Бэтүб хийд
Бэтүб хийд- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод орших Бурханы шашны хийд.
Бурхан багшийн Арван зургаан Найдан бурхадын нэг Бакулагийн 19 дэх хойд дүр Бакула Ринбүүчий 1999 онд үүсгэн байгуулжээ. Хийдийн барилга нь цэвэр түвд хэлбэр загвараар баригдсан байна.
Бакула Ринбүүчий 1989 оноос Энэтхэг улсаас Монголд суух Элчин сайдаар томилогдон 2001 он хүртэл олон жил ажиллажээ. Монгол Улсад 1990 оноос шашин соёлоо чөлөөтэй шүтэх болсноор Бакула Ринбүүчий Монгол оронд сүм хийд сэргээх, шинээр барьж байгуулах ажилд тусалж, шашны сургууль байгуулж, Монгол, Энэтхэг хоёр улсын харилцааг "оюуны түнш" хэмээх шинэ шатанд гарган хөгжүүлжээ.
Өнөөгийн байдлаар 40 гаруй лам хувраг шавилан сууж, дэргэдэх шашны сургуульд мөн адил тооны шавь суралцагч байдаг. Тус сургуульд ерөнхий боловсролын 6 дугаар анги төгссөн, бурханы номыг хичээнгүйлэн суралцах хүүхдүүдийг авч суралцуулдаг байна.
2017 оны 7-р сарын 19-ний өдөр 20 дахь дүрийн Ринбүүчий манай улсад айлчилж ирсэн байна. Энэ үеэр түүнийг арслан ширээнд залах ёслол Бэтүб хийдэд болсон юм. Түүнд хүндэтгэл үзүүлж “Их майдар” төслөөс "Босоо майдар” бурхныг өргөн барьсан юм. Ёслолын үйл ажиллагаанд сүсэгтэн олон өргөнөөр оролцсон юм. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, бурханч лам Г.Пүрэвбат, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар оролцсон байна.
2023 онд тус сүмэд их засвар хийсэн.
Хийдийн орчин
засварлахБаруун дамнуурчны өргөн чөлөөний урд өвс, түлээний зах, түүний урдхан талд нүүрсний зах байжээ. Нүүрсний захын зүүхэн талд элдүүрчин, мужаан, төмрийн дархчуулын хэсэг байжээ. 1910 оны 3 дугаар сарын 16-нд мужааны пүүсийн орчим монгол, хятадын хооронд том зодоон болсон түүхтэй. Энэ зодоонд жирийн харчуудаас гадна Гандан, Зүүн хүрээний лам нар оролцжээ. Зодооныг зогсоохоор Манж амбан Сандо жууз тэрэг хөлөглөн хүрч очсон боловч лам нарын нүүлгэсэн чулуунд сүйх тэргээ хэмхлүүлэн амь наана там цаана гэгч болон зугтсан хэмээн Богдын Донир агсан Жамбал өгүүлжээ. Хятадын “Шинэ Бээжин” пүүс Маймаа хотоос хятадын театр “ши янгууны газар”-ыг нүүлгэн авчирч энд барьснаар түлээн зах нүүжээ. Ши янгууны газар нь 1960-аад он хүртэл хотын олон хөлийн газрын нэг байв. 1960-аад онд Ши янгууны газрыг өөрчлөн одоогийн Тээврийн товчооны зүүнтээ байсан хотын барааны захыг энд шилжүүлэн буулгасан ажээ. Төд удалгүй барааны захыг нүүлгэн буурин дээр нь Бэтүб хийдийг байгуулжээ.