Вангийн цагаан уул
[[Ангилал:]]
Вангийн цагаан уул | ||
---|---|---|
Үнэмлэхүй өндөр | 1099 м | |
Байрлал | Халхгол сум, Дорнод аймаг Монгол | |
Солбицол | 47° 37′ 53″ У, 118° 37′ 3″ З | |
| ||
Онцлог | Тахилгат уул |
Вангийн цагаан уул нь Дорнод аймгийн Халхгол сумын нутагт улсын хилийн наахна оршдог уул. Далайн түвшнээс дээш 1,099 метр өндөрт орших эртний тахилгат уул. Их талын дунд орших уул учраас бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг. Вангийн цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газрууд байх бөгөөд Халхын мэргэн ван Тогтохтөр ардуудтайгаа нутаглан амьдарч байжээ. Уулын тахилгыг 1937 онд хааж 1990 онд буцааж сэргээсэн бөгөөд өдгөө 3 жил тутамд нэг тахидаг.
Вангийн цагаан уул Дорнод аймгийн Халхгол сумын нутагт улсын хилээс 36 км-т оршдог бөгөөд эртнээс тахиж ирсэн тахилгатай уул юм.
Домог
засварлахМонгол улс Манжийн дарлалд байх хүнд хэцүү цаг үед Манжийн нэгэн түшмэл эзэн хаандаа ажил хэрэгч, ухаалаг түшмэл болж харагдах гэж ихэд хичээдэг байжээ.
Их зант түшмэл Монгол нутгийн Цагаан уулыг өөрийн эзэмшил газраа хэмээн өмчлөхөөр улайрч гэнэ. Үүнд эгдүүцсэн Халхын мэргэн То ван ийн хэлжээ. “Энэ уул яг нэг үхрийн ширний хэмжээтэй. Үхрийн ширний хэмжээнээс илүү гарсныг нь та ав даа, харин танай манай хоёр айл хөрш болон амьдрах болбол манай нохой идүүртэй хоолноосоо танай нохойд долоолгохгүй байх шүү” гэжээ. Далд утгатай энэ үгийг тайлж эс чадсан манж түшмэл “хичнээн том үхрийн шир байлаа ч бүхэл бүтэн уулнаас юу хороож чадах билээ, ийм тэнэг хүн яаж яваад вангийн зэрэгт хүрсэн юм бол хөөрхий, манай ихэс дээдэс ийм тэнэг монголчуудын юунаас нь тэгтлээ айн болгоомжилдог байна, өнөөх айхтар эр зориг цэцэн цэлмэг ухаан нь тэгээд энэ үү, би энэ уулыг гартаа оруулах нь тодорхой боллоо. Тэр цагт хаан эзэн миний хичээл зүтгэлийг үнэлэх буй за” гэж хэлээд, “за тохирлоо шүү, ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж танайхан ярьдгийг та юу эс андах билээ, энэ уулнаас ердөө нэг үхрийн ширний хэмжээтэй нь танай газар нутаг, илүү гарсан нь бүгд минийх болно шүү” гэв. Ингээд гурав хоногийн дараа уулзаж Цагаан уулыг хувааж авахаар болжээ. Мэргэн То Ван том эр үхрийн ширийг тойруулан хурц хутгаар утас шиг нарийхан болгон зүсүүлж маш урт сур бэлдэж, хатаж агшихаас нь сэргийлэн усанд хийн хадгалжээ. Ингээд болзсон өдөр ирэхэд То ван манж түшмэлд хандаж, “За сайн харж байгаарай” гээд урт сураа хөврүүлсээр Цагаан уулыг битүү цагираглан хүрээлэхэд хоёр алд хэртэй үзүүр илүү гарчээ. Тэгээд То ван “манай уулнаас нилээд хэсгийг нь хулгайч авсан байна. Олон жилийн өмнө аав минь эзэн хаанд бэлэглэхээр зэхсэн алтаа энэ ууланд нуусан гэдэг. Гэтэл алт нуусан яг тэр хэсэг нь алга болсон байна, та тэр алтыг хулгайлж аваад дахин алт олох гэж шунахайрч байгаа юм байна. Энэ уулыг манай уул гэж зарга үүсгээд байсан учрыг чинь оллоо. Би таны тухай эзэн хаанд зарга мэдүүлэх болно” гэж их л ширүүхэн хэлж гэнэ.
Гавъяа шагнал битгий хэл ял шийтгэлд ч унаж магадгүй болсон манж түшмэл сандран, “үгүй дээ тэнгэр угсаат түшмэл минь, би юу дутсан гэж хулгай хийх билээ, тэр алтыг лав өөр муу хүн авсан байх, тэр хулгайчийг барих хэрэгтэй шүү” гээд То ванд мөнгөн ембүү хоёрыг бариад яарч сандран буцжээ.
Мэргэн То ван эр зориг гарган ухаан сийлж нутгийн уулаа харийн түшмэлд алдалгүй авч үлдэж чадсан учир тэр уулыг Мэргэн То вангийн цагаан уул гэж нэрлэх болжээ. Он цаг улирах хэрээр Мэргэн То нь орхигдон Вангийн цагаан уул болон үлджээ.[1]
Эшлэл
засварлах- ↑ travel.dornod.gov.mn