Австралийн боловсролын тогтолцоо
Австралийн боловсролын тогтолцоо (англи. The Australian education system) бүтцийн хувьд ихэнх өндөр хөгжилтэй орнуудын тогтолцоотой адил байдаг. Боловсролын хөтөлбөр нь муж, нутаг дэвсгэрээс хамаарч бага зэрэг ялгаатай байдаг. Австралийн нутаг дэвсгэр дахь бүх боловсролын байгууллагыг төрөөс санхүүжүүлдэг бөгөөд улсын болон хувийн сургуулиудын үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулдаг байна.
Австралийн Их дээд сургуулиудыг Холбооны түвшинд бодлогоор дэмжиж ирсэн. Австралид бага, дунд боловсрол заавал эзэмшсэн байх ёстой бөгөөд сургалтын хугацаа нь нийт 12 жил байдаг.
Австралийн Боловсролын тогтолцоо 3 үе шаттай байдаг:
- Primary education — анхан шатны боловсрол (бага анги)
- Secondary education — дунд боловсрол ( дунд сургууль: Middle School, Secondary School, High School ).
- Senior secondary school- бүрэн дунд боловсрол
- Tertiary education — дээд боловсрол ( Их сургууль) болон мэргэжлийн боловсрол, сургалт (МБС).
Австралид 5-аас 16 (зарим муж, нутагт 17) насны хүүхдүүд заавал дунд боловсрол эзэмшүүлдэг байна. Цаашдын боловсролыг Австралийн мэргэшлийн түвшин тогтоолтоор зохицуулдаг.
Тус улсад Бага, дунд сургууль, коллежид хичээлийн жил ихэвчлэн 1-р сарын сүүл - 2-р сарын эхээр эхэлж, 12-р сарын дундуур дуусдаг. Их, дээд сургуулиудад хичээлийн жил 2-р сарын сүүлээс 9-р сарын эхэн хүртэл үргэлжилдэг. Амралт, баярын өдрүүдээр амрахыг боловсролын байгууллага тус бүр өөрсдөө зохицуулдаг ажээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан судалгаагаар Австрали улс 2018 оны боловсролын амжилтын индексээр 2-р байранд орж байжээ.
Түүх
засварлах1788 онд Австралид ирж суурьшсан анхны цагаачидад боловсролын хэрэгцээ гарч ирсэн байна. Улмаар Австралид анхны сургуулиудыг 18-р зууны төгсгөлд Сидней дэх Англикан сүм нээсэн байна. Католикуудын хүүхдүүд Англикан сургуульд албадан суралцаж, өнчин хүүхдүүд автоматаар католик болж сурдаг байжээ. Хожим нь бусад шашны урсгалын сургуулиуд гарч эхэлсэн байна.
1831 онд тухайн үеийн Ерөнхий сайд, Веллингтон гүнгийн санаачилгаар хамгийн эртний бие даасан сургууль болох «The King’s School, Parramatta» хэмээх сургууль английн IV Уильям хааны ивээл дор байгуулагджээ.
1872 онд Виктория мужид шашны бус сургуулийг нээсэн анхны колони болжээ. Дараагийн 20 жилийн хугацаанд бусад колониуд ч үүнийг дагасан байна.
1850 оны 10-р сарын 1-нд Сидней хотод анхны Их сургууль нээгдсэн юм. 1853 онд Мельбурн хотод, 1874 онд Аделаидад, 1890 онд Тасманийн арал дээр тус Их сургуулиуд нээгдэв байна. Дараа нь 1909 онд Квийнслэндад, 1911 онд Перт хотод Баруун Австралийн Их сургууль нээгдсэн.
Дэлхийн 2-р дайны дараа Австралийн Засгийн газар улс орны эдийн засгийн хөгжилд боловсролын чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж, улмаар шинэ боловсролын байгууллагууд нээгдэж эхлэв. 1948-1975 оны хооронд Их дээд сургуулийн тоо 6-аас 19 болж өсөөд, нийт оюутны тоо 32 мянгаас 148 мянга болж нэмэгдсэн байна.
1994 онд Австралийн тэргүүлэгч 8 Их сургууль дэд ерөнхийлөгч нарын албан бус бүлгийг зохион байгуулж, 1999 онд "Наймын бүлэг" "G8" гэж албан ёсоор нэрлэх болсон. Тус холбоо өөрийн гишүүн их, дээд сургуулиудын эрх ашгийг хамгаалах лобби бүлэглэлийн үүрэг гүйцэтгэдэг байна. Үндсэн гол Их сургуулийн кампусууд Австралийн зургаан том хотуудад байрладаг юм.
Анхан шатны боловсролын сургууль
засварлахАвстралид анхан шатны боловсрол заавал эзэмших ёстой байдаг. Сургалтын хугацаа нийт 13 жил байна. Хүүхэд 5-6 насандаа анх сургуульд орж, 13-15 насандаа бага ангиас дунд сургуульд шилжин ордог.
Сургуулийн сурагчдын 65 орчим хувь нь улсын сургуульд, 34 хувь нь католик шашны болон бие даасан (хувийн) сургуульд суралцдаг. Хөдөө орон нутагт гэрээр сургах нэг хэлбэр байдаг. Үүнийг хуулиар баталгаажуулсан боловч гэрээр сурдаг оюутнуудын тоо ойролцоогоор 1% эзэлдэг байна.
