Америкийн үндэсний үзэл
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
АНУ бол үндэсний үзлийг хамгийн их үзэн ядагч боловч өөрөө хамгийн үндэсний үзэлтэй орон юм. Үндэсний үзлээ их гүрний эх оронч үзэл бодлогоор хэрэгжүүлдэг.
Дэлхийн 2 дугаар дайнаас хойш дэлхий ертөнц дээр АНУ нэн хүчирхэгжиж ЗХУ задарч хүйтэн дайн төгсгөл болсноос хойш бүрэн давамгайлж ирлээ. Америкчууд өөрсдийгөө үндэсний үзэлтэй гэж гэж ярьдаггүй. Өөр өөрийн шашин шүтлэг, уламжлал, гарал үүсэлтэй үй олон үндэстний цагаачлагчдыг “хайлуулах халуун тогоо” болж бүрэлдсэн улсын хувьд үндэсний үзэл тэдэнд сөрөг агуулга, утгатай санагддаг. Үүний оронд тэд эх оронч үзэл гэсэн нэр томьёог хэрэглэдэг.
Эх оронч үзлийн далбаан дор үндэсний үзлийг агуулдаг бөгөөд үүнийгээ ойлгодоггүй гэж хэлж болно. Америкчууд үндэсний үзлийн дотоод мөн чанар, түүний хөдөлгөгч хүч, давуу талыг ойлгодоггүй. Иймээс үндэсний үзлээр зэвсэглэсэн өөрийн холбоотон хийгээд өрсөлдөгчдийн байр суурийг таньж мэдэхгүй байдалд хүрдгийг терроризмын эсрэг хийж буй дайнаас нь харж болно. Америкчууд өөрсдийн байгуулсан ардчилсан үзэл санаа, зарчим, төрийн байгуулалт, аж төрөх ёсоо давуу талтай гэж үзэн түүнийгээ бусад үндэстэнд эх оронч үзлээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой. Энэ утгаараа америкийн эх оронч үзэл интернационалч шинж чанартай. Америкийн эх оронч үзэл цаг хугацааны хувьд аажим хувьсалд орж хөгжиж ирсэн түүхтэй.
Их Британийн эзэнт гүрний колони байсан иргэд хүчээ нэгтгэн хувьсгал хийж эзэнт гүрнийхээ эсрэг босч үндсэн хуулиа баталсан 1776 оноос АНУ-ын түүх эхэлдэг. Энэ үед анх дарлал мөлжлөг, хавчлагаас зугтан дайжсан анлосаксончуудын тусгаар тогтнолын төлөөх үндэсний үзэл давамгайлж байсан. 1860-аад оны иргэний дайны дараагаас үндэсний ухамсарт томоохон өөрчлөлт орсон гэж үздэг. Үндсэн хуулиндаа оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу АНУ-ын нутагт төрсөн хүн бүр нйигмийн гарал үүсэл, үндэстний ялгаанаас үл хамааран иргэн болох болов. Дэлхийн 2 дугаар дайны дараахь үе хүртэл тасралтгүй үргэлжилсэн олон арван жилийн цагаачлал, түүнд хамрагдсан еврейчүүд, болон европын бусад олон үндэстний нөлөөгөөр эх оронч үзлийн либерал үзэл баримтлал нөлөөтэй болжээ. Гэвч уугуул индиан хүн ам болон хар арьстаны иргэний эрхийн асуудал 20 дугаар зууны 60-70–аад оныг хүртэл шийдэгдээгүй явж ирсэн билээ.
1970-аад оны үед арьс өнгөөр гадуурхлыг ямар нэгэн хэмжээгээр даван туулж “мульти-соёлын” эх оронч үзэл тогтов. Иргэний эрх чөлөөний хөдөлгөөний өрнөлөөс гадна хоёр системийн улс төр, үзэл суртлын өрсөлдөөн нөлөөлсөн нь дамжиггүй. АНУ-ын эдийн засаг, цэрэг зэвсгийн тасархай ноёрхол нь эх оронч үзэлтэйгээ хослон дэлхийн тэргүүлэх гүрэн болгож хувиргалаа. Америкчуудын бүтээсэн орчин үеийн поп соёлын урьд хожид үзэгдээгүй түрлэг давалгаа орж ирж дэлхий дахиныг хошууруулав. 2001 оны дараахь терроризмын эсрэг дайн америкийн эх оронч үзлийн шинэ үе шат болж байна. “Эх оронч үзлийн хууль” гарч, дэлхийн халуун цэгүүдэд эх оронч үзлийн төлөө цуст дайн мөргөлдөөн үргэлжилж байна.
