Буриадын Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр
Гомбын Цэдэнжавын нэрэмжит Буриадын Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр (буриад. Гомбо Цыдынжаповай нэрэмжэтэ Ленинэй ордентэй Буряадай гүрэнэй академиин оперо болон баледэй театр) - ОХУ-ын БНБуриад Улсын нийслэл Улаан-Үд хотод 1938 онд байгуулагдсан урлагийн байгууллага.
Түүх
засварлах1920-иод оны дундуур Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Буриад-Монгол Улсын /ЗСБНАБМУ/ үед хөгжмийн сургууль, хөдөлгөөнт хөгжмийн дугуйлан зэрэг байгуулагдаж байсан ажээ. Улмаар 1929 онд Улаан-Үд хотод хөгжим-театрын студи байгуулагдаж, түүний суурин дээр 1931 онд урлагийн техникум анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Буриадын Хөгжмийн театрын анхны жилүүдэд хөгжмийн зохиолч П.М.Берлинский, М.П.Фролов, В.И.Морошкин (1909—1942), бүжиг дэглээч И.А.Моисеев, М.С.Арсеньев, хөгжмийн удирдаач М.А.Бухбиндер, багш Т.Глязер, В.Обыденная, найруулагч И.Туманов, Александр Васильевич Миронский (1899—1955), жүжигчин, найруулагч Г.Цэдэнжав, зураач Г.Л.Кигель, А.Тимин зэрэг хүмүүс ажиллаж байжээ.
1938 оны 12 дугаар сарын 20-нд ЗСБНАБМУ-ын Гүйцэтгэх Зөвлөлийн удирдах Зөвлөл Үндэсний Драмын театрыг Хөгжимт Драмын театр болгож өөрчлөх шийдвэр гаргасан байна. Театрт хөгжмийн болон театрын сургуулиудын шинэ төгсөгчид нэмж ирэн найрал дуучид хөгжимчдийн бүрэлдэхүүн нь өргөжсөн байна.
1940 оны 10 дугаар сарын 20-нд ЗХУ-ын нийслэл Москва хотод Буриад-Монголын урлагийн 10 хоног эхэлжээ. Буриад-Монгол Улсын шинэ Театр П.Берлинскийн “Баяр”, В.Морошкины “Эржэн” хөгжимт жүжиг, үндэсний туульсаас сэдэвлэсэн “Энх-Булат Баатар” буриадын анхны дуурийг үзүүлжээ. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар тус театрыг Лениний одонгоор шагнасан бөгөөд Ерөнхий найруулагч Г.Цэдэнжавыг ЗХУ-ын Ардын жүжигчин цолоор шагнажээ.
Аугаа эх орны дайны үед театр нь хэд хэдэн концертын баг бригад байгуулж Улаан-Үд, Өвөрбайгалийн болон Алс Дорнодын цэргийн анги, нэгтгэл, эмнэлгүүдэд тоглолт хийж байсан. 1943 оны өвөл Г.Цэдэнжавын удирдсан концертын бригад Беларусийн фронтын зарим хэсэгт 60 гаруй концерт тоглож байсан байна. 1943 онд театр анхны балетын тоглолт болох Б.Асафиевын "Бахчисарайн усан оргилуур", П.И.Чайковскийн "Евгений Онегин" дуурийг тайзнаа тавьсан түүхтэй.
Дайны дараа 1946 онд театрын зарим залуу жүжигчдийг Москва, Ленинградын консерватори, бүжгийн сургуульд суралцахаар явуулсан. Г.Цэдэнжав Москвагийн урлагийн театрт найруулагчийн дадлага хийв. 1948 онд Хөгжимт драмын театрыг хоёр салгаж Хөгжимт театрын үндсэн дээр Буриадын Дуурь бүжгийн театр байгуулагдсан.
1952 онд театрт зориулж 718 хүний суудалтай барилга баригдсан. Барилгын төслийн зохиогч нь архитектор А.Федоров, төв хаалган дээрх "Морьтон" уран баримлын бүлгийн уран барималч А.И.Тимин.
5 дугаар сарын 1-нд Театрын нээлт болж, анхны тоглолт 1952 оны 11-р сарын 7-нд тавигдсан байна.
1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр тус театрын тайзнаа 70 гаруй дуурь, балет тоглогдож байжээ. 1979 онд Москва, Ленинградад хийсэн аялан тоглолтынхоо дараа тус театр "Эрдмийн" гэдэг цол хүртсэн байна. Энэ үеэр ЗХУ-ын Ардын жүжигчин балетчин Л.Сахьянова, дуурийн гоцлол Л.Линховоин, К.Базарсадаев, Д.Дашиев, ЗХОУ-ын Ардын жүжигчин С.Раднаев, В.Буруев, Л.Левченко, И.Кузьмина, гоцлол балетчин, ЗХОУ-ын Ардын жүжигчин П.Абашеев, О.Короткова, А.Павленко, В.Ганженко, Е.Самбуева, Ю.Муруев, Вера Лыгденова болон бусад хүмүүс ажиллаж байв.
