Ар Жанчивлан рашаан сувилал

Ар Жанчивлан рашаан сувилал нь 1973 оны 5 дугаар сарын 20-нд анх байгуулагдсан. Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р багийн нутагт, Нийслэл Улаанбаатар хотоос 60 км, Төв аймгаас 57 км, Налайх дүүргээс 26 км-т байрладаг. Хан Хэнтий нурууны баруун урд үзүүрт , Туул голын урд, Баянцогт уулын ард далайн түвшнээс дээш дунджаар 1000-1500 метрт оршдог.

Анх 1926-1927 онд В.А.Смирнов, 1946 онд В.Н.Попов, 1949-1958 онуудад Ш.Цэрэн, Намнандорж нарын хүмүүс судалгаа хийж нүүрс хүчлийн хийтэй хүйтэн рашаан, хүчилтөрөгчийн давхар исэлттэй ус, Монгол болон дэлхийд ховорт тооцогддог радон бүхий рашаан байгааг тогтоожээ.

“Ар жанчивлан рашаан сувилал” ХХК ашигладаг рашаан нь ходоод, элэг, цөс болон цусны даралт ихсэх ба багасах, үе мөч, ууц нурууны архаг өвчин, мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчтэй хүмүүсийг эмчлэх бололцоотой нүүрс хүчлийн хийтэй, хүчилтөрөгчийн давхар исэлтэй хүйтэн рашаан юм.  Эдүгээ Ар Жанчивлан рашаан сувилал нь дотор ходоод, элэг, цөс, бөөр, үе мөч, тулгуур эрхтэн, булчин шөрмөсний өрөвсөл, мэдрэлийн системийн сульданги, төв болон захын мэдрэлийн судлын үрэвсэл зэрэг өвчнүүдийг үр дүнгтэй эмчилж сувилдаг байна. Олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд эмчилгээний үр дүн 94-96%-ийн сайжиралттай байдаг ажээ.

Эмчилгээ үйлчилгээ нь 3 тасаг буюу  6 кабинетэд 3 их эмч, 1 бага эмч, 4 сувилагч нийт 12 ажиллагсадтайгаар явагддаг. Биеийн тамир чийрэгжүүлэлтийн кабинет нь бялдаржуулах урлагийн техникээр тоноглогдсон, орчин үеийн технологийг нэвтрүүлсэн. Бариа засал, физик, биеийн тамир, порцедур, парафин, усан эмчилгээ, шавар эмчилгээний кабинетууд тус тус ажилладаг.  Нэг ээлжиндээ 160 хүнийг хооллох хүчин чадалтай зоогийн тасаг нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эмчилгээний болон эрчимт хоолоор үйлчилдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин II Б түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай.  Эрүүл мэндийн даатгалтай бол хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд 2022 оны байдлаар 29000, харин даатгалгүй бол нэг хоногийн 38000 төгрөгийн төлбөртэй.  Сувилуулах эрхийн бичиг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, амбулаторын карттай хүлээн авах ба доорх утсанд захиалгаа өгч бүртгүүлснээр сувилуулах боломжтой байна.