Алексей Михайлович
Алексей Михайлович (1629 оны 3-р сарын 9-нд Москвад төрсөн- 1676 оны 1-р сарын 29-нд Москвад нас барсан) - Романовын угсааны Оросын хоёр дахь царь (1645 оны 7-р сарын 14-нөөс - 1676 оны 1-р сарын 29). Тэрээр Михаил Федорович царь ба түүний хоёр дахь эхнэр Евдокия Лукьяновна нараас төрсөн хүү.
Алексей Михайлович 16 настайдаа хаан ширээнд суухаас нь өмнө Борис Морозов бичиг усэг ном зааж боловсрол олгосон байна. Алексей Михайловичийн хамаатан ах байсан Морозов анх төрийн хэргийг хариуцаж байсан боловч 1648 оны "Давсны үймээн"-ээр Алексей Михайлович Борис Морозовыг цөллөгт явуулахад хүргэсэн.
Тэрээр босогчдын шаардлагад буулт хийж "Земский Собор"-ыг хуралдуулж, 1649 онд Боолчлолыг хуульчилсан "Соборын дүрэм"-ийг тогтоосон шинэ багц хуулиуд баталсан юм. Б.Морозовын дараа хааны ойрын хүнээр хунтайж Никита Одоевский, дараа нь хамба Патриарх Никон болсон байна. 1654 оны 1-р сард Оросын эзэнт гүрэн Днепрын казакуудын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, 1655 оны 5-р сард Польштой удаан үргэлжилсэн дайнд оров. Энэ нь улмаар мөн 1656-1658 оны Орос-Шведийн дайнд хүргэсэн билээ. Польштой хийсэн дайныг дуусгавар болсон 1667 оны 1-р сард Андрусовогийн энхийн хэлэлцээрийн дагуу Оросын хаант улс Смоленск, Киев болон Днепр мөрний зүүн эрэг дахь Украины зарим хэсгийг өөрийн эзэмшилд авчээ.
Алексей Михайловичийн хаанчлалын үеийн онцлох үйл явдал бол Оросын үнэн алдартны сүм дэх хагарал байв. Өнгөрсөн зуунд Грекийн шашны үндсэн загвараас салсан Оросын үнэн алдартны шашны ном, зарим зан үйлийг шинэчлэх хамба Никоны хүчин чармайлтыг хаан дэмжиж байв.
Хаан Оросын өрнөдийн орнуудтай худалдаа хийхийг дэмжиж байсан. Харийнхны эдийн засгийн өрсөлдөөнд нэрвэгдсэн хотуудад болон эрх чөлөөний сүүлчийн үлдэгдэлээ алдсан тариачид түүний засаглалд сэтгэл дундуур байсан юм. Энэхүү нийгмийн дургүйцэл нь байнга бослого гарахад хүргэж байсан бөгөөд хамгийн хүчтэй нь Степан Разин тэргүүтэй 1667-1671 оны тариачдын бослого байсан юм. Тариачдын бослогыг хэрцгийгээр дарсан байна.
Ихэнх түүхчид Алексей Михалович зөөлөн, уярамтгай сэтгэлтэй удирдагч байсан нь түүний гол сул тал байсан гэж үздэг. Түүний хаанчлалын ихэнх хугацаанд засаглалын эрхийг түүний ойр орчмын хүмүүс хэрэгжүүлэн удирдаж байсан ажээ.
Алексей Михайлович царийн үед Сибирийг эзэмших хөдөлгөөн үргэлжилсээр байв. Энэ талаар Андрей Булыгин, Онуфрий Степанов, Ерофей Хабаров болон бусад хүмүүс алдартай болсон. Үүсгэн байгуулагдсан хотууд: Симбирск (өнөөгийн Ульяновск 1648), Нерчинск (1658), Эрхүү (1661), Пенза (1663), Кунгур (1663), Сэлэнгинск (өнөөгийн Новоселенгинск 1665).