Алтан загасны үлгэр

"Алтан заганы үлгэр"-ийг /оросоор. -Сказка о рыбаке и рыбке/ 1833 оны 10 дугаар сарын 2-/14/-нд Оросын алдарт яруу найрагч Александр Сергеевич Пушкин бичиж 1835 онд "Уншихад зориулсан номын сан" /Бибилиотека для чтения/ сэтгүүлд хэвлэгдсэн байна. Энэ үлгэр олон хэл дээр орчуулагдсан бөгөөд түүний дотор Монголын XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Хатагин овогт Цэндийн Дамдинсүрэн 1938 онд монголчилж орчуулсан байна.


Алтан загасны үлгэр


Хөрст алтан дэлхийн

Хөвөө хязгаар нутагт

Хөх цэнхэр далайн

Эрэг ирмэг газарт

Эрт урьд цагт

Эмгэн өвгөн хоёр

Айл болон амьдарч

Аж төрөн суужээ.

Хар усан ундтай

Хад чулуун нөмөртэй

Газрын агуйд хоргодож

Галын илчинд шүтэж

Гучин жил тэнэж

Дөчин жил суув.

Өвгөн нь загас барьж

Далайн хөвөө сахина.

Эмгэн нь утас ээрч

Гэрийн мухар сахина.

Өвгөн нэг өдөр

Далайн хөвөөнд очоод

Тороо усанд тавьж

Загас шүүрдэж эхлэв.

Анхан нэг шүүсэнд

Нялцгар замаг гарав.

Ахиад нэг шүүсэнд

Нойтон өвс гарав.

Адаг сүүлд нь шүүтэл

Алтан загас баригдав.

Аливаа загаснаас онц

Алтан загас болбол

Адгуус амьтнаас онц

Хүний хэлийг мэднэ.

“Амь авар” гэж

Алтан загас гуйв.

“Өвгөн болсон ах минь

Өршөөж хайрла намайг.

Урхи торноос мулталж

Усанд буцааж тавина уу?

Амь биеийн оронд

Аль дуртайг чинь өгнө.

Хайрт амины оронд

Хамаг хүссэний чинь өгнө” гэж.

Энэ үгийг сонсоод

Өвгөн их цочив.

“Өссөн төрснөөс нааш

Өвгөн насан болтол

Өдий жилийн дотор

Загас барьж амьдрахдаа

Замаг шүүж явахдаа

Үг хэлэх загасыг

Үзсэн удаа байхгүй.

Яасан хачин юм бэ?

Ямар жигтэй хэрэг вэ?” гэж

Ажиг сэжиг төрж

Айх гайхах зэрэгцэж

Алтан загасыг тавихдаа:

“Чиний өгөх юм

Над хэрэг байхгүй.

Чиний үнэтэй бие

Над олз болохгүй.

Алтан өнгөт загас минь

Ариун далайд цэнгэж

Аль дураараа амьдар.

Ачит тэнгэрт өршөөгдөж

Амар мэнд яв” гэж

Сайн үгээ хэлж

Сайхан ерөөлөө тавив.

Өвгөн тэндээс буцаж

Гэртээ харьж ирээд

Өнөөх сонин юмаа

Эмгэндээ ярьж эхлэв:

“Өнөөдөр би далайгаас

Нэг загас барив.

Өнгө нь алт бөгөөд

Хүний хэл мэднэ.

Амь биеэ аварч

Усанд тавихыг гуйж

Аль дуртай юмыг

Над өгье гэхэд нь

Айж сандраад би

Юу ч авч чадсангүй.

Хөөрхий тэр загасыг

Тор шүүрээс мулталж

Хөх далайд нь тавьчхаад

Буцаад ирэв” гэж гэнэ.

“Эргүү тэнэг амьтан” гэж

Эмгэн өвгөнөө зэмлэв.

“Алтан загаснаас юм

Авч чадсангүй чи.

Мунхаг амьтан ядахдаа

Модон тэвш гуйсан бол

Маш хэрэгтэй байх сан.

Манай тэвш хуучирч

Хагарч эвдрээд бүр

Хамхарч унах шахсан шүү

Өвгөн гэдрэг явж

Өнөөх далайдаа ирэв.

Далайн ус мяралзаж

Даанч сайхан харагдав.

Алтан загасыг дуудсанд

Алтан загас хөвсөөр

Өмнө нь хүрч ирээд

Өвгөнөөс ингэж асуув:

“Хүндэт өвгөн ах минь

Хүсэх хэлэх юу байна?

Явдал учир юу вэ?

Ямар хэргээр ирэв?”

Өвдөг нугалж мөргөөд

Өвгөн хариу хэлэв:

“Хатан дээд загас минь

Хайрлаж намайг өршөө.

