Монголын “толгой” баячууд


Хоёр сая гаруйхан цөөн хэдэн монголчуудын хамгийн баян хүн нь хэн юм бол оо гэсэн асуулт хүн бүрт явдаг байх, харин энэхүү асуултын хариу тодорчээ. Монголын толгой баянчуудыг 300 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлсэн бол удаах байранд Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишүүн Д.Туяа 100 гаруй сая долларын хөрөнгөөр эхний байруудад бичигджээ. Одоо энэхүү жагсаалтанд багтсан хүмүүстэй танилцахын зэрэгцээ тэдний хэрхэн баяжсан тухай сонирхолтой мэдээллийг хүлээн авна уу.


1. “Бодь” группын “ноён” Лу.Болд

Монголын толгой баячуудыг 300 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлдэг байна. УИХ-ын гишүүн Лу.Болд Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мөн Лу.Болдынх.

Баяжсан түүх: Тэрээрт оюутан байхдаа хоёр Германы хооронд “ганзага”-ын наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон гэдэг. 1990 оны Ардчилсан Хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байсан М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч “Бодь групп”-ыг байгуулсан. “Бодь групп” байгуулагдсан цагаасаа компьютерийн наймаанаас нэлээдгүй ашиг олж, ашигаараа одоогийн “Голомт банк”-ыг байгуулсан аж. “Голомт банк” 2000 оны эхээр “Сэргээн Босголтын банк”-тай нэгдээд, салсаны дараа маш хурдацтайгаар хөгжсөн. Өдгөө “Голомт банк” монголын зах зээлд хамгийн том гурван банкын нэг болсон билээ.

Түүнчлэн, тус банк 2004 онд “Монголын шилдэг банк”-аар шалгарсан хамгийн сайн менежменттэй банкаар тодорсон. Нийт актив нь 200 тэрбум төгрөг гаруй гэнэ лээ.


2. УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий Д.Туяа

УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий Д.Туяа 100 гаруй сая долларын хөрөнгөтэй хэмээгддэг. Ш.Отгонбилэг агсан Монголдоо төдийгүй, дэлхийд цуутай бизнесмэн байсныг монголын түмэн олон мэднэ. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй үед “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж, хөл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж явсан домогт ноёнтныг монголчууд үгүйлж, эмгэнэн дурссаар байдаг. Нөхрийнхөө ажил албыг залгамжилж үлдсэн хатагтай Туяа хүүгийн хамт төрийн албанд зүтгэж яваа ч, бизнесээ өргөжүүлж, хотын төвд гоёмсог байр сүндэрлүүлж, “Капитрон” хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулсан. Монголдоо хөрөнгөөрөө аман хvзvvддэг УИХ-ын гишvvн асан Д.Туяа хотын төвд долоон өрөө байранд амьдардаг байна.

Баяжсан түүх: Туяа гишүүн нөхрөөсөө 20,0 сая ам долларын хөрөнгө өвлөж аваад гадаадын банкинд байршуулсан гэж ярьдагч үнэн худлыг нь мэдэхгүй юм. Гэхдээ энэ хадагтайд нөхрөөс нь ирсэн нилээн хэмжээний хөрөнгө байгаа гэдэг нь ойлгомжтой. Отгонбилэг агсан Эрдэнэт үйлвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн үнэн дээр “тоглож” дундаас нь гайгүй ашиг олсон гэгддэг.


