Василий Аксёнов

Василий Павлович Аксёнов (1932 оны 8-р сарын 20-нд ЗХУ-ын Казань хотод төрсөн— 2009 оны 7-р сарын 6-нд Москвад нас барсан) — оросын зохиолч, кино зохиолч, орчуулагч, сурган хүмүүжүүлэгч.

Василий Аксёнов, 1980 он

1980 оноос 1990 онд АНУ-д амьдарч Их сургуулиудад багшилж, радиод ажиллаж байсан. Өгүүллэг бичихээс гадна уран сайханы кино зохиолууд бичдэг байсан.

Василий Аксёнов 1932 оны 8-р сарын 20-нд Казань хотод эцэг Павел Васильевич Аксенов (1899-1991), эх Евгения Соломоновна Гинзбург (1904-1977) нарын гэр бүлд төржээ. Тэрээр гэр бүлийн гурав дахь бөгөөд отгон хүүхэд байв. Эцэг Павел Васильевич Казань хотын Зөвлөлийн дарга, ЗХУ-ын Татар мужийн Коммунист намын хорооны товчооны гишүүн байв. Эх Евгения Соломоновна Казанийн сурган хүмүүжүүлэх дээд сургуульд багшаар ажиллаж, дараа нь "Красная Татария" сонины соёлын хэлтсийг удирдаж байжээ.

1937 онд Василий Аксеновыг таван нас хүрээгүй байхад эцэг, эх хоёр нь (эхлээд эх, удалгүй аав нь) баривчлагдаж, 10 жилийн хорих ял авч хоригдож байжээ. Вася хүүг хоригдлуудын хүүхдүүдэд зориулсан асрамжийн газарт албадан явуулсан байна. 1938 онд эцэг П.Аксеновын ах Андреян Васильевич Аксенов бяцхан хүүг Кострома дахь асрамжийн газраас олж өөр дээрээ авчээ. Вася хүү 1948 он хүртэл Ксения Васильевна Аксеновагийн (түүний авга эгч) гэрт амьдарч байжээ.

1956 онд Аксёнов Ленинградын Анагаах ухааны 1-р дээд сургуулийг төгсөж, Балтийн тэнгисийн усан онгоцны байгууллагад томилогдсон бөгөөд тэнд алсын зайны хөлөг онгоцонд эмчээр ажилласан байна. Эцэг эх нь аль хэдийн цагаадсан болов ч түүний намтарт хар толыо хэвээрээ байжээ. Хожим нь Аксёновыг Алс Хойд, Карелия, Ленинградын далайн худалдааны боомт, Москва дахь сүрьеэгийн эмнэлэгт хорио цээрийн эмчээр ажиллаж байсан гэж дурдсан байдаг.

Уран бүтээлийн эхлэл

засварлах

1960 оноос хойш Василий Аксёнов мэргэжлийн зохиолч болжээ. "Хамт олон" өгүүллэг (1959 онд бичсэн; Г. Стабовтой ижил нэртэй жүжиг, 1961; ижил нэртэй кино, 1962), "Оддын тасалбар" роман (1961 онд бичсэн; түүгээр "Миний бага дүү" кино хийсэн, 1962), “Мароккогийн жүрж” өгүүллэг (1962), “Цаг нь боллоо, найз минь, цаг боллоо” (1963), “Катапульт” (1964), “Сар хүрэх замын талд” (1966) цуглуулгууд, "Үргэлж худалдаанд" жүжиг ("Современник" театрын бүтээл, 1965); 1968 онд "Их нөөцтэй торх" хошин-зөгнөлт өгүүллэг хэвлэгджээ. 1964 онд тэрээр "Инээдэг хүн л инээдэг" хамтын детектив романыг бичихэд оролцсон.

1963 оны 3-р сард Кремльд сэхээтнүүдтэй уулзахдаа Никита Хрущев Аксёновыг Андрей Вознесенскийн хамтаар хатуу шүүмжилсэн юм.

Тэрээр 1967-1968 онд тэрс үзэлтнүүдийг өмгөөлөн хэд хэдэн захидалд гарын үсэг зурсан бөгөөд үүний төлөө ЗХУ-ын Зохиолчдын эвлэлийн Москва дахь салбараас зэмлэл хүртжээ.

1970-аад онд "дулаарал" дууссаны дараа Аксёновын бүтээлүүд эх орондоо хэвлэгдэхээ больсон. "Түлэгдэл" (1975), "Крымын арал" романууд хэвлээгүй байна Энэ үед Аксёновыг өөрийг нь болон түүний бүтээлийг шүүмжлэх нь улам ширүүн болжээ. 1977-1978 онд Аксёновын бүтээлүүд гадаадад, ялангуяа АНУ-д хэвлэгдэн гарч эхэлсэн.

Цагаачлал

засварлах

1980 оны 7-р сарын 22-нд тэрээр урилгаар АНУ руу явсан бөгөөд дараа нь ЗХУ-ын иргэншлийг хасчээ. 2004 он хүртэл тэрээр АНУ-д амьдарч байсан.

1981 оноос хойш Василий Аксёнов АНУ-ын янз бүрийн их дээд сургуулиудад Оросын уран зохиолын профессороор ажиллаж байна.

1980-1991 онд тэрээр сэтгүүлч байхдаа “Америкийн дуу хоолой” радио, “Эрх чөлөө” радиотой идэвхтэй хамтран ажилласан. "Тив" сэтгүүлтэй хамтран ажилласан. Аксёновын радио эссэ нь зохиолчийн "Гүтгэлгийн арван жил" (2004) цомогт хэвлэгджээ.

1992 онд тэрээр Орос дахь "Гайдарын шинэчлэл"-ийг идэвхитэй дэмжсэн.

Тэрээр 2009 оны 7-р сарын 6-нд Склифосовскийн нэрэмжит анагаахын эрдэм шинжилгээний хүрээлэнд нас барж, 2009 оны 7-р сарын 9-нд Москвад Ваганковскийн оршуулгын газрын "Зохиолчдын эгнээ"-нд оршуулжээ.