Америкийн үзэл санаа, эдийн засгийн хүч чадлын давуу талыг бусад үндэстний үзэл санаа, соёл иргэншлүүд тэр бүр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж эхэлсэн цаг үед бид аж төрж байна. Америкийн эх оронч үзлийг нийгмийн хөрөнгө чинээний анги бүлгүүд бараг ижил хэмжээнд хүлээн зөвшөөрдөг тул ангийн биш шинжтэй гэж үздэг. Гэхдээ нийгмийн анги бүлгийн орлого буурах тусам илүү хүчтэй байдаг. Дээд ангийн олигарх хэсэг нь илүү либерал бөгөөд эх оронч үзэл багатай байдгийг америкийн философич Хантингтон ажиглаж шүүмжилсэн байдаг. Америкийн эх оронч үзэл илүү хувь хүний шинж чанартай байдаг бөгөөд хувь хүмүүс өөрсдөө санхүүжүүлдэг гэсэн онцлог гэж үздэг.
АНУ-ын төрийн хувьд дотоодоо эх оронч үзлийг шууд санхүүжүүлдэггүй ч дэлхий даяар НҮБ, дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудаар дамжуулан санхүүжүүлдэг. Эх оронч үзлийг өмнөх түүх уламжлалтайгаа бус харин ирээдүйтэй холбож үздэг нь америкийн эх оронч үзлийн нэг онцлог шинж чанар. Америкчууд өөрсдөө үндэстэн болж бүрэлдэх үйл явц нь үргэлжилж буй тул ирээдүйд хандсан шинжтэй. Өөрсдийн гайхуулаад байх олон жилийн түүхэн уламжлал байхгүй улс оронд түүхэн туршлагыг дутуу үнэлж үздэг. Америкчууд түүх бол зүй тогтолт хувьсал хөгжлийн үйл явц гэхээсээ илүү аливаа нэгэн үйл явдал, хувь хүмүүсийн үйлдлийн гинжин холбоо гэж үздэг. Иймд түүхэн гүнзгий зүй тогтол, уламжлалын нөлөөг орхигдуулж тухайн цаг үед нь асуудал шийдэх хэлбэрээр түүхэнд ханддаг. Маргааш улам сайн болно гэсэн өөдрөг хандлага давамгайлдаг.
Америкийн эх оронч үзэлд ялагдал, гутамшиг байх ёсгүй гэж үздэг. Аливаа ялалт амжилтаас эх оронч үзэл тэтгэгдэж цаашдаа зайлшгүй ялан дийлж байх болно гэж итгэдэг. Өөрсдийн зовлон зүдгүүрт тулгуурлан эх орон нэгтнээ нэгтгэх гэсэн ойлголт угаас тэдэнд байхгүй. Гагцхүү түүхэн үйл явцыг удирдаж, нөхцөл байдлыг тэр дор нь өөрт ашигтайгаар эргүүлэн ашиглах гэсэн сэтгэлзүй америкийн эх оронч үзлийн нэгэн хэсэг болж байдаг. АНУ-ын эх оронч үзэл бусад орны ард иргэдэд зөрчилтэй мэдрэмж төрүүлдэг. Нэг хэсэг үндэстэн улс орон түүний үр нөлөөтэй, өөдрөг байдлыг бишрэн шүтэж атаархаж байдаг бол нөгөө хэсэг үндэстэнд түүний хувиа хичээсэн, түрэмгий шинж чанар үзэн ядалтыг төрүүлж байна. Энэ үйл явц сүүлийн жилүүдэд улам гүнгийрч байна.