3. “МАК”-ийн “чимээгүй босс” Б.Нямтайшир

Тэрээр Монголын хамгийн чимээгүй баячуудын нэг. МАК-ын ард Ерөнхийлөгч асан П.Очирбат, Содном зэрэг “хуучин”-ы томчууд ажилладаг баттай бус мэдээ bayanбий. “Чимээгүй” ноён Н.Нянтайшир хувийн амьдралаа тун их нууцладаг. Түүнийг Тагнуулын Ерөнхий газарт хамт ажиллаж байсан нөхдүүд хамгаалж, бас бизнесийнх нь үйл ажиллагааг зохицуулдаг тухай эх сурвалж өгүүлдэг. Баяжсан түүх: Ноён Б.Нямтайшир Хятадаас асар том хөрөнгө оруулалт татаж чадсан “овсгоотой эр”. Тэрээр Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” хэмээх том уурхайтай. Монголын хилийн Шивээхүрэн боомтоос 50-км зайд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрладаг. Хятадын Ганьсу мужаас Хятадын хилийн Сэхээ боомт хүртэл 495-км төмөр зам, нүүрсний тээх дамжлагыг ашиглалтад оруулсан. Шивээхүрэн боомтоос Нарийн Сухайтын уурхай хүртэл 56-км урттай хатуу хучилт бүхий авто замын барилгын ажил дуусах шатандаа явж байна. 2008 онд уурхайгаас хил хүртэл тавигдах 47-км төмөр замын Техник-Эдийн Засгийн Үндэслэл, замын трасс сонгох ажлыг УБТЗ-ын Зураг төслийн товчоогоор гүйцэтгүүлж, төмөр замыг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг Засгийн газраас авч чадсан том баян. Нарийн Сухайтын нүүрсний орд дахь МАК-ийн лиценз бүхий талбай нийт 230 сая тонн нүүрсний нөөц, баялагтай. Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” ХХК нь жилдээ дунджаар 1.5 сая тонн нүүрс олборлон, экспортолдог. 2008 оны 3 дугаар сард МАК компанийн 100% эзэмшлийн, үндэсний хөрөнгө оруулалт бүхий шинэ ил уурхайг нээсэн аж. МАК компанийн шинэ ил уурхайн хүчин чадал 1.5 сая тонн, төмөр замын барилгын ажил дуусмагц хүчин чадлыг 3 сая тоннд хүрэх аж.


4. “MCS” группын “залуу тэрбумтан ” Ж.Оджаргал


Монголын зах зээлийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалыг 50 гаруй тэрбумаар тооцогдох хөрөнгөтэй гэдэг. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал өдгөө гэргий, гурван хүүхдийн хамт амьдардаг.

Баяжсан түүх: “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал анх электроникийн чиглэлээр “MCS” группыг байгуулж байсан. Өдгөө тус групп нийтдээ 55 охин компанитай гэнэ лээ. “MCS электроникс” компьютерийн зах зээлд 2000 оны эхээр ноёрхож, “Анун”, “Анунгоо” төв өргөн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж, “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцаа гарт нь төвлөрч, “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолбортой, эрчим хүч, дэд бүтцийн салбарт амжилттай ажилладаг. Түүнчлэн, Дэлхийд алдартай брэнд “Coca cola” ундааг Монголд үйлдвэрлэх эрхийг 4 сая доллараар худалдан авч, монголчуудыг гайхшруулж байсан.


5. “Жаст” группын “нууц ноён” Ш.Батхүү

Тэрбумаар тоологдох өртэй, бас тун нууцлаг оршдог “Жаст” группын “нууц ноён” Ш.Батхүүг хүмүүс төдийлөн танихгүй. Түүнийг Ерөнхий сайд асан С.Баярын “хэтэвч” гэх нэг нь ч бий. “Жаст” группын эзэн Ш.Батхүү өөрийг нь “нууц ноёнтон” гэж дуудахад их таатай хүлээн авдаг гэдэг. Тэрээр “Улаанбаатар төмөр зам”-д жилдээ 60 гаруй тэрбум төгрөгний шатахуун нийлүүлж, монополь эрх эдэлдэг.

Баяжсан түүх: Ш.Батхүүгийн бизнес анх цэцэглэсэн “маш нууц” гэнэ лээ. Тэрээр хадагтай Г.Алтангаас “Алтжин” компанийг худалдан авснаараа мөнгөний эх үүсвэрээ бүрдүүлсэн аж. “Жаст”-ын Ш.Батхүү С.Громовын “Чингис хаан банк”, “Братский ардын банк”, “Монгол даатгал” компаниудын хамтарсан консорциумын эзэмшлийн “Хадгаламж” банкийг гартаа оруулж 2009 оны хамгийн том наймааг хийж чадсан. Үүнийхээ дараа Монголын дотоодын хөрөнгө оруулалтаар босгосон “Монгол шуудан” банкийг мөн л өөртөө нэгтгэчихсэн “сүйхээтэй эр”.

Харамсалтай нь энэ баян эрийн нэр хүнд сайн биш. “Олон овоот”-ын уурхайг нэгэн зэрэг олон банкинд тавьж өрөнд баригдан гарах гарцаа хайж явсан Ц. Мянганбаяртай үгсэн зээлийн хүүг нь бууруулна гэж тохиролцоод 50:50 хувиар “Олон овоот”-ыг эзэмших болсон гэдэг. Ц.Мянганбаярын хөрөнгийг Ш.Батхүү хамгаалж, Ш.Батхүүгийн хөрөнгийг төр хамгаалаад байна хэмээн бизнесийнхэн бухимддаг. Ш.Батхүү “Зоос” банкнаас найман охин компанийнхаа нэр дээр найман удаагийн үйлдлээр хорин гурван тэрбум дөрвөн зуун тавин долоон сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун төгрөгний зээлийг авч муу ангилалд багтсан их хэмжээний өртэй эр.


