Бор гөрөөс
Бор гөрөөс (Capreolus pygargus) нь Бугынхан овогт багтах, зүүн хойд Азид тархсан хөхтөн амьтан юм. Өнгийн хувьд хувьсамтгай, өвлийн улиралд их биеийн өнгө бараан сараал, толгой, нуруу биеийн хажуу тал бор шаргал хэвлийн болон дотор тал цайвар шаргал. Зуны зүс биеийн бүх хэсэгтээ нэгэн жигд улаан шаргал. Тана цагаан. Тана өвөл тодорч зуны улиралд бүдгэрнэ. Биеийн урт 127-137 см, жин 28-40 кг. Янзага 1,4-2,5 кг жинтэй нуруугаараа цоохор толботой. Том чихтэй, урт хөл, урт хүзүүтэй, хойд мөчнүүд нь урдхаас уртавтар боловч нуруу тэгш. Сүүл оготор богино, үснийхээ доороос бараг харагдахгүй, сүүлээ тойроод цагаан үстэй байдаг. Эрэгчнийг гур гэнэ, эвэртэй; эмэгчнийг зүр гэнэ, эвэргүй. Гурын эвэр суурь хэсгээрээ бахим бөгөөд дунджаар 28-33 см урт, эврийн далайц /эврийн төгсгөл хоорондын зай/ 17-26 см хүрнэ. Бие гүйцсэн гур 3 салаа эвэртэй. Монгол оронд байх бор гөрөөсний эвэр нэлээд урт, заримдаа 45 сантиметр хүрдэг. Эвэр нь 5-8 настайдаа хэмжээндээ хүрч өсөөд 6 наснаас дээш эврийн жин, хэмжээ нь багасаж ирдэг. Зүр нь биеийн хэмжээ жингээр эрэгчнээсээ арай багавтар, өнгө зүс бараг ижил байдаг.
Бор гөрөөс | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Дагуурын байгалийн нөөц газарт авсан зураг
| ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
|
Тархац, байршил нутаг
засварлахАлтайн нуруу, Хангай, Хэнтий, Хянганы уулсын ойт хээр, ойн бүсийн шилмүүст болон хар мод холимог ойгоор тархан амьдардаг. Бор гөрөөсийг Европын орнуудад буга гэж нэрлэдэг.
Амьдралын онцлог
засварлахБор гөрөөс зуны улиралд сор шим сайтай өвс тэжээл бүхий нуга хөндий, ойн цоорхойгоор бэлчих ба төрөл бүрийн мөөг, жимсийг идэш хоолоо болгоно. Өвлийн улиралд модны мөчир, бутлаг ургамлын иш, навч нахиа, модны холтос, хадны хаг зэргээр хооллох ба хужир мараатай газар очдог. Өсөж төрсөн, дасаж зохицсон нутагтаа идэш тэжээл элбэг байгаад байвал нүүдэл хийлгүй удаан суурьшин амьдардаг. Бор гөрөөсний ороо нь 8-9 дүгээр сард эхэлдэг. Гур нь огцом богинохон хашгирах мэт урамдан эмэгчнүүдээ дууддаг. Орооны дараа гур эврээ гээдэг ба 12 дугаар сараас шинээр цусан эвэр ургаж, дараа жилийн хавар 5 дугаар сард ясжиж гүйцдэг байна. Гур орооны үед нэг зүр дагаж хээлтүүлдэг боловч цөөн тохиолдолд 2-3-ыг хөөж хээлтүүлэх явдал байдаг ажээ. Зүр хээлээ 9 сар тээж хавар 5 дугаар сард 1-2, ховор тохиолдолд 3 хүртэл янзага төрүүлдэг. Янзага төрөхдөө цагаан цоохор толботой гардаг бөгөөд энэ нь түүнийг ямар нэг махчин амьтнаас хамгаалах өнгөлөн далдлалт болдог байна. Төрснийхөө дараа эхийнхээ сүүг хөхөж 7 хоног хөдөлгөөнгүй хярж хэвтдэг. 7-10 хоногийн дараа эхийгээ дагаж ойр зуур бэлчээрлэн ганц хоёр навч ногоо зулгааж эхэлдэг ажээ. Анх төрөхдөө үүдэн шүдтэй төрдөг ба 5-12 сартайдаа сүүн шүд нь байнгын ясан шүдээр солигдож дуусдаг байна. Гур 16, зүр 11-12 жил хүртэл наслах ажээ.
Экосистемд үзүүлэх нөлөө
засварлахБор гөрөөс ургамлаар хооллох явцдаа ургамлын үр тарах, түгэн дэлгэрэхэд эерэг нөлөөлдөг. Сүргээрээ явдаггүй учир бусад туруутан амьтанд нөлөөлөх нөлөө байдаггүй. Түүнчлэн бор гөрөөс, халиун бугын адил ойн экосистемийн бүтэц, найрлага бүрэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, ялангуяа бэлчиж, идээшлэх хэв шинжээрээ нөлөөлдөг. Бор гөрөөс томоохон махчин амьтдын гол идэш болж хүнсний чухал үүсвэр болж өгдөг.