Австралийн Лейбор Нам

Австралийн Лейбор Нам (ААН) (Англи: Australian Labor Party - Австралийн Хөдөлмөрийн Нам) Австралийн зүүн төвийн баримжаатай, улс төрийн ууган, нөлөө бүхий нам.

Австралийн Лейбор намын Лого

Намын гарал үүсэл нь Австралийн Үйлдвэрчний эвлэлтэй холбоотой бөгөөд тэдэнтэй өнөө хүртэл нягт холбоотой байдаг. Тус нам нь Үйлдвэрчний эвлэлтэй намын бодлогыг хамтран тодорхойлдог, удирдах байгууллагыг сонгодог, төрийн албанд хүмүүсээ нэр дэвшүүлдэг.

Лейбор нам 50 мянга орчим гишүүнтэй. Намын даргыг парламентын лейбор намын бүлгийн гишүүд сонгодог. Тус нам нь "Дэвшилтэт Эвсэл"-ийн гишүүн бөгөөд өмнө нь "Социнтерний гишүүн" байсан юм.

 
1901 онд парламентад сонгогдон Лейбор намын гишүүд

AЛН нь Их Британи, Шинэ Зеландын ижил төстэй Хөдөлмөрийн намуудаас өмнө байгуулагдсан. 1892 онд Квийнслэндийн "Ажилчны Намын тунхаг"-ийг /Манифест/ уншиж түгээснээс хойш Австралийн бусад мужид (Шинэ Өмнөд Уэльс, Викториа) Хөдөлмөрийн намын хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. 1899 онд Квийнслэндмужид Лейбористууд дэлхийн анхны мужийн цөөнхийн Засгийн газрыг байгуулсан боловч ердөө долоо хоног эрх барьж чадсан түүхтэй.

1901 онд Австралийн Хамтын Нөхөрлөлийг байгуулснаар мужуудын Хөдөлмөрийн нам тус улсын парламентад орж, үндэсний нам байгуулжээ. Тухайн үед батлагдсан хөтөлбөр нь ардчилсан болон дэвшилтэт шаардлагуудыг (бүх нийтийн сонгуулийн эрх, өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн маргааныг заавал арбитраар хянан шийдвэрлэх, цэрэг татлагыг халах, сайн дурын үндсэн дээр арми байгуулах) тавьж байсан боловч Австралийн арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан цагаан арьстны бодлогын заалтууд (Ази гаралтай цагаачдыг оруулахгүй байх зэрэг) оруулж байсан бөгөөд сүүлд 1960-аад онд энэ заалтууд хасагдсан байна.

Гурван жилийн дараа буюу 1904 онд тус намын дарга Жон Кристиан Уотсон (1867-1941) Ерөнхий сайд болж, Хамтын нөхөрлөлийн Ажилчны намын анхны кабинетыг байгуулж байжээ. Дараагийн 10 жилийн хугацаанд АЛН 1904, 1908, 1910-1913, 1914-1915 онуудад гурван удаа Засгийн газраа байгуулсан боловч дараа нь 1941 он хүртэл зөвхөн 1929-1931 онд Засгийн эрхэнд гарч, бусад үед Либерал болон Аграр /Хөдөө аж ахуй/ намын кабинетууд байгуулагдаж байсан.

Намын хагарал

засварлах

Нам дотор хэд хэдэн хагарал гарч Дэлхийн нэгдүгээр дайны үеэр тус намыг удирдагч, Ерөнхий сайд Билли Хьюз намаа орхиж, өөрийн Үндэсний Хөдөлмөрийн намыг байгуулж, дараа нь Австралийн Либерал намтай нэгдэж, Үндэсний үзэлтэй нам болжээ. 1920 онд зүүн жигүүрийн хэд хэдэн лейбористууд намаа орхиж, Австралийн Коммунист намыг байгуулжээ (1921-1922 онд Оросын 1917 оны коммунист хувьсгалын нөлөөгөөр Хөдөлмөрийн нам болон холбогдох үйлдвэрчний эвлэлүүд бүхэлдээ зүүний үзэл баримтлалд шилжиж "Үйлдвэрлэл, үйлдвэрлэл, хуваарилалт, худалдааг нийгэмшүүлэх гэж зорилгоо тунхаглаж байжээ. 1931 онд Тасманийн Ерөнхий сайд Жозеф Лайонсын тэргүүлсэн баруун жигүүрийн хэсэг 1931-1941 онд Засгийн эрх барьж байсан консерватив "Нэгдсэн Австрали" намыг байгуулжээ.

1955 онд ААН-аас баруун консерватив үзэлтэй — Австралийн Ажилчны Нам (коммунизмын эсрэг) байгуулагдан тусгаар болж сүүлд Ардчилсан лейборист нам (англи. Democratic Labor Party; DLP) болжээ.

Дайны үед

засварлах

Дэлхийн 2-р дайны үеэр буюу 1941-1945 онуудад Жон Жозеф Амброуз Кэртин (1885- 1945) 1941-1945) удирдсан Лейбористуудын Засгийн газар Австралийн цэргийг Номхон далайн руу илгээснээр АНУ-тай ирээдүйн холбоотон болох үндэс суурийг тавьсан.

