Анубис
Анубис (Эртний Грек: Ἄνουβις) бол Эртний Египетийн домогт гардаг цөөвөр чонын толгойтой хүн биет бурхан агаад нас барагсдыг үхэгсдийн ертөнцөд хүргэж өгдөг билээ.
Анубис | ||||||
---|---|---|---|---|---|---|
Оршуулгын газар, занданшуулалтын бурхан[1] | ||||||
Дүрс бичгээрх нэр |
| |||||
Гол мөргөлийн төв | Lycopolis, Cynopolis | |||||
Бэлгэдэл | Сахиус, тариа цохиур | |||||
Эцэг эх | Ра (эхэн үеийн домог) Нэфтис болон Осирис эсвэл Сэт (хожим) | |||||
Ах дүү нар | Хорус (зарим эх сурвалж) |
Эртний Египет хэлээр Анубисыг Инпу (ихэнхдээ Анупу, Иенпв гэж дуудагддаг) хэмээн нэрлэх аж. Анубис гэдэг нь грек нэр юм. Анубисын талаар дурдсан хамгийн эртний бичмэл МЭӨ 4000 гаруй жилийн тэртээд буюу Хуучин Эзэнт Гүрний (ойролцоогоор МЭӨ 2500-с 2100 он хүртэлх Египетийг ийнхүү нэрлэх аж) үед бичигдсэн байдаг байна. Тэрхүү бичээст Анубисыг фараоны оршуулгын ёслолд оролцсон хэмээн бичсэн байдаг ажээ.
Анх Анубис нь үхлийн дараах амьдрал хийгээд үхэгсдийн ертөнцийн гол бурхан гэгддэг байсан агаад хожим Дундад Эзэнт Гүрний үеэс түүний байр суурийг Осирис "орлох" болжээ. Харин Анубис нь үхэгсдийн булш бунхныг сахин хамгаалагч болжээ.
Анубисын тухай
засварлахАнубис бол үхэгсдийн бие цогцсыг сахин хамгаалагч бөгөөд тэднийг үхэгсдийн ертөнцөд хүрэх замд нь хамгаалах ажээ. Ихэнхдээ тэр хагас хүн, хагас цөөврийн дүртэй эсвэл яг л хүн лугаа адил хоёр хөл дээрээ зогсох бүтэн цөөврийн дүртэйгээр дүрслэгдсэн байдаг. Жинхэнэ цөөвөр чонын хувьд гэвэл тэд Эртний Египетэд байсан, түүгээр үл барам оршуулгын газруудаар хэрэн хэсч нас барагсдын хүүр булшийг ухаж тэдний цогцос, сэгээр хооллодог байсан нь ихээхэн хор уршиг тарьж байлаа хэмээн бичигдсэн байдаг аж. Анубисын арьс нь өвөрмөц хар өнгөтэй. Хэдийгээр жинхэнэ цөөвөр чонын өнгөтэй тохирохгүй байгаа боловч тэдний энэ өмхөрч хатсан мах, Нил мөрний хөрс мэт хар энэхүү өнгө нь дахин төрөхийг билэгддэг байна.
Оршуулгын ёслол буюу үхэгсдийг занданшуулсан ёслол бүхий олон бичвэр, зурагт Анубис нь талийгаачийн тэргүүн хавьд суугаад тэднийг хамгаалж буйгаар дүрслэгдсэн байдаг. Занданшуулах ёслолын үед гол үүрэг гүйцэтгэж байгаа буюу оршуулах ёслолыг удирдаж байгаа хүн нь Анубисын баг, хослолыг өмссөн байдаг. Зарим "Үхэгcдийн Ном" (оршуулах ёслолын тухай бичсэн бичвэрийг ийнхүү нэрлэдэг) -д Анубис нь ертөнцийн "Хоёр Үнэн"-ий танхимын голд талийгаачдыг үхэгсдийн ертөнцөд очихоос нь өмнө тэднийг, тэдний үнэ цэнийг өөрөөр хэлбэл тэдний нүгэл буяныг хэмжиж буйгаар дүрслэгдсэн байх ажээ. Шинэ Хаант улсын үеийн бунхны бичээсүүдэд Анубис нь 9 нумын (дайснуудыг дүрслэсэн нэгэн зүйл сэнтий) оройд залрах агаад Египетийн бүхий л дайснуудыг эрхшээлдээ оруулсан байдлаар дүрслэгдсэн байдаг байна.
Домог
засварлахДомогт өгүүлснээр бол Анубис нь Осирис болоод Нефтисийн хүү ажээ. Үхэгсдийн номд бичигдсэнээр бол Нефтис нь эртний Египетийн шөнө болоод түнэр харанхуйн охин тэнгэр билээ. Ийм ч учраас түүний хүү нь түнэр харанхуйн өнгө болох хар өнгөтэй төрсөн ажээ. Нефтис нь цорын ганц эгч Исисийн хамтаар аж төрдөг байлаа. Нэгэн шөнө тэд хамтдаа аялж явахдаа Нефтис үхэгсдийн ертөнцөөс Осирисыг олж харжээ. Дурлаж мансуурсан Нефтис өөрийн эгчийн тусламжтайгаар Осирисыг үхэгсдийн ертөнцөөс гарган авч Хоёр Үнэний танхимд аваачин түүнд мөнхийн амьдралыг өгчээ.
Эшлэл
засварлах- ↑ The Routledge Dictionary of Egyptian Gods and Goddesses, G. Hart ISBN 0-415-34495-6,