Арван хар нүгэл

Арван хар нүгэл бол Буддын шашны муу, буруу үйлдлийг илэрхийлсэн ухагдахуун юм. Хүний үйлдэх нүглийг дотор нь биеэр үйлдэх гурван нүгэл, хэлээр үйлдэх дөрвөн нүгэл, сэтгэлээр үйлдэх гурван нүгэл гэж ангилж үзсэн.

Биеэр үйлдэх 3 нүгэл

засварлах
1.Амьтны амь таслах

Аливаа амьтны алтан амийг хорлох нь түүний амьд ахуй үедээ үйлдэх буян, үр удам, хийж бүтээх бүх зүйлсийнх нь хамт хөнөөн устгаж буй тул маш их хилэнц нүгэлтэй үйл юм. Амьтны аминд хүрэхийг өдөөдөг сэтгэл нь “Гурван хор” гэж томьёолдог мунхаг, уур, шунал гурав юм.

2.Хулгай хийх (эс өгснийг авах)

Бусдын хөлс хүчээрээ олсон эд таваарыг учир эс мэдэх мунхаг, үл ханах шунал, үл энэрэх уур хилэнт сэтгэлийн үүднээс хүч түрэмгийлэн булаах, нүднээс далдуур сэм авах, зээлүүлж хүүлэн өсгөх, ямар нэгэн башир муу аргаар өгөөгүй байхад буюу зөвшөөрөлгүйгээр салган хагацуулахыг хэлнэ.

3.Ариун бус явдал

Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг буруу хурьцал гэж хэлдэг.

Хэлээр үйлдэх 4 нүгэл

засварлах
1.Худал ярих

Мунхаг, шунал, уур хилэнт сэтгэлийн үүднээс ямар нэгэн байдлаар бусдад санаатайгаар толгойг нь эргүүлэн буруу ойлголт өгөх, мөн зөв бодол санааг элдэв үг тэргүүтнээр эргүүлэхийг хэлнэ.

2.Хов өгүүлэх

Эв найрамдалтай байгаа хүмүүсийг хооронд нь салган үймүүлэх, эв эегүй байгаа хүмүүсийг улам бүр холдуулах зэрэг зохисгүй үйлдэлийг үнэн худал, яруу бус үг яриагаар мунхаг, шунал, уур хилэнгийн эрхэнд автан үйлдэхийг хов өгүүлэх гэнэ.

3.Ширүүн үг өгүүлэх

Гурван хорт муу сэтгэлийн нөлөөгөөр өөрийнхөө дургүйцлийг гарган бусдыг харааж зүхэх, дайрч давшилсан үг өгүүлэх, үнэн худал үгээр доромжлох, бусдын нууц хоригийг бүдүүлгээр уудлах, бусдын сэтгэлд сэв суулгах зэргийг ширүүн үг хэлэх гэнэ.

4.Дэмий чалчих

Ямар ч утга учиргүй, хэрэг болох ухагдахуунгүй, элдэв хэрэггүй зүйлсийн талаар цаг заваа гарздаж, амныхаа зоргоор дур мэдэн өгүүлэхийг хэлнэ.

Сэтгэлээр үйлдэх 3 нүгэл

засварлах
1.Хүсэл шунал

Бусдын эрдэм мэдлэг, эдэлж, эзэмшиж байгаа эд хөрөнгө, баялагт шунан тачааж, өөрийн болгох гэсэн, эсвэл түүнд атаархан эн зэрэгцэх эд хөрөнгө, бараа таваар хураахыг санагалзах, хүний эд хөрөнгийг илүү үзэх зэрэг шунаг сувдаг сэтгэлийг хэлнэ.

2.Хорон сэтгэл

Бусдын хорлол хийгээд сэтгэлд үл нийцэх үйлдэлд тэсвэрлэлгүй өс хонзон санан хорсох, зодож нүдэх, хүлж боох тэр байтугай алах санаа өвөрлөх зэрэг хорон сэтгэлдээ бүрэн автахыг хэлнэ.

3.Буруу үзэл

Нүгэл буян гэж байхгүй, үйлийн үрийн нарийн ухагдахууныг үгүйсгэх, Гурван эрдэнэд үл итгэх, хойд урд нас байхгүй худал зүйл хэмээн гүтгэх зэргийг хэлнэ.

Гадаад холбоос

засварлах

Арван хар нүгэл