Арлааны Эрдэнэ-Очир

Арлааны Эрдэнэ-Очир (1972 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн- 2018 оны 5-р сарын 14-нд нас барсан)- Монголын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналтан, "Болор цомын" эзэн яруу найрагч.

Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины сэтгүүлч, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, “Утга зохиол, урлаг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн “Цог” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байлаа.

Яруу найрагч А.Эрдэнэ-Очир нь сүүлийн жилүүдэд МҮОНР-ийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч редактор, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байсан.

Уран бүтээлүүд

засварлах

Тэрээр 1990-ээд оны эхэн үеэс уран бүтээлийн замналаа эхэлсэн билээ. Туурвин бүтээх хугацаандаа утга зохиолын ертөнцөд төдийгүй монголчуудын оюун санааны амьдралд яруу найргийн гайхамшигт бүтээлүүдээрээ өнө мөнхийн суу алдрыг олсон уран үгийн билигтэн, бичгийн суутан байлаа. Түүний шүлгүүд Орос, Хятад, Англи, Франц, Япон, Македон зэрэг улсын хэлээр орчуулагдаж, монгол хэлт яруу найргийг дэлхий дахинд танилцуулахад томоохон хувь нэмэр оруулсан билээ.

“Бэхэн цэнхэр өдрүүд” /1990/, “Эрх сэтгэл” /1995/, “Гэнэн шувуу” /2000/, “Сар нарны урсгал” /2001/, “Миний цуглуулсан хорвоо” /2006/, “Ийм нэгэн амьдрал” /2007/, “Тунгалаг гунигийн улирал” /2007/ зэрэг яруу найргийн бүтээлүүд хэвлүүлж, монголын утга зохиолын шинэ үеийн түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн авьяас билэг төгөлдөр яруу найрагч байв. Түүний яруу найргийн бүтээлүүд Монголчуудын оюун санааны амьдралын дүр зураг, оршихуйн дотоод мэдрэмж, уламжлалт сэтгэлгээ, гоо сайхны үнэт чанаруудыг хадгалсан мөн чанартай юм.

Уран бүтээл

засварлах
Нар зөвийн эх орон Миний Монгол
Ургаж буй наран дотроос нь ангирын цуваа зэллэж
Урсаж буй усанд нь эрдэнийн саран эрхэлсэн
Униарт тал хөндий, өмөг төгөлдөр уулс, уудам говийн эх нутаг
Утга учрын хорвоод намайг тосч авсан Эх орон
Нар зөвийн эх орон Миний Монгол
Амьдралын жирийн нэг өглөө байтал уярал догдлол төрж
Алтан дэлхийд амьд явахын үнэ цэнийг мэдрүүлж
Айлын гэрийн өрхний оосрыг нар зөв даллаад
Арван наймтай бүсгүй гэргий болдог Эх орон
Нар зөвийн эх орон Миний Монгол
Тэнгэрийн заадсыг өгсөж, уруудан галгих хоёр морин од
Тэмдэгрэх үүрийн зүүдэнд нь ер бусын мэдрэмж илгээхэд
Сүүмийх алсын амьдрал зорьж, сэтгэлдээ ган хэт цахиад
Сүлд өөдөө зоримог хөвгүүд бүсээ зөв ороогоод эр болдог Эх орон ...[баримт хэрэгтэй]