Дайны дараа

засварлах

1945-1949 онд Засгийн газрыг тэргүүлж байсан Жозеф Бенедикт Чифли (1885-1951) АЛН-ын зүүн жигүүр, ялангуяа үйлдвэрчний эвлэлийн дарамт шахалтаар хэд хэдэн чухал үйлдвэрүүдийг үндэсний болгох замаар "ардчилсан социализм"-ын бодлогыг хэрэгжүүлж эдийн засгийн төрийн секторын хөгжүүлэх гэж оролдсон. 1945 онд төмөр зам, агаарын тээврийн зарим хэсгийг улсын мэдэлд шилжүүлсэн боловч 1947 онд Австралийн Дээд шүүх банкны салбарыг үндэсний болгох шийдвэрийг цуцалжээ. Энэ үеэр Нийгмийн хамгаалал, дээд боловсролын салбарт шинэчлэл хийж, долоо хоногт 40 цагаар ажиллах баталгаатай болж, уурхайчдад хөнгөлөлт үзүүлж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ АЛН ажил хаях эрхийг хязгаарлахыг оролдож, ажил хаялтыг хүчээр дарж байжээ.

1949-1972 онуудад AЛН сөрөг хүчин байсан бөгөөд 1960-аад он гэхэд мужуудад ч нөлөөгөө алджээ. Мензисийн бүрэн эрхийн эхэн үед лейбористууд Коммунист намыг хориглох тухай хуулийн төслийг нь дэмжсэн боловч Австралийн үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулгыг (түүний дотор коммунистуудын эсрэг) унагасан байна.

1972-1975 онд Эдвард Гоф Уитлэм (1916-2014) Ерөнхий сайд байх үед Засгийн эрхийг эргүүлэн авсан тус нам улс төр, эдийн засгийн хэд хэдэн шинэчлэлийг хийсэн - цаазаар авах ялыг халах, бүх нийтийн цэргийн алба хаах, бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, их дээд сургуулиудад үнэ төлбөргүй боловсрол олгох, тэтгэлгийг нэмэгдүүлэх, бага, дунд боловсролын хэрэгцээнд зориулж төсвийн зардлыг нэмэгдүүлэх, татварыг бууруулах. Арьс өнгөөөр ялгаварлах зарим хуулийг цуцалж, уугуул иргэд улсаас татаас авдаг болсон. Австрали Вьетнамын дайнд оролцохоо зогсоож, Австралийн улаан буудайг нийлүүлж эхэлсэн Хятадтай харилцаагаа хэвийн болгосон байна.

Лейбористуудын нийгэмд чиглэсэн улс төрийн бодлого нь том бизнес эрхлэгчдийн дургүйцлийг өдөөж, 1974 онд сонгуульд ялсан ч 1975 онд улс төрийн хямралын үеэр Уитлэмийн Засгийн газар татан буугдаж, парламентын шинэ сонгууль товлон зарлаад баруун төвийн намууд Засгийн эрхийг авчээ.

1981 онд болсон АЛН-ын 34-р бага хурлаар намаа "ардчилсан социалист" гэж тодорхойлсон ч 1983 онд лейбористууд дахин өөрийн намын кабинет байгуулах боломжтой болсон. Нам эдийн засгийн либерализмын байр суурьтай байсан юм. Эдийн засагт хямрал нэмэгдэж, төсвийн алдагдал, гадаад өр өсөн нэмэгдэж буй нөхцөлд Ерөнхий сайд Роберт Жеймс Ли «Боб» Хоук (1929-2019) болон түүний нам доторх өрсөлдөгч Сангийн сайд Пол Китинг нар "хэмнэлтийн бодлого", өмч хувьчлал, эдийн засгийн тогтолцоог халах бодлогыг удирдан явуулсан. Аж үйлдвэрийн салбарын төрийн өмчийн хувьчлагдсан үйлдвэрүүдийн татварын тогтолцоо, ашиггүй үйлдвэрүүдийн татаасыг зогсоож, нийгмийн хэрэгцээнд зарцуулах зардлыг танаж, гадаадын банкуудыг тус улсад нэвтрүүлжээ.

1991 онд Пол Жон Китинг намын дотоод сонгуулиар Боб Хоукийг ялж намын шинэ дарга, Ерөнхий сайд болсон.

 
Австралийн Ерөнхий сайд Энтони Норман Албаниз

Энтони Норман Албаниз (1963 онд төрсөн) 2019 онд ААН-ын даргаар сонгогдсон бөгөөд 2022 оны 5-р сарын 23-наас хойш Австрали улсын ерөнхий сайдаар ажиллаж байна.

Ажилчны намын үе үеийн удирдлагууд

засварлах
  • Крис Уотсон- 1901—08 (Ерөнхий сайд 1904)
  • Эндрю Фишер- 1908—15 (Ерөнхий сайд 1908—09, 1910—13, 1914—15)
  • Билли Хьюз- 1915—16 (Ерөнхий сайд 1915—23 )
  • Фрэнк Тьюдор- 1916—22
  • Мэтью Чарлтон- 1922—28
  • Жеймс Скаллин- 1928—35 (Ерөнхий сайд 1929—32)
  • Жон Кэртин- 1935—45 (Ерөнхий сайд 1941—45)
  • Бен Чифли- 1945—51 (Ерөнхий сайд 1945—49)
  • Герберт Эватт- 1951—60
  • Артур Колвелл- 1960—67
  • Гоф Уитлэм- 1967—77 (Ерөнхий сайд 1972—75)
  • Билл Хейден- 1977—83
  • Роберт Хоук- 1983—91 (Ерөнхий сайд 1983—91)
  • Пол Китинг- 1991—96 (Ерөнхий сайд 1991—96)
  • Ким Бизли- 1996—2001
  • Саймон Крин- 2001—03
  • Марк Лейтэм- 2003—05
  • Ким Бизли- 2005—06
  • Кевин Радд- 2006—10 (Ерөнхий сайд 2007—10)
  • Жулия Гиллард- 2010—13 (Ерөнхий сайд 2010—13)
  • Кевин Радд- 2013 (Ерөнхий сайд 2013)
  • Билл Шортен- 2013—2019
  • Энтони Албанез- 2019 (2022 оноос Ерөнхий сайд)