Барбаатарын Улятайхүү

Барбаатарын Улятайхүү (1931 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн) - Монгол Улсын анхны эмэгтэй гэрэл зурагчин.

Тэрээр эцэг Гомбын Батбаатар, эх Гүржавын Дуламжав нарын 10 хүүхдийн 8 дахь нь болж Архангай аймгийн Тариат суманд 1931 онд төрсөн байна.

1939 онд эцгийгээ нас барсны дараа эх, эгч нарынхаа хамт Улаанбаатар хот руу нүүжээ.

1952-1955 онд “Монголкино” үйлдвэрт лаборантаар ажиллаж уран бүтээлийн  гараагаа эхэлсэн.

1956 оноос гэрэл зураг авч эхэлсэн

1956-1957 онд Зөвлөлт  Холбоот Улсад гэрэл зургийн курсэд суралцаж, гэрэл зурагчны мэргэжил эзэмшсэн.

1957-1987 онд Улсын гэрэл зургийн газарт тасралтгүй 30 жил фото сурвалжлагчаар ажилласан.

1960-1980-аад онуудын нам, төр, засгийн газрын шугамаар хэрэгжсэн гадаад айлчлалууд, зохион байгуулсан албан ёсны арга хэмжээ, баяр ёслол, уулзалт, их, бага хурал, чуулган зэрэг олон чухал үйл явдлыг сурвалжилж дурандаа буулгасан, төрийн ёслолын гэрэл зурагчдын нэг гэж зүй ёсоор үнэлэгдэж тооцогдож явсан. Төрийн тэргүүн Ж.Самбуу, нам-төр-засгийн удирдагч Ю.Цэдэнбал нарын албан бус цөөхөн гэрэл зурагчдын нэг юм.

1971-1974 онд Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн оройн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэжээ.

Уран бүтээл

засварлах

Олон улсын эмэгтэйчүүдийн их хуралд зориулан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зарласан гэрэл зургийн уралдаанд байр эзэлж, фото сэтгүүлчид, фото сонирхогч уран бүтээлчдийн удаа дараагийн үзэсгэлэнд хүүхэд, байгаль орчин, бүтээн байгуулалтын сэдэвт бүтээлээрээ оролцож байнга шагналт байрт шалгарч байсан ба Унгарын сэтгүүлчдийн холбооноос зарласан “Интерпрессфото-81” үзэсгэлэнгээс тусгай шагнал хүртэж байжээ.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн медалиуд, Хэвлэл мэдээллийн салбарын бусад цол, өргөмжлөлүүдээр шагнасан байна.