Засагт хан аймаг

(Засагт хан-с чиглүүлэгдэв)

Засагт хан аймаг нь Халхын баруун гарт үндэслэж байгуулагдсан бөгөөд Манжийн эрхшээлийн үе, Богд хаант Монгол улсын үед оршин байсан Халх Монголын 4 аймгийн нэг юм.

Олноо өргөгдсөн үед Засагт хан

Түүх засварлах

Батмөнх Даян хааны хүү Гэрсэнзийн дараа түүний хатан Хатунгай Халхыг 7 хүүдээ хуваан өгөхдөө,  ахмад хүү Ашихай дархан хун тайж, дэд хүү Ноёндой хатан баатар, зургадугаар хүү Далдан хүндлэн, отгон хүү Саму Буйма нарт Халхын баруун гарыг хуваан захируулжээ. Ахмад хөвүүд эхлэн Баруун гарыг захируулсан нь баруунш нутаг тэлэхэд нас өсгөвөрийг тооцсон бололтой. 1580-аад онд Ашихайн ач Лайхур Халхын баруун гарын “хаан” болжээ. Баруун гар "хаан"-тай болсны дараа Хаан, Жонон, Хунтайж нар захирсан дөрвөн хошуу болж явсан нь 1691 оны Долоннуурын чуулган хүртэл хэвээр явсан. Лайхур хаан Ойрадтай хийсэн дайнд амь үрэгдсэний дараа 1596 онд ахмад хөвгүүн Субадай “Богд Засагт хаан” гэж өргөмжлөгдөж 1650 он хүртэл захирсан. Засагт хаан цолыг Норов, Ванчиг, Цэнгүн, Шар нар цолыг залгамжлан суужээ.

1691 оноос Манжийн эрхшээлд орсны дараа Халхын уг байдалд үндэслэн 3 аймгийг албан ёсоор байгуулсны нэг нь Засагт хан аймаг бөгөөд хуучин дөрвөн хошуу байсныг 8 хошуу болгоод, 1692 онд Халхын аймгуудыг гурван зам болгон хуваахад Засагт хан аймгийн хошууд нь "Халхын өрнө зам" хэмээн нэрлэгджээ. Тус аймагт урьдны Халхын баруун гарт багтаж байсан хошуудыг захируулсан ажээ. Засагт хан аймгийн анхны тэргүүн нь Ашихайн удмын чин ван Цэвээнжав байгаад 1732 онд Зүүнгарын дайны үеэр Ойрадтай байлдахаас зайлсхийсэн тул түүний Засагт хан цолыг хурааж, Ноёндай хатанбаатарын удмын Гэлэг-ямпилд шилжүүлжээ. Тус аймгийн нутагт эхлээд Манж нар тэргүүлсэн "Түйн гол, Булганы чуулган" гэж хуралдаж байгаад удалгүй аймаг өөрийн "Заг голын эх Биндэръяа нуурын чуулган"-ыг байгуулжээ.[1]

Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд аймаг, хошууны нэрсийг уул, усны нэрээр солиход тус аймгийг Хан Тайшир уулын аймаг гэж нэрлэжээ.[2]

Газар зүй засварлах

Аймгийн эртний нутаг нь зүүн тийш Онги, Шаргалжуут, баруун тийш Хар ус, Элсэн нуур, өмнөт тал нь Арцын хар тохой, умар тал нь Түйн гол хүрдэг байжээ. Газарзүйн энэ баримжааг авч үзэхдээ, зүүн өмнө зүгийг уламжилалт өмнө зүг хэмээн үзсэнээр ойлгох учиртай. Манжийн үеийн Засагт ханы нутаг нь хуучнаас зүүн талдаа өөрчлөгдсөн бөгөөд тус аймагт өнөөгийн Говь-Алтай аймгийн нутаг бүхлээрээ, Завхан, Хөвсгөл, Ховд аймгуудын нутгийн хагас, Өвөрхангай, Баянхонгор, Увс аймгийн зарим сумдын газар нутаг багтаж байв.[2]

Дэл элс, Монгол элс, Бага нуурын өмнөд элс зэрэг 150-200 гаруй км үргэлжилсэн их элснүүд оршин бөгөөд алдарт Хүйс, Шаргын говиуд энэ аймгийн нутагт багтаж байв.[3]

Засагт хан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ 288.740 ам дөрвөлжин км, нутгийн урт нь 1080 км, өргөн нь 240-540 км.[3]

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж засварлах

Эхэн үедээ Халхын долоон хошууны баруун гарт 7 отгоос бүрдсэн 4 хошуу багтаж байгаад 1590-ээд оноос Лайхур анх хан болоход хан, жонон, хунтайжийн гурван отог болжээ. Энэ үеийн Халхын үйсэн цаазад Зүүн, Баруун гарыг "зургаан хошуу" гэж байсны учир үүнтэй холбоотой. Үүнийг бас "Манай баруун этгээдэд Лайхур хаан, Жалайрын Убаши хунтайж, Бэсүдийн Сэцэн жонон нар, зүүн этгээдэд Очирай хаан, Цогт хунтайж, Далай жонон бүлгээ"[4] гэж тодорхойлсон Чахундорж хааны үг (1686 он) бий. Ийнхүү гурван гол хошуун дээр 1610-аад оноос Ноёндай хатанбаатарын удмын Элжигиний Бадам дайчин хатанбаатар ноёны захирсан нэг хошуу нэмэгдэж 4 хошуутай болсон.[5] Эдгээр дөрвөн хошуу захирсан ноёдыг "их ноёд" гэж нэрлээд, хошуу захирах ноёнд захирагдаж хувийн отогоо захирах ноёдыг "бага ноёд" гэдэг байсан. 1655 онд Элжигиний Хатанбаатар ноёны байр суурийг эвдэж бага ноён болгон, Далдан хүндлэн ноёны удмын Сартуулын Хүндлэн тойныг хошуу захирах их ноёны зэрэгт дэвшүүлж өөрчлөлт орсон.[5]