Алтан загаснаас юм

Авч чадсангүй гэж

Манай эмгэн намайг

Маш ихээр буруушааж

Шинэ тэвш хэрэгтэй гэж

Ширүүн үг хэлж байна.

Эдэлж байсан тэвш маань

Эвдэрч унахад хүрсэн гэнэ”.

Алтан загас хэлэв:

“Ачит буурал өвгөн минь

Зорьж ирсэн хэрэг чинь

Зовох юмгүй бүтнэ.

Эрхт тэнгэрт итгэж

Гэртээ харь өвгөн минь.

Эвдэрхий муу тэвш чинь

Шинэ тэвшээр солигдоно”.

Өвгөн гэртээ иртэл

Өнөөх загасны өгсөн

Өнгөтэй сайхан тэвш

Өмнө нь хэвтэж харагдана.

Эмгэн дэргэд нь зогсоод

Элдвээр хараах сонстов:

“Эргүү тэнэг амьтан чи

Энэ тэвшийг гуйсан уу?

Тэвшээр юу хийх вэ?

Дэмий юмыг авч чи.

Бас буцаад яв.

Байшин гуйгаад ир” гэж.

Өвгөн гэдрэг буцаж

Өнөөх далайдаа ирэв.

Далайн ус нэлээд

Давалгаалж цалгилж байв.

Алтан загасыг дуудсанд

Алтан загас хөвсөөр

Өмнө нь хүрч ирээд

Өвгөнөөс ингэж асуув:

“Хүндэт өвгөн ах минь

Хүрээд ирэв үү бас?

Явдал учир юу вэ?

Ямар хэргээр ирэв?”

Өвдөг нугалж мөргөөд

Өвгөн хариу хэлэв:

“Хатан дээд загас минь

Хайрлаж намайг өршөө.

Манай эмгэн уурлаж

Маш ихээр зэмлэж

Хөгшин намайг амраахгүй

Хөөж загнаад болохгүй.

Балай хэрүүлч эмгэнд

Байшин хэрэгтэй юм гэнэ”.

Алтан загас хэлэв:

“Ачит буурал өвгөн минь

Зорьж ирсэн хэрэг чинь

Зовох юмгүй бүтнэ.

Эрхт тэнгэрт итгэж

Гэртээ харь, өвгөн минь.

Эвдэрхий муу гэр чинь

Шинэ байшингаар солигдоно”.

Өвгөн тэндээс буцаж

Гэртээ хүрч ирвэл

Өнөөх муу гэр нь

Оргүй болсон байжээ.

Гэр байсан газарт нь

Гэгээн цагаан өнгөтэй

Гэрэл орох цонхтой

Царс модон хаалгатай

Цагаан байшин харагдаж гэнэ.

Эмгэн цонхны дэргэд

Эрхэмсэг янзаар суугаад

Хамаг муу үгээр

Харааж загнаж байна гэнэ:

“Эргүү тэнэг амьтан чи

Энэ байшинг гуйсан уу?

Загасанд буцаад оч.

Залбирч гуйгаад ир.

Ядуу тариачин байхад

Ямар жаргал байх вэ?

Харц язгуураа сольж

Тайж болохыг хүснэ.

Хамжлага тариачнаа байж

Ноён болохыг хүснэ”.

Өвгөн гэдрэг буцаж

Өнөөх далайдаа ирэв.

Далайн ус ихээр

Давалгаалж цалгилж байв.

Алтан загасыг дуудсанд

Алтан загас хөвсөөр

Өмнө нь хүрч ирээд

Өвгөнөөс ингэж асуув.

“Хүндэт өвгөн ах минь

Хүрээд ирэв үү бас?

Явдал учир юу вэ?

Ямар хэргээр ирэв?”

Өвдөг нугалж мөргөөд

Өвгөн хариу хэлэв:

“Хатан дээд загас минь

Хайрлаж намайг өршөө.

Манай эмгэн уурлаж

Маш ихээр зэмлэж

Урьд загнаснаас илүү

Улам ихээр харааж

Хөгшин намайг амраахгүй

Хөөж загнаад болохгүй.

Ноос ээрдэг эмгэн маань,

Ноён болох санаатай гэнэ.

Тариачин язгуураа сольж

Тайж болох хүсэлтэй гэнэ”.

Алтан загас хэлэв:

“Ачит буурал өвгөн минь

Зорьж ирсэн хэрэг чинь

Зовох юмгүй бүтнэ.

Эрхт тэнгэрийн өршөөлөөр

Эмгэн чинь хатан болно”.

Өвгөнийг буцаад иртэл

Өндөр сайхан байшин

Өргөө сайхан ордон

Өмнө нь харагдаж гэнэ.

Энэ сайхан ордонд

Эмгэн нь морилж суугаад

Эрхэм булган дээлтэй

Эрээн хоргой малгайтай

Эрдэнэ сувдаар чимэглэсэн

Эхнэр болоод байж байв.

