Азарганы ноцолдоон (уран зураг)
Азарганы ноцолдоон - БНМАУ-ын анхны Ардын зураач, Төрийн хошой шагналт, УГЗ, XX зууны манлай зураач Очирын Цэвэгжавын энэхүү бүтээл Монгол Улсын “Түүх, соёлын хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад 2013 онд бүртгэгдсэн Монголын ард түмний оюуны хосгүй бүтээлүүдийн нэг юм.
Зураг зурах санаа төрсөн тухай
засварлахТал нутагт эмнэг хангал сургаж, морь уургалж явсан 28 насандаа зураач зургийнхаа санааг анх олсон гэдэг. Өөрийн хэлэх гэсэн уран санааг өрнүүн гаргахын тулд адуу хариулж явахдаа өөрийн азаргыг бусад айлын азаргатай ноцолдуулан, түүнээс судалбар, таталбар зурах гэх зэргээр нарийн судалгаа хийжээ. Зураач О.Цэвэгжавын арав гаруй жилийн уйгагүй судалгаа, шаргуу хөдөлмөрийн үр дүнд уг “Азарганы ноцолдоон" 147х200 см хэмжээ, зотон тосон бүтээл 1958 онд мэндэлсэн түүхтэй.
Зурагны тухай
засварлахНамрын нарлаг сайхан нэгэн орой уулын завсар дахь уужим хөндийд хар хүрэн, зээрд зүсмийн хоёр азарга хүч мэдэн ноцолдоно. Цаад уулын толгой оройн шаргал нараар ухаа ягаан өнгөтэй харагдана.
Наад уулын сүүдэр хүүшлэн буужээ. Сүүдрийн сэжүүр ноцолдож байгаа хоёр азарганы хондлой, тэр хавийн газарт туссан байна. Шингэх нарны гэрэл хоёр азарганы цээжин тус газар тусжээ. Нарны гэрэл туссан газрын өвс ногоо алтны өнгөөр шаргалтан, сүүдэр буусан газрын өвс ногоорон харагдана.
Зурагт азарганы ноцолдож буй эгзэгтэй үе, цаанаас ирж байгаа цэнхэр дээлтэй, хусан уурга барьж бор морь унасан хүний дүр, хөхөрч ягааран байгаа уулс, хөвөлзөн нүүх үүлс, газар дэлхийн ганган чимэг өвс ногоо, намрын шаргал нарны гэрэл гэгээ амьд бодис тэргүүтнийг яруу сайхнаар зохицуулж утга төгөлдөр уран сайхан дүрсэлжээ. Энэ бүхэн нь хоёр азарганы оргилуун тэмүүллийг товойлгон гаргах суурь болсон ажээ. Хэдийгээр эл бүхэн нэгэн утга санаанд нэгдсэн боловч харагч гүү зугтан холдож байгаа, унага эхийгээ даган давхиж яваа зэрэг сонин содон дүрүүд тус бүрдээ онцлог шинжийг өгүүлнэ.
Хар хүрэн азарга ид насны хүч тэнхээ эрмэг чадлыг үзүүлж байхад зээрд зүсмийн азарга зориг төгс залуугийн цог жавхааг илэрхийлсэн гэдэг. Зураач азарганы энэ эрмэг чадал сорьсон эгзэгтэй мөчийг дүрслэхдээ азарганы бие махбодийн онцлог, зан аашийн өвөрмөц байдал, түүнд хандах үзэл санаагаа урнаар тод яруу дүрсэлжээ.
2018 онд Дорнод аймгийн залуучуудын холбооноос санаачлан Дорнод аймагт "Азарганы ноцолдоон" зургийг хөшөө болгон мөнхлөхөөр болжээ.
Өнөө үед уг бүтээл Монголын уран зургийн галерейд хадаглагдаж байна.