Монголын бараг бүх малчин айлд араг бий. Араг үүрч явахад тохиромжтой овор багатай, дундаж хэмжээ нь 30-40 см өргөн, 50 см урт байна. Аргал хомоол түүхэд аргийг хэрэглэнэ. Нарийн нойтон бургасыг зохих хэмжээгээр огтлон авч, матаж хатаан бэлтгээд эгнэж зөрүүлэн, үдээр сураар бэлзэгнэн боож араг хийнэ. Мөн нүүх үед тэмээн хөсөгт нялх хүүхэд суулган тээх, овор багатай ачаа тээш хийж морь малд ачаалж болдог.

Тэмээний үдээрээр үдэж хийсэн жижиг араг (шээзгий).


Арагны талаар монголын яруу найрагт олонтоо гардаг. Ц.Дамдинсүрэнгийн “Зугаацахаар мордсон нь” гэдэг найраглалын дотор "Үүл” хэмээх шүлэгт:

"Ачаатай цагаан тэмээ хэвтэж байгаа ч юм шиг

Арслан барс хоёр ноцолдож байгаа ч юм шиг

Араг үүрсэн эхнэр бүжиглэж байгаа ч юм шиг

Хурмастын цагаан үүл, хувилгаан цагаан үүл"

гэж гардаг.


Мөн арагны тухай дараах ардын оньсого байдаг:

"Үдмэлийг үүрч

Матмалыг бариад

Гүймлийн гээмлийг түүнэ"