаанд нөхөн сэргээлтийн ажил үе үе хийгдсэн байна.
Одоогийн байдлаар тус ордон нь үндэстний нэрийн өмнөөс Occupied Royal Palaces Estate байгууллагын эзэмшилд байдаг бөгөөд төрийн үйлчилгээг "Их Британийн Хааны өрхүүд" гүйцэтгэдэг. Виндзор цайз бол дэлхийн хамгийн том орон сууцны цайз юм (тэнд 500 орчим хүн ажиллаж, амьдардаг).
II Элизабет хавар (3-4-р сар) шилтгээнд нэг сар, 6-р сард долоо хоног, Гартерийн одонтой холбоотой уламжлалт ёслолд оролцдог байсан.
Түүнийг 2022 оны 9-р сард шилтгээнд, тухайлбал VI Жорж хааны дурсгалын сүмд оршуулжээ.
Тус цайзад мөн төрийн албан ёсны айлчлалын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Жил бүр 1 сая орчим гадаад дотоодын жуулчид уг шилтгээнийг үзэж сонирхдог.