Утсаар угалз тавьсан

Улаан гутал өмсөөд

Урдах зарцаа өшиглөж

Учиргүй их загнаж байна.

Алтан бэлзэг зүүсэн

Арван мойног хуруугаар

Аягач хүүхний үсийг

Атгаж аваад зодож байна.

Өвгөн хүрч ирээд

Өвдөг сөгдөж айлтгав:

“Тайжийн эрхэм хатан

Тавтай морилж байна уу?

Таны хүссэн зүйл

Тааллын ёсоор болж

Санасан хэрэг бүтсэнд

Санаа сэтгэл амрав уу?”

Өвгөнийг үзээд эмгэн

Өндөр дуугаар зандарч

Агтын хашаа сахиж

Адуу хариулгахаар явуулав.

Хэдэн хоног өнгөртөл

Хэрэг дахин гарав.

Урьдынхаасаа эмгэн

Улам илүү догширч

Адуучин муу өвгөнийг

Авчруулж байгаад тушаав:

“Загасанд очоод мөргө.

Залбирч гуйгаад ир!

Харц тариачин байгаад

Хамжлагат тайж болсон юм.

Хамжлагат тайжаа болиод

Хаан болоход яадаг юм?

Хатан хаан болоод

Хамгийг захирах хүсэлтэй” гэж.

Өнөөх үгийг сонсоод

Өвгөн ихээр цочиж

Шуналт тэр эмгэнд

Шууд ингэж хэлэв:

“Ховдог санаа хэтэрч

Хоосон байснаа мартав уу?

Хоолонд их цадаж

Галзуу өвчин тусав уу?

Тэгш зөв алхаж

Чадахгүй ийм эмгэн

Дээд хаан болж

Яаж чадах юм бэ?

Дэлхийн хүн амьтны

Элэг доог болно.

Бүтэн үг хэлж чадахгүй ийм эмгэн

Бүгдийн хаан болж

Яаж чадах юм бэ?

Бүх олон амьтны

Ичгүүр сонжуур болно”.

Эмгэн ихээр уурлаж

Элдэв зүйлээр харааж

Тариачин өвгөний хацрыг

Тасхийтэл алгадаад

Сүрхий янзаар харж

Сүрдүүлж байгаад тушаав:

“Тайж язгуурт миний

Таалал тушаал хоёрыг

Зөнөг муу тариачин

Зөрчиж болдог юм уу?

Дуртай дургүйг асуухгүй

Тушааж байна чамд.

Дуугүй явахгүй болбол

Чирээд явуулна чамайг”.

Өвгөн арга ядаж

Өнөөх далайдаа ирэв.

Далайн ус харлаж

Давалгаалж цалгилж байв.

Алтан загасыг дуудсанд

Алтан загас хөвсөөр

Өмнө нь хүрч ирээд

Өвгөнөөс ингэж асуув:

“Хүндэт өвгөн ах минь

Хүрээд ирэв үү бас?

Явдал учир юу вэ?

Ямар хэргээр ирэв?”

Өвдөг нугалж мөргөөд

Өвгөн хариу хэлэв:

“Хатан дээд загас минь

Хайрлаж намайг өршөө.

Уршигт муу эмгэн

Уурлаж загнаад болохгүй.

Харц тариачин байгаад

Хамжлагат тайж болсон юм.

Хамжлагат тайжаа болиод

Хаан болоход яадаг юм бэ?

Хатан хаан болоод

Хамаг олныг захирна гэж

Ноён зэргээ голж

Тайж язгуураа чамлаж

Эрх хүч төгөлдөр

Эзэн хатан болно гэж

Эмгэн загнаад болохгүй”.

Алтан загас хэлэв:

“Ачит буурал өвгөн минь

Зорьж ирсэн хэрэг чинь

Зовох юмгүй бүтнэ.

Эрхт тэнгэрт итгэж

Гэртээ харь өвгөн минь.

Эмгэн чинь одоохон

Эзэн хаан болно” гэжээ.


Өвгөнийг буцаад ирэхэд нь

Өрөө олон тасалгаатай

Өндөр сайхан ордон

Өмнө нь харагдаж гэнэ.

Хааны ордонд эмгэн нь

Хатан болоод заларч байв.

Эрхт хатан болоод

Эзний ширээнд суугаад

Бийр цаас барьсан

Бичгийн түшмэдээр тойруулж

Балт сүх далайсан

Баатар цэргээр хүрээлүүлж

Ноёдоор хундага бариулж

Түшмэдээр сөн түшүүлж

Далайн цаанаас авчирсан

Дарс уугаад наргиж байв.

Ариун сайхан идээг

Амталж үзээд ярвайж байв.

