Будапештын метро
Будапештын метро (унгар. Budapesti metró) -Унгар улсын нийслэл Будапешт хотын төмөр замд суурилсан, гудамжны бус хотын нийтийн тээврийн систем юм. Дэлхийн анхны цахилгаан метро болон Европ дахь хамгийн эртний газар доорх тээврийн системүүдийн нэг юм. 1896 оны 5-р сарын 3-нд нээгдсэн бөгөөд Унгар дахь цорын ганц метро юм.
Нийт 39.4 километр урт дөрвөн шугам, 52 өртөөнөөс бүрддэг байна. Будапештийн метро ажлын өдөрт дунджаар 1 сая 200 мянга орчим зорчигч тээвэрлэдэг ажээ.
Түүх
засварлахБудапештын метро (унгар. Földalatti) нь 1863 онд нээгдсэн Лондонгийн метроны дараа Европ тивдээ хоёр дахь, дэлхийн анхны цахилгаан галт тэрэгтэй метро юм.
19-р зууны төгсгөлд Будапешт хот чухал ач холбогдолтой байсан бөгөөд Австри-Унгарын эзэнт гүрний хамгийн том хотуудын нэг байсан бөгөөд Транслейтанийн нийслэл гэгддэг байв. Хотын хүн ам өсөн нэмэгдэж байсан нь тээврийн шугам, харилцан солилцох цэгүүдийг өргөтгөх, шинээр барих шаардлагатай байв. Унгарын Үндэсний ассамблей 1870 онд нийслэлд метро барих үндсэн шийдвэр гаргаж байжээ.
1896 онд Унгарчууд эх орноо буцаан олж авсаны мянган жилийн ойн хүрээнд Миклош Иблийн зураг төслийн дагуу Андрашийн өргөн чөлөөг бүрэн сэргээн засварлаж, задгай аргаар метро барихаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд хоёр зуу гаруй байшинг нурааж, түүхэн хэв маягаар барьсан шинэ байшингаар солих ажил багтсан бөгөөд уг төслийг хэрэгжүүлэхэд дунджаар дөчин жил зарцуулсан байна. 1885 он гэхэд Пешт хотын шинэ өргөн чөлөө Европын хамгийн тансаг гудамжны нэг болжээ.
Газар доорх төмөр замын барилгын ажлыг 1894 онд Будапештийн тээврийн хоёр компани эхлүүлсэн: Германы Siemens & Halske компанийн зураг төсөл дээр үндэслэн «Budapesti Villamos Városi Vasút» (BVVV) болон «Budapesti Közúti Vaspálya Társaság» (BKVT). Үүний зэрэгцээ метро барих ажилд өдөрт 20 мянга хүртэл хүн ажиллаж байжээ.
Уг шугамыг 1896 оны 5-р сарын 3-нд Эх ороноо буцаан олж авсаны 1000 жилийн ойд зориулан төлөвлөсний дагуу нээсэн байна. Дэлхийн анхны цахилгаан метроны нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Австрийн эзэн хаан I Франц Иосиф өндөр ач холбогдол өгч Унгарын нийслэлд айлчлан ирж оролцсон байна.
Дэлхийн хоёр дайны хоорондох хугацаанд хотын захиргаа, тээвэрлэгчид хөдлөх бүрэлдэхүүнийг байнга шинэчилж, станцын дотоод засал, дэд бүтцийг бага зэрэг сайжруулж байв.
Дэлхийн 2-р дайн дууссаны дараа Будапешт дахь метро өргөжүүлэх асуудал хурцаар тавигдав. 1950 онд ЗХУ-ын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор ЗХУ-ын загвар, стандартын дагуу хоёрдугаар шугамын барилгын ажил эхэлсэн. 1956 оны Унгарын бослогын улмаас барилгын ажил түр зогссон бөгөөд зөвхөн 1970 оны 4-р сарын 4-нд шугамыг нээжээ. 1976 онд гуравдугаар шугамыг барьж ашиглалтад оруулсан байна.
2014 оны 3-р сарын 28-ны өдөр Буда чиглэлийн дөрөв дэх шугамын эхний хэсгийг 10 өртөө, түүний дотор хоёр шинэ солих станцтай нээлээ. Энэ шугамыг уртасгах, мөн тав дахь шугамыг барих зэрэг төлөвлөгөө бий.
Төлбөр
засварлах2019 онд зорчигчдод бүтэн өдрийн, гурав хоногийн, долоо хоногийн багц тасалбар зэрэг өргөн сонголттой тийзний үнэ санал болгодог байна. Будапештын метро бол метроны үүдэнд ямар ч саад тотгор, түүнтэй адилтгах төхөөрөмжгүй "үнэгүй систем" боловч Унгар улсад тасалбаргүй зорчих торгууль нэлээд өндөр бөгөөд байцаагчид тавцан дээр эсвэл өртөөнөөс гарахдаа ихэнх зорчигчдын тасалбрыг шалгадаг байна. Заримдаа тасалбарын шалгалтыг метрон дотор галт тэрэгний вагонд хийдэг. Унгарын нийслэл рүү явах хөтөч, зорчигчдод өгөх зааварчилгаанд тасалбараа аяллын төгсгөл хүртэл хадгалж байхыг зөвлөдөг байна.
Интерактив тасалбарын машин, тасалбарын кассууд бүх буудал дээр байрладаг. Товхимол, тарифын хуудас, түүний дотор орос, англи хэл дээр байдаг. 2019 оны ердийн тасалбарын доод үнэ 350 форинт бөгөөд өдрийн цагаар 80 минут, шөнийн цагаар 120 минут хүчинтэй байдаг байна.