АНУ-ын Холбооны нөөцийн систем

АНУ-ын Холбооны Нөөцийн систем (Federal Reserve System, ХНС, Холбооны нөөцийн сан, FED) - Төв банкны үүрэг гүйцэтгэдэг АНУ-ын арилжааны банкнуудын системуудэд төвлөрсөн хяналт тавих үүрэгтэйгээр 1913 оны 12-р дугаар сарын 23-нд тусгайлан байгуулсан бие даасан Холбооны Агентлаг юм.

АНУ-ын Холбооны нөөцийн системийн далбаа

Төртэй ямар ч холбоогүй, өөрөө өөрийгөө зохицуулагч энэхүү систем эдүгээ дэлхийд хамгийн нөлөөтэй санхүүгийн байгууллага болж хувирчээ.

АНУ-ын хамгийн анхны банкийг 1791 онд Сангийн сайд Александр Хамильтон байгуулжээ (Хамильтоны хөрөг долларын аравтын дэвсгэр дээр байдаг). Америк Их Британиас тусгаар тогтсоноос хойш 15 жилийн дараа АНУ-д үндэсний мөнгөн дэвсгэрт гаргах эрх бүхий анхны банк бий болов. Гэхдээ энэ нь хувийн банк байсан бөгөөд төр 20 хувийг эзэмшдэг байлаа. Банкны зөвшөөрөл 1811 онд дуусч цаашид сунгасангүй.

1811-1816 онд Америкийн мужууд (тэр үед 15 мужтай байв) Төв банкгүй байсан юм. Гэвч арилжааны банкууд өөрсдийн дэвсгэртийг металл мөнгөөр солихоос татгалзаж байсан учраас Төв банктай болох хэрэг гарлаа. Хоёр дахь төв банк 1816-1836 онд оршин тогтножээ. Шинээр мөнгөн дэвсгэрт гаргаснаар 1818 онд зах зээл дэх долларын хэмжээ 67 саяас 95 сая болтол өсчээ. Барааны үнэ ч өсөв. АНУ-ын долоо дахь ерөнхийлөгч Эндрю Жэксон Төв банкны ажлыг шүүмжилж Конгрессын баталсан Банкны зөвшөөрлийг сунгах хуулийн төсөлд хориг тавив.

1836-1862 онд Америкийн мужууд банкны төвлөрсөн удирдлагагүй явж байжээ. Энэ үеийг “Чөлөөт банкнуудын эрин" гэж нэрлэдэг. Энэ хугацаанд мужийн тоо өсч 33 болов. Холбооны болон мужийн хуулийн дагуу дурын хүн банк байгуулж, дурын банк мөнгөн дэвсгэрт гаргах эрхтэй байлаа. Түүгээр барахгүй хувийн компаниуд, төмөр замын газар, дэлгүүр, тэр байтугай сүм хийдүүд хүртэл мөнгө хэвлэдэг байжээ.

Төлбөрийн хамгийн бодитой хэрэгсэл нь алт байлаа. Мөнгөн дэвсгэртүүд металл мөнгөөр баталгаажсан зээлийн баримт төдий байжээ. Олон янзын байгууллага мөнгө хэвлэдэг байсан учраас хуурамч дэвсгэртүүд гарах нь элбэг байв.

Энэ бүхнийг цэгцлэхийн тулд 1863 онд Үндэсний банкны тухай хууль баталжээ. Уг хуулиар цөөн тооны банкуудад мөнгө хэвлэх эрх өгсөн байна. Тухайн банк доллар хэвлэхийн тулд АНУ-ын Сангийн яаманд тодорхой хэмжээний мөнгийг Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр байршуулах ёстой байсан.

Гэхдээ муж болгон өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй байхыг зөвшөөрдөг байсан. Энэ үед Америкийн мужийн тоо өсч 45-д хүрэв. Хэдийгээр хэвлэсэн мөнгөнөөс нь 10 хувийн татвар авдаг байсан ч мужуудын мөнгөн тэмдэгт аажмаар хэрэглээнээс гарав.

Тэгээд ч энэхүү тогтолцоо төвлөрсөн бүтцийг бий болгож чадсангүй. Банкнуудын заль мэх хувь нийлүүлэгчдийн итгэлийг алдаж эхэлсэн байна. 1873, 1893, 1907 онуудад гурван удаа банкны хямрал болж иргэд хадгаламжийнхаа бүх мөнгийг банкнаас авч улмаар санхүүгийн зах зээлийг зохицуулагч гол байгууллага бий болгох шаардлага гарч иржээ.

