Буриад-Монголын автономит муж

Буриад-Монголын автономит муж (орос. Буря́т-Монго́льская автоно́мная о́бласть буюу Автономная область Бурят-Монгол Дальнего Востока) — Алс Дорнодын Бүгд Найрамдах улсын (орос. Дальневосточной республика) засаг захиргааны нэгэн нэгж байсан, дараа нь 1921 оны 4-р сарын 27-ноос 1923 оны 5-р сарын 30 хүртэл Зөвлөлт Орос Холбоот Социалист Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан.

Засаг захиргааны төв нь Чита хот.

1921 оны 4-р сарын 27-нд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Байгаль нуур (орос. Прибайкальский) орчмын болон Өвөрбайгалийн бүс нутгийн (орос. Забайкальский) хэсгүүдээс бүрдүүлж байгуулагдсан байна. Энэ өдөр Буриадын депутатууд өөрсдийгөө Буриад-Монголын их хурал хэмээн тунхаглаж, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд багтаж Буриад-Монголын Өөртөө Засах мужийн Түр захиргааг байгуулжээ. 1921 оны 8-р сарын 18-ны өдрийн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын хуулиар түр захиргааны эрх зүйн батламж гаргаж өгсөн байна. Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсад Буриад-Монголын Өөртөө Засах мужийн хил хязгаарыг тодорхой заагаагүй нь хүн амын бүлгүүдийн хооронд газрын маргаан гарч байсан юм. Дотоод хэргийн сайд Байгаль нуурын баруун талын нутгаас буриадуудыг өөртөө засах орон руу нүүхийг түр зогсоож, Оросууд эзэлсэн учир газар хүрэлцэхгүй байна гэж тайлбарлаж байжээ.

Буриад-Монголын мужийн өөртөө засах засаглалын тухай журмыг Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын эрх баригчид сүүлд 1922 оны 10-р сарын 21-нд баталсан байна.

Буриад-Монголын өөртөө засах муж Агийн (бур.Агын тойрог), Баргажан (бур. Баргажанай аймаг) , Хорины (бур. Хориин аймаг) болон Чикой гэсэн 4 хэсгээс бүрдэж байжээ.

1923 оны 5-р сарын 30-нд Буриад-Монголын өөртөө засах мужийг нэгтгээд Верхнеудинкс (өнөөгийн Улаан-Үд) төвтэй Буриад-Монголын Өөртөө засах Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс (орос. Бурят-Монгольская Автономная Социалистическая Советская Республика) болсон байна.