Бернхард Варен буюу Бернхардус Варениус (герман. Bernhard Varen, латин. Bernhardus Varenius; 1622 онд Эльба мөрөн дахь Хитцаккерт төрсөн — 1650 онд Лейденд (фламанд. Leiden) нас барсан) — Анагаах ухааны доктор, герман гаралтай голланд газар зүйч.

"Бүх нийтийн газарзүй" бүтээл

Тэрээр газар зүйг тухайн үеийн Европын мэдлэгийн тогтолцооноос салангид тусдаа шинжлэх ухаан болгон ялгаж, түүний зорилго, зорилт, судалгааны арга, хамрах хүрээг ерөнхийд нь тодорхойлсон байна. Олон судлаач, эрдэмтдийн үзэж байгаагаар тэрээр орчин үеийн газарзүйг шинжлэх ухааны тусдаа салбар болгон үндэслэгч юм.

Түүнийг төрүүлээд удалгүй эх нь нас барсан тул эцэг нь өсгөж хүмүүжүүлсэн байна. Эцгийгээ 1635 онд нас барсны дараа Бернхард Варен Гамбург руу явж 1640-1642 онуудад Иоахим Юнгиусын гимназид суралцжээ.

1643-1645 онд Варен Зүүн Пруссын Кенигсбергийн их сургуульд математик, анагаах ухааны чиглэлээр суралцаж дадлага хийсэн байна. 1649 онд тэрээр Лейден рүү нүүж, анагаах ухааны докторын зэрэг хамгаалаад жилдээ тэрээр Нидерландын нийслэл Амстердам хотод суурьшсан бөгөөд тэндээ хувийн эмнэлэг нээж ажиллуулсан юм.

Голландын далайчдын газарзүйн нээлтүүд Варений анхаарлыг татаж эхлэв. Өмнөх зарим бүтээлүүдийг системчлээд Варен хоёр номоо хэвлүүлсэн байна. Үүнд:

1649 онд - "Японы хаант улсын тухай" (латин. Descriptio Regni Japoniae). Уг бүтээлд Япон төдийгүй Зүүн өмнөд Азийн тухай бөгөөд газарзүйтэй холбоотой гэхээсээ илүү соёл, шашин шүтлэгийн тухай байсан. Гэсэн хэдий ч энэ зохиолыг заримдаа аялагчид, худалдаачдын бэлэн бичмэл эх сурвалжид тулгуурлан бүс нутгийн газарзүйн талаархи бүтээл гэж үздэг байна.

1650 - "Бүх нийтийн газарзүй" (латин. Geographia Generalis). Энэхүү ном нь тухайн үеийн мэдээлэлд үндэслэн эмхэтгэсэн дэлхийн бөмбөрцгийн ерөнхий шинжлэх ухааны системчилсэн дүрслэл байсан юм. Варен "математик газарзүй" гэж нэрлэгддэг зүйлд онцгой анхаарал хандуулсан: дэлхийн гадаргуу дээрх орон зайг тооцоолох, газрын зураг зурах, навигацийн зорилгоор координатыг тодорхойлох гэх мэт юм.

Зарим мэдээллээр "Бүх нийтийн газарзүй" бүтээлийн зохиолч нэн ядуу амьдарч байсан бөгөөд 1650/1651 онд 30 орчим насандаа голландын Лейден хотод тухайн үеийн нэн түгээмэл өвчин болох сүрьеэ өвчнөөр нас баржээ. Мөн нягтлан шалгах, системчлэх шаардлагатай асар их мэдээллийг багтаасан шинжлэх ухааны бүтээл дээр шаргуу ажилласны үр дүнд Варены бие муудсан байж магадгүй юм. Анхны хэвлэлтээс хойш “Бүх нийтийн газарзүй” нь газарзүйн сонгодог бүтээл болж, газарзүйн шинжлэх ухааны дотоод бүтэц, арга зүйд ихээхэн нөлөөлсөн. Тухайн үеийн хүмүүс уг зохиолын өндөр ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, зохиолчийн авъяас чадварт хүндэтгэл үзүүлж байжээ. Хожмын газарзүйчид ч мөн энэ дүгнэлтийг баталж байсан байна.

Варений "Бүх нийтийн газарзүй" номыг Элзевируудын хэвлэх газар 1650, 1664, 1671 онд гурван удаа хэвлүүлсэн. Энэхүү ном нь удаан хугацааны туршид Европ дахь физик газарзүйн хамгийн чухал бүтээлүүдийн нэг байсан бөгөөд 18-р зуунд Европын хэд хэдэн хэл рүү орчуулагдсан юм. Британид Сэр Исаак Ньютон Варены уг номоор газарзүйн хичээл зааж, Англид хоёр удаа өөрийн редакцаар хэвлүүлсэн байна.