Баяртын Уртнасан

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, партизан Баяртын Уртнасан нь 1910-1983 оны хооронд амьдрахдаа 1933-1970 оны хооронд Ховд, Баян-Өлгий аймгийн сумууд, Хятадын нутаг дэвсгэрт цэрэг, тагнуул, хэлмэрч, газарч, ухуулагч, малын санитар, бага эмчээр 37 жил ажиллан тэтгэвэрт гарч Ховд аймгийн төвд суурьшсан байна.

Б.Уртнасан (1910-1983)

Бага нас

засварлах

Б.Уртнасан нь 1910 оны цагаан төмөр нохой жил Ховдын хязгаарын Урианхайн Дархан гүний хошуу (Ховд аймгийн Хужирт сум) буюу одоогийн Баян-Өлгий аймгийн Булган сумын нутагт малчин, урианхай ард Баяртын гэр бүлд 10 хүүхдийн дээрээсээ 3 дахь нь болон төржээ. Бага насандаа бусдын мал хариулж, гэр зуурын ажил хийж явжээ.

Залуу нас

засварлах

Бага залуу насандаа буюу 20 насандаа Урианхайн Чүлтэм даа лам нарын ятгалга, тулгалтад автан Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг, Туулайтын эхээр хил даван Хятадын нутагт одож Чингэл голын саваар нутаглаж байжээ. Тэнд Ма Дарингийн цэрэгт татагдсан ч хэсэг нөхдийн хамт оргон нутагтаа буцан ирсэн аж.

Тэрээр эх орныхоо төлөө тусгай үүрэг гүйцэтгэн гадаадад явж, баруун хязгаарын нөхцөл байдал хүнд байсан 1933-1934 оны үеүдэд бэрхшээлийг зориг хатуужилтай давж, үнэнч зүтгэлтэйгээр үүргээ биелүүлсэн юм. Б.Уртнасан нь 23 насандаа буюу 1933 онд тодорхой хугацаагаар хилийн цаана тусгай даалгавартайгаар суурин сууж, Чингэл голд суурьшсан Алтайн урианхай ноён даа лам Чүлтэмийн захиргаанд байсан урианхайчуудад нам, засгийн бодлогыг ухуулж Монгол нутагтаа буцааж ирүүлэх, Монголын хил дайрахаар төлөвлөн бөөгнүүлж байсан дайсны хүчийг задлан бутаргах зэрэг даалгавруудыг нэр төртэй биелүүлж Урианхайн Дархан гүний хошууны айлууд буюу Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Сагсай, Булган, Дэлүүн сумдаас хятад руу дүрвэн гарсан байсан хэдэн зуун өрх урианхай айлуудыг буцаан ирүүлжээ.

Сүүлчийн айлуудыг нүүлгэн 1934 оны хавар нутагтаа хамт буцаж иржээ. Үүний үр дүнд Чүлтэм даа ламыг дагаж нүүсэн урианхайнуудаас 100-аад айл өрх л тэндээ үлджээ. Б.Уртнасан мөн оны 6-р сард тусгай үүрэгтэйгээр дахин гадагш явж, хилийн цаана Чингэл, Цагаан голд бөөгнөсөн хасгийн дээрэмчдийн толгойлогч Айкейн итгэлийг олж дээрэмчдийн тоо, хүч, зэвсэглэл, монгол руу дээрэм хийхээр бэлтгэж байгаа төлөвлөгөө, зорилго, тал бүрийн харилцааг тодорхой бүрэн судалж ирээд тэднийг газар дээр нь устгахад цэргүүддээ газарчилж, тус ажиллагааг дуустал нь оролцож, Чингэл голоос Даржаа занги нарын 50 гаруй урианхай айл өрхийг нүүлгэн орж иржээ.

Ийнхүү даалгавар биелүүлж явахдаа Даа лам Чүлтэм, дээрэмчдийн толгойлогч Айкем нарт ташуур, шаахайгаар зодуулан, хүзүүндээ модон дөнгө зүүж, хардагдан байцаагдсан ч эрүү шүүлтийг тэсэн давж, тэдний хардлагыг таслан, итгэгдэж, нууц үүрэг даалгавраа тухай бүрт нь бүрэн биелүүлж байжээ.

Идэр нас

засварлах
 
Б.Уртнасангийн бага эмчийн үнэмлэх

Б.Уртнасан нь 1935 онд нутгийн охин Түвшинжаргалтай гэр бүл болж нэг хүү, хоёр охин төрүүлж өсгөжээ.

Б.Уртнасан 1939 онд МАХН-ын гишүүнээр элсэн оржээ. 1940-1941 оны хооронд малын эмчийн бэлтгэх курст суралцаж малын бага эмч мэргэжилтэй болсон байна. Үүнээс хойш Баян-Өлгий аймгийн Сагсай, Буянт, Дэлүүн, Булган (Хужирт), Ховд аймгийн Үенч, Буянт, Зэрэг сумдад малын бага эмчээр ажиллаж байх хугацаандаа Булган сум дахь ардын группын нууц гишүүн, тагнуулч-партизаны үүргийг давхар гүйцэтгэж байжээ.

Баруун хилд хасгийн оргодол дээрэмчид гарах болсон анхны үед хасгийн хэл ус, зан байдлыг сайн мэддэг, хашир туршлагатай, итгэл найдвартай, зориг хатуужилтай, үнэнч шударга залуу хүмүүсийг судалж, шалгаруулан авч ажиллуулах нь тулгамдсан асуудал болж байжээ. Б.Уртнасан нь хар багаасаа хасгийн дунд тагнуул, туршуул, ухуулагч хийж явсан хашир туршлагатай, залуу партизан байжээ. Дотоод яамны орлогч сайд Дүйнхоржав, Дорж, Зөвлөлтийн сургагч, мэргэжилтнүүд, Отрядын Гүйцэтгэх албаны дарга Ламжав, Аюуш нарын шууд удирдлага дор Уртнасан, Гэрэлчулуун, Ууш, Цогт, Адилхан нар хамт ажиллаж байв. Өөрт ногдсон ажил үүргийг биелүүлэхэд ихээхэн бэрхшээл тохиолддог, зарим үед амь насаа алдах явдалд ч хүрч болзошгүй байдалд байв. (Ахмад дайчин Т.Уушийн дурсамжаас).

Б.Уртнасан нь 1959 оны зун гэр бүлийн хамтаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас Ховд аймгийн төвд нүүж иржээ. Ингээд Ховд аймгийн сумдаар томилолт аван явж ажиллаж байгаад 1961 оноос Ховд аймгийн төвийн Био үйлдвэрт шилжин ажиллажээ. Энд малын эм бэлтгэгч, ариутгагч зэрэг ажил хийж байгаад 1970 онд 60 насандаа өндөр настаныхаа тэтгэвэрт гарчээ.

Өтөл нас

засварлах
 
Б.Уртнасан 1974 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Түүний ажил, амьдрал, тэмцлийн талаар өгүүлсэн "Хөтөлгөө морьтой хүн" гэх дэлгэрэнгүй найрууллыг Ховд аймгийн Багшийн дээд сургуулийн багш Баттогтох 1981 оны "Үнэн" сонинд нийтлэн хэвлүүлж байжээ. Б.Уртнасан нь 1983 онд 73 насандаа хүнд өвчний учир таалал төгсчээ.

Гавьяа шагнал

засварлах

Б.Уртнасангийн зүтгэл, бүтээлийг нам засаг өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, "Хөдөлмөрийн хүндэт медаль", Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн медаль, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медалиудаар шагнаж байжээ.