1980-аад онд Олон улсын болон зөвлөлтийн уралдаан шалгалтад дуурийн залуу гоцлол дуучид шагнал хүтрэж байсан. Үүнд: Г.Шойдагбаева (сүүлд ЗХУ-ын Ардын жүжигчин), ЗХОУ-ын гавьяат жүжигчин В. Бальжинимаев, Ольга Аюрова, Б.Бороев, В.Цыдыпова, 1990-ээд онд Е.Шараева, Т.Шойдагбаева, Б.Будаев, Д.Занданов нар юм.
1990-ээд оны тус театрын алдартнууд нь дуурийн дуучид Ким Базарсадаев, Дугаржап Дашиев, Е.Шараева, Галина Шойдагбаева, Б.Будаев, Д.Занданов, О.Хингеева, М.Коробенкова, Б.Бороев, Виктория Базарова зэрэг болно.
2000-аад онд:
Дуурийн гоцлол дуучид: Галина Шойдагбаева, Валентина Цыдыпова, Марина Коробенкова, Билигма Ринчинова, Туяна Дамдинжапова, Вера Васильева, Аюна Базаргуруева, Татьяна Шойдагбаева, Оксана Хингеева, Эржена Базарсадаева, Ольга Жигмитова, Дамба Занданов, Батор Будаев, Баиржаб Дамбиев, Сергей Фоменко, Баир Цыденжапов, Мунхзул Намхай, Доржо Шагдуров, Бадма Гомбожапов, Эдуард Жагбаев нар.
Гоцлол бүжигчид: Баярма Цыбикова, Вероника Миронова, Анастасия Самсонова, Лия Балданова, Евгения Мижитова, Евгения Бальжинимаева, Елена Хишиктуева, Ксения Федорова, Булыт Раднаев, Баир Жамбалов, Баярто Дамбаев, Владимир Кожевников, Иннокентий Иванов, Виктор Дампилов, Баир Цыдыпылов, Батор Надмитов нар.
Орчин үе
засварлахТус театр нь сүүлийн жилүүдэд Монгол, АНУ, БНХАУ-тай олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Киевт болсон олон улсын балетын наадамд Үндэсний дуурийн тайзнаа оролцож байсан. Хятад дахь амжилттай аялан тоглолтууд Бээжин, Шанхай, Шэньян, Хайкоу, Ганжоу болон бусад 26 хотыг хамарсан байна. Балетын баг БНХАУ-ын нэр хүндтэй газруудад, тэр дундаа Даляньд болсон олон улсын наадамд оролцох зэргээр Бүгд Найрамдах Буриад улсын урлагийг сайн өндөр хэмжээнд төлөөлсөн юм. Сүүлийн жилүүдэд театрын аялан тоглолтууд Оросын хөрш зэргэлдээ бүс нутгуудад болсон: Алтайн хязгаар, Эрхүү муж, Транс-Байгалийн хязгаар, Агинскийн Буриад дүүрэг. 2007 онд балетын хамтлаг Украин, Днепропетровск, Донецк хотуудад маш амжилттай аялан тоглолт хийсэн. Тоглолтууд мэргэжлийн өндөр түвшинд байгаа нь театрын шүүмжлэгчдийн үнэлгээ, үзэгчдийн үнэлгээгээр нотлогддог. Аялал 2008-2009: Чита, Эрхүү, Ангарск, Шелехов, Усолье-Сибирское, Монгол Улсын нийслэл Улаанбаатар, Эрдэнэт хотуудад тоглосон. 2009 оны арванхоёрдугаар сарын 12-20-ны хооронд тус театрын балетын хамтлаг Томск хотод аялан тоглолт хийж, “Хунт нуур”, “Мянган нэгэн шөнө”, “Жизель”, “Буратино” хүүхдийн жүжгийг толилуулсан байна.
2006 онд театрын барилгад сэргээн босголтын ажил эхэлсэн. 2011 оны тавдугаар сарын 23-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга зургаан жил үргэлжилсэн сэргээн босголт, сэргээн засварласны дараа дахин нээлтээ хийлээ. Гэсэн хэдий ч хоёр дахь шатанд театрыг сэргээн засварлах, шинэ бэлтгэлийн өрөө, балетын танхим, дуу бичлэгийн студи барих ажил хараахан дуусаагүй байна.