6. “НИК”-ийн хадагтай Ж. Оюунгэрэл


“НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Мөн 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэрээ дэвшүүлж буй “сэргэлэн бүсгүй” юм.

Баяжсан түүх: Хадагтай Ж.Оюунгэрэл Монголын нефтийн урсгалын гол судсыг барьж байсан “НИК” компаниас баяжих замаа зассан гэгддэг. Монголд шатах, тослох материалын үнэ тэнгэрт хадаж, импортлогч компаниудын өрсөлдөөн ч ид нэмэгдэж байх үед “Петровис” компанийг байгуулж амжилттай ажиллаж эхэлсэн. Түүнийг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хүн гэж улс төрийнхөн ярьдаг. Учир нь Н.Багабанди Монгол улсын Ерөнхийлөгч байх үедээ Ж.Оюунгэрэлд “Капитрон” банкийг хөл дээр нь босгоход ихээхэн тус хүргэсэн аж. Мэдээж “Петровис” компани “НИК”-ийг хувьчилж авсан нь түүний хөрөнгийг хэд дахин өсгөсөн. Тэрээр “НИК”-ийг авах гэж 8 сая ам.долларыг ТӨХ-нд шууд шилжүүлж байсан гээд бодохоор ямар хөрөнгөтэй байсан нь ойлгогдож байна. “НИК”-ийг хувьчилсны дараа “Петровис” Монголын нефтийн зах зээлийг бараг дангаар эзэмших болсон юм. Тэр хэрээр Ж.Оюунгэрэлийн хөдөлмөр асар их мөнгөөр хэмжигдэж байв. Хүүхнүүдийн дунд ч гэсэн Ж.Оюунгэрэлийн юу өмсөж зүүсэн нь сонирхол татаж эхэлсэн гэдэг.

Хадагтай Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” консерциумд нэгдсэнээр баячуудын дундаас “тасрах” үүд нь нээгдсэн юм билээ. Гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө оруулалтын мөнгө босгох амаргүй ажлыг “Энержи ресурс”-ынхан хийж чадсан. Зөвхөн Хонгконгийн хөрөнгийн бирж дээрээс 900 сая ам.доллар босгосон нь дэд бүтцээ байгуулаад “Ухаа худаг”-ийн хэсгийг ашиглахад хангалттай гэж мэргэжлийнхэн үзэж байсан. Мэдээж тэндээс гарах цэвэр ашгийн тодорхой хувь Ж.Оюунгэрэл хатагтайн хэтэвчинд үлдэх нь дамжиггүй.


7. “Номин холдинг”-ийн “Ерөнхийлөгч” Ш.Баярсайхан

Монголын хамгийн том сүлжээ дэлгүүрийн эзэн Ш.Баярсайхан энд зүй ёсоор багтана. Түүний “Номин Холдинг” ХХК нь худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын салбарт 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа эрхлэж байгаа.

Улаанбаатар хотод байрлах өөрийн 10 супермаркет, 2 их дэлгүүр, бөөний болон түгээлтийн төвөөс гадна, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод болон Ховд аймгуудад өөрийн салбар худалдааны төв, 18 аймагт даатгалын салбарыг амжилттайгаар нээн ажиллуулаад байгаа аж. Мөн явуулын худалдаагаар бүх аймаг, хот, сумдуудад хүрч үйлчилж байна. Дээр дурдсанаас бусад аймгуудад 200 гаруй гэрээт борлуулагчаараа дамжуулан үйлчилгээгээ хүргэж байгаагаас гадна ОХУ, Хятад, Сингапур улсуудад өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг ажиллуулдаг.