Улсын сургуулийн боловсрол нь Австралийн иргэдэд болон байнгын оршин суугчдад үнэ төлбөргүй байдаг. Католик болон бие даасан (хувийн) сургуулиуд сар бүр сургалтын төлбөр авдаг. Сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцас, бичиг хэрэг, зуслан болон бусад зардлыг улсаас даадаггүй эцэг эх төлдөг юм. Нэг хүүхдэд ногдох эцэг эхийн нэмэлт зардал жилд дунджаар 316 австрали доллар болдог байна.
Сургууль нь муж, католик эсвэл бие даасан (хувийн) эсэхээс үл хамааран тухайн муж эсвэл нутаг дэвсгэрт заасан сургалтын хөтөлбөрийг дагаж мөрдөх ёстой. Гэсэн хэдий сургуулиудад шашин судлал гэх мэт нэмэлт хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт оруулахыг зөвшөөрдөг ажээ.
Австралийн сургуулийн сурагчдын ихэнх нь сургуулийн дүрэмт хувцас өмсдөг. Заасан нэг хэлбэр байхгүй, сургууль бүр өөрийн дүрэмт хувцас тогтоодог. Зарим сургуулиуд дүрэмт хувцас өмсөхийг огт шаарддаггүй.
10-р ангиа төгсөөд сурагчид сургуулиа орхиж болдог. Гэсэн хэдий ч статистикийн мэдээгээр сурагчдын 3/4-ээс илүү нь сүүлийн анги хүртэл үргэлжлүүлэн сургуульдаа үлдэж сурдаг байна.
Дээд боловсрол
засварлахАвстралийн дунд сургуулиа төгсөөд дээд боловсрол эзэмших сонирхолтой сурагчид Их сургуульд буюу коллежид элсэн ордог. Дээд боловсрол Австралид 3 үе шаттай:
- Bachelor degree — Суурь дээд боловсрол
- Higher education — Бүрэн дээд боловсрол
- Master degree — аспирантур
Их сургууль элсэн ороход дунд сургуулийн 12-р анги төгссөн байх шаардлагатай. Австралид төрийн болон хувийн дээд боловсролын байгууллагууд байдаг. Тэдний хоорондох ялгаа нь боловсролын үйл явц, материаллаг баазыг санхүүжүүлэх арга хэлбэрт байдаг юм. Гэсэн хэдий ч бүгд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн улсын түвшингээс доогуур байж болохгүй. Дээд боловсролын байгууллага нь Австрали, муж, нутаг дэвсгэрийн хууль тогтоомжид заасан бүх нөхцөл шаардлагыг хангасан боловсролын байгууллага юм. Их сургуульд тэтгэлэг, оюутнууд нь засгийн газрын тэтгэлэгт хамрагдахын тулд Австралийн Засгийн газраас зөвшөөрөл авсан байх ёстой.
Австралийн мэргэшлийн чанарын түвшин тогтоох байгууллага (The Australian Qualifications Framework (AQF)) нь албан боловсролын дараах мэргэшлийг хамарсан үндэсний тогтолцоо юм. Энэ нь 10 шатлалтай бөгөөд сургууль, мэргэжлийн болон дээд боловсролын мэргэшлийг нэг улсын хэмжээнд нэгтгэж, нэг түвшнээс нөгөө түвшин руу шилжих боломжийг олгодог байна.
2009 оны байдлаар Австралийн дээд боловсролын системд нийт 41 Их сургууль (37 төрийн, 2 хувийн, 2 гадаадын их сургуулийн факультет) байна. Австралийн хамгийн эртний зургаан Их сургууль нь "Элсэн чулууны их сургуулиуд"-ын бүлгийг (англи. Sandstone universities), хамгийн том тэргүүлэгч 8 Их сургууль нь нэр хүндтэй "Наймын бүлэг"-ийг (англи. G8) бүрдүүлдэг байна.
№ | Их сургуулийн нэр | Байршил | Байгуулагдсан
он |
албан ёсны
цахим хаяг |
---|---|---|---|---|
1. | Аделаидын Их сургууль | Аделаида, Өмнөд Австрали | 1874 | adelaide.edu.au |
2. | Австралийн Үндэсний Их сургууль | Канберра, Австралийн нийслэлийн газар нутаг | 1946 | anu.edu.au |
3. | Мельбурны Их Сургууль | Мельбурн, Виктория | 1853 | unimelb.edu.au |
4. | Монаш Их сургууль | Мельбурн, Виктория | 1958 | monash.edu.au |
5. | Шинэ Өмнөд Уэльсын Их сургууль | Сидней, Шинэ Өмнөд Уэльс | 1949 | unsw.edu.au |
6. | Квийнслэндын Их сургууль | Брисбен, Квийнслэнд | 1909 | uq.edu.au |
7. | Сиднейн Их сургууль | Сидней, Шинэ Өмнөд Уэльс | 1850 | usyd.edu.au |
8. | Баруун Австралийн Их сургууль | Перт, Баруун Австрали | 1911 | uwa.edu.au |