Өвгөн түүнийг хараад

Өөрийн эрхгүй сүрдэж

Аймшигт хатан хааны

Амрыг айлтгаж мөргөн:

“Эрхт дээд хатан минь

Энх морилж байна уу?

Таны хүссэн зүйл

Тааллын ёсоор болж

Санасан хэрэг бүтсэнд

Санаа сэтгэл амрав уу?”

Эмгэн тэр өвгөнийг

Нүдээр ширвэж үзээд

“Эргүүлж хөө” гэж

Амаар зандарч хэлээд

“Энэ муу өвгөн

Энд юунд ирэв?

Нүдэнд үл харагдах

Чихэнд үл дуулдах

Зах хол газар

Зайлуулж явуул” гэж

Зарц олон хүндээ

Зарлиг буулгаж тушаав.

Олон цэрэг түшмэд нь

Омогтой чангаар дуугарч

Загасчин муу өвгөнийг

Заамдаж барьж аваад

Урагш татан угзарч

Ууцан дээр нь нударч

Гадна гартал түлхэв.

Газар унатал өшиглөв.

Хаалгаар гарахын үед

Харуулын цагдаа тулгарч

Алмас сүхээ далайгаад

Арай л цавчиж алсангүй.

Ордноос дөнгөж гартал

Олон хүний инээлдэх нь:

“Ямбатан ихэстэй уулзах

Ямар хэрэгтэй юм чи?

Хэрээ мэдэж яв.

Бяраа мэдэж өргө”.

Хэрэг түвэг гаралгүй

Хэд хонож байтал

Хэрүүлч муу эмгэний

Хэрцгий нь бас хөдлөв.

Эр нөхрөө ол гэж

Эмгэн зандран тушаагаад

Ордны бараа бологчдыг

Олон тийш нь явуулав.

Элч цагдаа мордоод

Эрж сурч олоод

Харц өвгөнийг авчирч

Хатан хаанд мөргүүлэв.

Эрхт хатан хаан

Эзний ширээн дээрээс

Өвгөн болсон нөхөртөө

Өндөр дуугаар тушаав.

“Загасанд очоод мөргө.

Залбирч гуйгаад ир.

Хүний хаан болсон ч

Хүсэл жаргал дутуу байна.

Эзэн хаан болсон ч

Эрх ямбаа чамлана би.

Тэнгис далайг эзэлж

Тэнгэр газрыг захирна би.

Алтан загас өөрөө

Албат зарц минь болог.

Яв гэсэн газарт

Явж байг тэр.

Зогс гэсэн газарт

Зогсож байг тэр”.

Өвгөн эмгэнийг буруушаавч

Үг хэлж чадсангүй.

Тушаалыг дагаж гүйцэтгэхээр

Дуугүй гэдрэг явав.

Далайн хөвөөнд очвол

Давалгаа гэдэг учиргүй.

Хар салхи үлээж

Харанхуй шуурга тавьж

Сүрхий долгион цалгилж

Сүйд болж байна гэнэ.

Алтан загасыг дуудсанд

Алтан загас хөвсөөр

Өмнө нь хүрч ирээд

Өвгөнөөс ингэж асуув:

“Хүндэт өвгөн ах минь

Хүрээд ирэв үү бас?

Явдал учир юу вэ?

Ямар хэргээр ирэв?”

Өвдөг нугалж мөргөөд

Өвгөн хариу хэлэв:

“Хатан дээд загас минь

Хайрлаж намайг өршөө.

Уршигт муу эмгэн

Уурлаж загнаад болохгүй.

Хүний хаан болсон ч

Хүсэл жаргал дутуу гэнэ.

Эзэн хаан болсон ч

Эрх ямбаа чамлана гэнэ.

Тэнгис далайг эзэлж

Тэнгэр газрыг захирна гэнэ.

Алтан загас чамайг

Албат зарцаа болгоно гэнэ.

Яв гэсэн газарт нь

Явж байх хэрэгтэй гэнэ.

Зогс гэсэн газарт нь

Зогсож байх хэрэгтэй гэнэ”.

Энэ үгийг сонсоод

Эрдэнэт алтан загас

Хариу юу ч хэлсэнгүй.

Хажуу тийшээ эргэж

Сүүлээ ганцхан шарваад

Гүн далайд орчхов.

Өвгөн хариу хүлээж

Өнө болтол зогсовч

Алтан загас ер

Эргэж гарч ирсэнгүй.

Хариу хүлээж ядаад

Харьж эмгэндээ иртэл

Орд харшийн зүйл

Оргүй алга болж гэнэ.

Гайхаж бас ажиглатал

Газар гэр нь харагдаж гэнэ.

Эмгэн түүний үүдэнд

Ээрүүлээ бариад сууна.

Эмгэний дэргэд бас

Эвдэрхий тэвш нь хэвтэнэ.