Баяжсан түүх: Ардчилалын салхи үлээгээд, зах зээлийн эдийн засгийн системтэй болоод хэдхэн жил өнгөрч байсан энэ үед америкийн Майкл Жексоныг монголын залуучууд ид шүтэж байлаа. Эдгээр залуучуудын нэг нь Баярсайхан. Энэ залуу Майкл Жексоныг Сингапурт тоглолт хийх гэж байгааг мэдээд ааваасаа мөнгө гуйжээ. Энэ үед нь аав /Шагдарсvрэн УИХ-ын гишvvн асан/ нь тухайн үеийн валютын дэлгүүрүүдэд эхнэрийнхээ хамт хатгаж оёсон Монгол даалин, дээл, хантааз зэрэг бэлэг дурсгалын зүйл зарж гайгүй мөнгө олдог байсан гэнэ. Аав нь өөрийн хадгаламжинд байсан 5000 долларыг хүүдээ өгөөд буцааж өсгөж өгөөрэй хэмээн тоглоомоор хэлсэн гэдэг. Баярсайхан Сингад очиж Майкл Жексоны тоглолтыг ч үзэж. Тэгээд өвчтэй хэвтрийн ээж, хөгшин аавынхаа цуглуулсан мөнгийг буцааж яаж өгөх вэ гэсэн бодолтой байж. Сингагийн нэгэн дэлгүүрээр ороход тэнд Монголд их үнэтэй байдаг нөгөө электрон бараанууд маш хямдхан үнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Компаний нэрээ “Номин” /Ахынх нь талийгч охиных нь нэр. Энэ охин бүгдийн хайрыг булаасан охин байсан бөгөөд энэ охины буянаар энэ компани өдий зэрэгтэй яваа байх./ гэж нэрлэсэн байна. Улсын их дэлгүүрийн хяналтын багцыг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шүүрсэн хэрэг болсон юм даа.


8. “Буян”-гийн Д.Жаргалсайхан

“Буян”-гийн Жаргалсайханы халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Тэрээр бизнесмэнүүдээс хамгийн нээлттэй, илэн далангүй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггүй нь гайхмаар. Тэрээр хотын төвийн хоёр өрөө байранд, гэргий гурван хүүхдийн хамт “зутруухан” амьдардаг. Хэдэн жилийн өмнө хоёр тэрбум төгрөгөөр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын үнэтэй хөгжим аппаратуртай.

Баяжсан түүх: “Буян”-гийн Жаргалсайхан багаасаа бизнес хийдэг байжээ. Түүнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь Орост улаан хамба хилэн өндөр үнэтэй байдгийг нь мэдээд Хятадаас маш хямд үнээр өөр өнгийн хамба хилэн Монголд авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэнэ лээ. Мөн хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хүн бөгөөд хуучин нийгмийн үеийн хамгийн том хувийн өмчтөн байсан байгаа юм. Энэ хүн улс төр лүү ороогүй бизнестээ хамаг анхаарлаа хандуулсан бол өдийд ч юм уу ирээдуйд тэрбумтан /доллараар/ болчих найдвартай хүн юм.


9. УИХ-ын дэд дарга Г.Батхүү

“АПУ” тодотголтой Г.Батхүү. Түүний өвөө ганц шар цайг 16 хувааж зараад 16 төлөгтэй болж байсан “овсгоотой эр” байсан гэнэ лээ. Өвөөгийн энэ овсгоо самбаа Г.Батхүү сайдад ч бас өвлөгдөж үлдсэн хэрэг. Өнөөдөр түүний мэдэлд АПУ, “Шунхлай” зэрэг томоохон компаниуд багтаж байгаа. 500 гаруй адуутай, машины цуглуулгатай, 30 нохой тэжээдэг.


10. “Женко” групын ерөнхийлөгч Х.Баттулга

“Женко” групын ерөнхийлөгч ноён Х.Баттулга 22 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. Баянгол зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг үндэсний томоохон үйлдвэрийг удирддаг. “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ ноён Х.Баттулгын өмч. Тэрээр өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд улс төрд амжилттай ажиллаж, ЗТБХБ-ын сайдын албыг хашиж байсан. Өдгөө  найман өрөө байранд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг гэнэ лээ.

Баяжсан түүх: Тэрээр гадаадад тэмцээнд явахдаа хүртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн. Түүнд мөнгөний амтыг мэдрүүлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь Сингапураас электрон бараа зөөж борлуулсан явдал юм. Мөн Гүржээс 2 камаз ногоон цай авчирч борлуулж, Монголд анхны саятан сугалааг гаргаж тоймгүй их мөнгийг “халааслаж” байжээ.

Түүнчлэн, “Сити такси”г анх монголд байгуулж, Баянгол зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК , Худалдаа Хөгжлийн Банк, Хаан хүнс, C1 телевиз зэрэг монголын үндэсний томоохон компаниудыг мэдэлдээ авсан “салбаатай эрхэм”.

</gallery>