Холбооны нөөцийн системийн удирдах Зөвлөлийн 2015 оны хурал.

Холбооны нөөцийн систем буюу Америкийн Төв банкны үүсэлЗасварлах

АНУ-ын Сенаторч Нельсон Уилмарт Олдрич Германы банкны системийг судалж үзээд тэр үеийн тэргүүлэх санхүүчдийг цуглуулан зөвлөлдөж хамтран төсөл боловсруулаад Конгресст танилцуулсан байна.

Олдричийн санаачилсан энэхүү систем өнөөдөр хүртэл ажиллаж байна. Эдүгээ Америкийн Холбооны нөөцийн систем үндэсний мөнгөн тэмдэгт гаргах эрх бүхий 12 банкаас бүрддэг. Арилжааны бүх банкууд хөрөнгийнхөө зарим хэсгийг Холбооны нөөцийн системд хадгалах ёстой. Хэдий хэмжээний хөрөнгө хадгалуулахыг Нөөцийн системийн Удирдах Зөвлөл батална. Харин Зөвлөлийг АНУ-ын Ерөнхийлөгч томилдог. Зөвлөлөөс тогтоосон хувь нь АНУ дахь мөнгөний нийлүүлэлтийг тодорхойлдог бодлогын хүү болдог байна.

Бодлогын хүү өсвөл долларын ханш өсөж банкууд зээл олгох нь багасна. Бодлогын хүү буурвал мөнгөний нийлүүлэлт ихэснэ. Холбооны нөөцийн систем нь ийм байдлаар нэг бол инфляцийг барьж, нэг бол эдийн засгийн өсөлтийг дэмждэг байна.

Сонирхолтой нь Америкчуудын үлгэр авч хэрэглэсэн Германы банкны системд 1921-1923 онд хяналтгүй инфляци (гиперинфляци) нүүрлэж үнэт цаас зүгээр цаас болж гал түлэхэд хүргэжээ.

АНУ-д ч гэсэн иргэд ирээдүйн өсөлтөөс ашиг олох гэсэндээ хувьцаануудыг бөөн бөөнөөр худалдаж авснаас болж хөрөнгийн зах зээлд хөөсрөл бий болсон ажээ. 1929 оны нэгэн “нартай" өдөр хөөсөн бөмбөлөг хагарч хувьцааны үнэ навс унасан байна. "Их хямрал" эхэлж, компаниуд дампуурч, олон мянган хүн ажилгүй болов.

 
Жером Пауэлл

Их хямралын шалтгааны талаар эдийн засагчид өнөөдөр ч гэсэн маргалддаг. Зарим нь алтны стандартаас болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл мөнгөний хэмжээ алтнаас шалтгаалдаг байсан учраас эдийн засаг хөгжөөд ирэнгүүт мөнгөний гачигдал үүсэн үнэ огцом унаж, үйлдвэрүүд дампуурчээ.

Харин монетарист онолын эдийн засагчид Холбооны нөөцийн системийг буруутгадаг бөгөөд боломж байсан хэдий ч зах зээл дэх мөнгөний хэмжээг нэмээгүй гэж үздэг. Тиймээс банкууд мөнгөгүй болж, эдийн засгийн чухал секторууд зээл авч чадахгүй болсон гэж тайлбарладаг юм.

Холбооны нөөцийн системийн орчин үеийн түүх 1979 оноос эхлэлтэй. Тэр жилийн 7 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер Нөөцийн системийн ерөнхийлөгчөөр Пол Волкерийг томилжээ. 1970-аад оны сүүлээр АНУ-ын эдийн засгийн гол асуудал нь цогио инфляци (10—50 % эсвэл 20—100 %) байлаа. Волкер бодлогын хүүг 11 хувиас 20 хувь хүртэл өсгөж банкуудад зээл олгохыг хориглов. Найман жилийн дотор инфляци 3% болтол буурсан ч ажилгүйдэл 5 дахин өсөв. Гэсэн ч энэхүү бодлогын ачаар Америкийн эдийн засаг аажмаар сэргэжээ. 1987 онд Пол Волкерыг энэ албан тушаалд Алан Гринспен. 2006 оны 2 дугаар сард Бен Бернанке, түүнийг 2014 онд хатагтай Жанет Йеллен нар залгамжлан авч байжээ. 2018 оноос энэ байгууллагын Удирдах Зөвлөлийг Жером Пауэлл (англи. Jerome Hayden Powell; 1953 онд төрсөн) удирдаж байна.