1691 онд Манжид дагаар орсноос хойш хэд дахин хуваагдаж 1755 онд Хойтын 1 хошууг тус аймагт хавсарган захируулжээ. 1911 онд аймаг 19 хошуу, 3 тамгатай хутагтын шавьтай байв. Гомбожавын зургадугаар үеийн ач Дашцэрэнд 1912 онд Монгол улсын Жавзандамба хутагт Богд хаан Итгэмжит засаг цол хүртээж тусгай засаг хошуу болгон Засагт хан аймагт захируулжээ.

1932 онд дахин засаг захиргааны шинэчлэлт хийгээд Алтай, Завхан, Хөвсгөл зэрэг аймагт хуваасан. Эдүгээ 2015 оны байдлаар Говь Алтай, Завхан, Хөвсгөл аймаг, Баянхонгор, Увс, Ховд аймгуудын зарим сумд болсон байна.

Засагт хан аймгийн, хошуу, отогийн нэрс[3] засварлах

  • Ахай засгийн хошуу
  • Мэргэн засгийн хошуу
  • Далай засгийн хошуу
  • Жалханз хутагтын шавь
  • Эрдэнэ дүүрэгч засгийн хошуу
  • Ачит засгийн хошуу
  • Цогтой засгийн хошуу
  • Ялгуусан хутагтын шавь
  • Сэцэн засгийн хошуу
  • Баатар засгийн хошуу
  • Үйзэн засгийн хошуу
  • Эрдэнэ засгийн хошуу
  • Сүжигт засгийн хошуу
  • Дархан засгийн хошуу
  • Засагт хан хошуу
  • Дайчин засгийн хошуу
  • Бигэр номун ханы шавь
  • Илдэн засгийн хошуу
  • Ёст засгийн хошуу
  • Итгэмжит засгийн хошуу
  • Бишрэлт засгийн хошуу
  • Жонон засгийн хошуу

Засагт хангууд засварлах

  1. Баяндара хунтайж, 1547 онд Халхын Ашихай дархан ноёны хөвүүн болж төрсөн, Жалайр, Үнэгэд отгийг захирч хунтайж болсон.
  2. Лайхур хаан, (1562-1637) Баяндара хунтайжын хөвүүн, 1580-1637 оны орчимд Засагт ханы аймгийг байгуулсан.
  3. Субадай хаан, (?-1650) 1596-1650 оны хооронд Засагт ханы орыг залгасан. Цол нь Эрдэнэ Бишрэлт Засагт хан
  4. Норов бишрэлт хаан, 1650—1661 онд Засагт хаан байсан.
  5. Хотол хан, 1661-1662 онд өөрийгөө Засагт хаан цолоор өргөмжлөөд, Хотгойдын Ринчин сайн хунтайжийн довтолгоонд өртөж амь үрэгдсэн.[5]
  6. Ванчуг хан,  1662—1666 онд Засагт хаан байсан. Норов хааны ахмад хөвгүүн.
  7. Цэнгүн хан, (1666—1686)
  8. Шар хан,  (1686—1688)
  9. Цэвээнжав хан, (1688—1732)
  10. Гэлэг-ямпил хан,  (1732—1743) (Ноёнтой хатанбаатарын удам)
  11. Балдир хан,  (1743—1761)
  12. Цэвэнбалзай хан, (1761—1792)
  13. Бунирадна хан, (1792—1823)
  14. Манибазар хан, (1823—1840)
  15. Цэрэндондуб хан, (1840—1877)
  16. Доржпалам хан, (1877—1898)
  17. Содномравдан хан, (1898—1912)
  18. Цэрэнгомбожав хан, (1912—1923)

Эшлэл засварлах

  1. "ЗАСАГТ ХАН, ХАНТАЙШИР УУЛЫН АЙМАГ, АЛТАЙ АЙМАГ, ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГАЗАР НУТГИЙН ХАМААРАЛ". Archived from the original on 2020-01-29. Retrieved 2022-07-28.
  2. 2.0 2.1 Ц.Цэрэндорж. Засагт хан аймаг. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТАЙЛБАР ТОЛЬ.
  3. 3.0 3.1 3.2 О.Батсайхан, З.Лонжид, О.Баяртөр, Л.Алтанзаяа. (2012). МОНГОЛЧУУД: XX-XXI зуунд Зурагт түүх. Улаанбаатар. МОНСУДАР
  4. Г, Бадамсамбуу (2018). "Баруун Халхын хямрал хэзээ эхлэв: "Элжигинийг эвдсэн" хэрэг, түүний үр дагавар". Historia Mongolarum. 17: 42.
  5. 5.0 5.1 5.2 Г, Бадамсамбуу (2018). "Баруун Халхын хямрал хэзээ эхлэв: "Элжигинийг эвдсэн" хэрэг, түүний үр дагавар". Historia Mongolarum. 17: 35–79.