Борис Всеволодович Громов (1943 оны 11-р сарын 7-нд ЗХУ-ын Саратов хотод төрсөн) —Зөвлөлтийн болон оросын цэргийн жанжин, Оросын Холбооны Хурлын Төрийн Думын VI чуулганы гишүүн. 1988 оны 3-р сарын 3-наас ЗХУ-ын баатар, 1989 оны 5-р сарын 9-нд Хурандаа генерал цол хүртсэн. 2000-2012 онд Москва мужийн захирагч.

Борис Громов

Намтар засварлах

1955 онд 12 настайдаа Саратов хотын Суворовын цэргийн дунд сургуульд орсон.

1960 онд Саратовын сургууль татан буугдахад Калинин хотын өнөөгийн Тверь хотын Суворовын цэргийн дунд сургууль руу шилжиж суралцаад 1962 онд төгссөн.

1962-1965 онд Ленинград хотын С.Кировын нэрэмжит Цэргийн ерөнхий сургуульд сурч төгссөн.

Дээд сургуулийн дараа түүнийг Балтийн цэргийн тойрогт (Калининград) илгээсэн. Албаа взвод командлагчаас эхэлж, мотобуудлагын дивизийн ротын дарга хүртэл хаасан.

1969 онд түүнийг Москвад Фрунзийн нэрэмжит Цэргийн академид суралцахаар явуулсан. 1972 онд онц дүнтэй академиа төгссөн.

Мотобуудлагын батальоны командлагч, штабын дарга, Краснодарийн 9-р мотобуудлагын дивизийн штабын дарга, дивизийн командлагчаар ажиллаж байжээ. Хошууч, дэд хурандаа, хурандаа цолуудыг хугацаанаас нь өмнө авсан.

1982-1984 онд ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын К.Е.Ворошиловын нэрэмжит Цэргийн академид суралцаж алтан медальтай төгссөн. 40 настайдаа хошууч генерал цол хүртжээ.

Афганистаны дайн 1979-1989 оны үеэр ЗХУ-ын Хязгаарлагдмал цэргийн ангиудад гурван удаа алба хаасан (1980 оны 2-р сараас 1982 оны 8-р сар хүртэл, 1985 оны 3-р сараас 1986 оны 4-р сар хүртэл, 1987-1989 он). Нийтдээ таван жил гаруй байлдааны ажиллагаанд оролцсон. 1980 оны 12-р сараас 1982 оны 8-р сар хүртэл 40-р армийн бүрэлдэхүүнд 5-р харуулын мотобуудлагын дивизийг командлаж байжээ.

1988 онд "Магистраль" ажиллагааг (Афганы босогчдод бүслэгдсэн Хост хотын бүслэлтийг задлах) боловсруулж, амжилттай хэрэгжүүлсний төлөө Борис Всеволодович Громовыг ЗХУ-ын баатар цолоор шагнасан байна.

1987-1989 онд тэрээр Зөвлөлтийн 40-р армийн сүүлчийн командлагч, нэгэн зэрэг ЗХУ-ын засгийн газрын Бүгд Найрамдах Ардчилсан Афганистан улсад Зөвлөлтийн цэргүүдийг түр хугацаагаар байлгах бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв. 1989 оны 5-р сарын 9-нд Громов ээлжит хурандаа генерал цэргийн цолоор шагнагджээ.

Борис Громов Афганистанаас Зөвлөлтийн цэргийг гаргах ажлыг удирдан явуулсан. Салангын даваагаар цэргээ татах ажиллагааны төлөвлөгөөг тэр боловсруулсан бөгөөд энэ нь ямар ч хохиролгүй дууссан байна. 1989 оны 2-р сарын 15-нд Афганистанаас Зөвлөлтийн сүүлчийн цэрэг гаргахад хуягт тээвэрлэгч дээр тэр өөрөө явсан байна.

Улс төрд засварлах

1989 оны эхээр ЗХУ-д төрийн эрх мэдлийн шинэ дээд байгууллага болох ЗХУ-ын Ардын депутатуудын их хурал байгуулагдав. Мөн онд Борис Громов ЗХУ-ын Ардын депутатаар сонгогдов. Мөн 1989 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны гишүүнээр нэр дэвшигчээр сонгогджээ.

1990 оны 12-р сарын 1-нд ЗХУ-ын Дотоод хэргийн яамны нэгдүгээр орлогч сайдаар томилогдсон.

1992- 1995 онд Оросын Батлан хамгаалахын орлогч сайдаар ажилласан.

1995—1999 онд ОХУ-ын Төрийн Думын гишүүн.

2000-2012 онд Москва мужийн захирагчаар ажилласан.