АНУ-ын Батлан хамгаалах яам
АНУ-ын Батлан хамгаалах яам (англи. Department of Defense — DoD, зармдаа Defense Department гэдэг) -АНУ-ын Холбооны засгийн газрын хүрээнд үндэсний аюулгүй байдал, АНУ-ын Зэвсэгт хүчинтэй шууд холбоотой бүх байгууллага, чиг үүргийг зохицуулах, хянах үүрэгтэй төрийн яам юм. Тус яам нь 1.3 сая орчим цэргийн албан хаагчтай дэлхийн хамгийн том төрийн ажил олгогч байгууллага. Үүнээс гадна үндэсний гвардийн 480 мянга гаруй цэрэг, мөн дөрвөн албаны 870 мянга гаруй нөөц цэрэг, 742 мянга гаруй энгийн иргэнийг тооцох ёстой. Ийнхүү тус яамны нийт ажилчдын тоо 2.8 сая гаруй хүн байна. Тус яамны Төв байр нь АНУ-ын нийслэл Вашингтон хотын ойролцоо Виржини мужийн Арлингтон хотод байрладаг Пентагон юм.
Батлан хамгаалах яамыг АНУ-ын Ерөнхийлөгчид шууд тайлагнадаг АНУ-ын Батлан хамгаалахын сайд удирддаг байна. Батлан хамгаалах яамны харьяанд АНУ-ын Армийн яам, АНУ-ын Тэнгисийн цэргийн яам, АНУ-ын Агаарын хүчний яам гэсэн гурван цэргийн бүтэц байдаг ажээ. Нэмж дурдахад, Батлан хамгаалах яам нь Батлан хамгаалахын тагнуулын газар (DIA), Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA), Үндэсний газарзүйн тагнуулын газар (NGA), Үндэсний сансрын тагнуулын алба (NRO) гэсэн дөрвөн үндэсний тагнуулын агентлагтай.
Түүх
засварлахАНУ-ын Батлан хамгаалах яамны түүх 1775 онд болсон Тивийн Конгрессоос эхэлсэн байна. АНУ-ын арми байгуулах тухай хуулийг 1775 оны 6-р сарын 14-нд баталсан. Энэ өдөр Америкийн баяр болох Төрийн далбааны өдөртэй давхцаж байгаа юм. 1775 оны 11-р сарын 10-нд АНУ-ын Тэнгисийн цэргийн корпусыг байгуулж, 1775 оны 10-р сарын 13-нд болсон Тивийн хоёрдугаар Конгресс нь АНУ-ын Тэнгисийн цэргийн түүхийн эхлэлийг тавьсан ажээ. Одоогийн байдлаар АНУ-ын Тэнгисийн цэргийн болон Тэнгисийн явган цэргийн корпус нь Тэнгисийн цэргийн яамны харьяа тусдаа цэргийн алба юм.
1944 онд АНУ-ын Конгресс цэргийн үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэг бүхий бүтэц бий болгох санаачилгыг дэвшүүлэв. 1945 онд АНУ-ын арми, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин, Штабуудын дарга нарын нэгдсэн хороо ийм бүтэц бий болгох төлөвлөгөө боловсруулжээ. 1945 оны 12-р сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн Конгресст илгээлт илгээж, Тээврийн яаманд харьяалагдах Дотоодын аюулгүй байдлын нэгдсэн хэлтэс байгуулах боломжийг авч үзэх санал тавьсан. Уг саналыг Конгресс 1946 оны 4-р сард хэлэлцэж эхэлсэн боловч 1946 оны 7-р сард Тэнгисийн цэргийн хороо нь цэргийн бүх салбаруудын командлалыг нэг хэлтэст төвлөрүүлэх талаар санаа зовж байгаагаа илэрхийлэв. 1947 оны 2-р сард Трумэн Батлан хамгаалах яамыг байгуулах шинэ хуулийн төслийг Конгресст илгээж, хэдэн сарын турш хэлэлцэж, засварлаж, эцэст нь батласан түүхтэй.
1947 оны 7-р сарын 26-нд Трумэн 1947 оны Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд гарын үсэг зурснаар Үндэсний цэргийн байгууллагыг 1947 оны 9-р сарын 18-нд ажиллуулж, нэг өдрийн дараа Жеймс Форрестал Батлан хамгаалахын анхны сайдаар томилогдов. Гэвч тус байгууллага нь тааламжгүй товчлолтой байсан тул (National Military Establishment — NME — дуудлагаар «Enemy» буюу "дайсан" гэх үг) түүнийг нэрийг солихоор шийджээ. Ингээд 1949 оны 8-р сарын 10-нд үндэсний цэргийн тэнхимийг Батлан хамгаалах яам болгон өөрчилсөн.