Windows 98 (Цонх 98) нь Майкрософт компаниас гаргасан үйлдлийн систем юм.

Windows 98-ын лого

Windows 98 нь анх Microsoft-оос 1998 оны 5 сарын 15-нд гарсан ба яг нийтийн хэрэглээнд бол 6 сарын 25-нд гарсан. WIndows 95-ын дараагийн хувилбар юм. Windows 98 нь 16бит ба 32бит-ээр хосолж ажилладаг давуу талтай.

Өмнөх хувилбараас сайжруулсан байдал

засварлах

Хатуу дискний зай, багтаамж

засварлах

Windows 98 системд гарсан хамгийн шинэ дэвшил бол хатуу диск FAT32 форматад шилжсэн явдал юм. Ингэснээр мэдээллийг илүү үр дүнтэйгээр шахаж байрлуулах боломжтой болжээ. Энэ нь хатуу дискний зайг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх сайн талтай.

Windows 98 нь 32 битийн FAT(File Allocation Table – файл байршлийн хүснэгт)-ийг хэрэглэх болсноор файлыг 4Кбайтаас ч бага хэмжээтэй кластеруудад хувааж хадгалах боломж олгож байгаа юм. Одоог хүртэл түгээмэл хэрэглэгдэж ирсэн 16 битийн FAT бүхий хатуу дискний хувьд багтаамж нь ихсэх тутам бүтээмж нь багасдаг. Учир нь 16 битийн FAT 65536-аас олон кластерттай байж чаддаггүй бөгөөд их багтаамжтай дисктэй ажиллахын тулд кластер бүрийг томруулах шаардлага тулгардаг. 1Гигабайтаас илүү багтаамж бүхий диск бүр 32Kбайтын кластертай байдаг. Энэ зарчмаар 1байт файл ч байсан 30 Кбайт хэмжээтэй файлын адил 32Kбайтын кластер эзэлдэг байлаа. Уг бэрхшээлийг арилгахын тулд Microsoft фирм Windows 95-ын нэмэлт болгож, FAT 32-ийг 1996 оны сүүлчээр зөвхөн шинэ компьютеруудад суулгаж тараажээ. Харин Windows 98 нь бүх хэрэглэгчдэд FAT 32-ыг шууд хэрэглэх боломж олгож байгаа юм. Кластерын хэмжээг өөрчилсний ялгааг харуулахын тулд 512МВ-ийн дискэнд Windows, Adobe Photoshop, Microsoft Office болон Netscape Navigator программуудыг суулгаж тестэд оруулжээ. Үүний дүнд хатуу дискэн дээр нийт 3.974 файл 396 Мбайтыг эзэлж байв. Эдгээр файлыг FAT16 форматаар 32Кбайтын кластераар бичихэд бүх мэдээлэл 473Мбайт зай эзэлж, дискний 19%-ийг дэмий үрж байсан бол FAT32 форматаар 4К кластерыг хэрэглэхэд 403Mбайт зай эзэлж, дискний зөвхөн 2%-ийг үр дүнгүй ашиглаж байгаа нь тогтоогдсон байна. FAT 32 нь зөвхөн дискний хэрэглээг сайжруулаад зогсохгүй төрөл бүрийн программыг ачаалах хугацааг хурдасгасан. Программ ачаалах хугацаа бараг хоёр дахин хурдассан байна. Таныг файл дуудах бүрд Windows 98 тухайн файлыг дэлгэцэнд үзүүлэхээс гадна энэ мэдээллийг Windows/Applog директорт хадгална. Мөн бусдаасаа олон хэрэглэгддэг программуудын замыг систем өөртөө тэмдэглэн авдаг. Disk Defragmenter нь эдгээр мэдээллийг авч, файлууд доторх тусгай кластеруудыг дахин дугаарлана. Энэ дэс дараалалтай дугаарлалт нь дискний толгойны хөдөлгөөнийг багасгаж, улмаар хурдыг нэмдэг. Хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийг дискний хамгийн хурдан дуудагдах хэсэгт байлгахын тулд Disk Defragmenter нь программуудаас тусдаа оршдог. Программуудаас тусдаа орших энэ гурав дахь хэсэг нь маш ээдрээтэй дэс дараалалтайгаас гадна аливаа өөрчлөлтүүдийг мэдрэн шинэчилж байдаг.

Интернэтэд ажиллаж буй мэт интерфейс

засварлах

Хэрэглэгчдийн хувьд Windows 98 системд ажиллах нь яг л Интернэтийн Вэбэд ажиллаж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Магадгүй Windows 95 системд Internet Explorer 4.0 программыг суулгаад ажиллаж байгаа мэт санагдаж ч магадгүй. Өөрийн компьютер болон сүлжээн дээрээс төрөл бүрийн файл, мэдээллийг зөөж, хуулах, үзэх гэх мэт үйлдлүүдийг Вэб браузерт хийж байгаа мэтээр Back (өмнөх), Forward (дараагийн) товчлууруудын тусламжтай гүйцэтгэх боломжтой. Netscape Navigator буюу Communicator программуудыг суулгая гэвэл ямар ч бэрхшээл учрахгүй.

Төрөл бүрийн төхөөрөмжийг хялбархан залгаж хамт ажиллах боломж

засварлах

Windows 98 системд гарсан хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бол USB (Universal Serial Bus)-г нэмсэн явдал юм. USB-ыг ашиглах болсноор компьютерт төрөл бүрийн шинэ тоног төхөөрөмж залгахад тун хялбар болсон. Ямар ч саад бэрхшээлгүйгээр компьютерээ сайжруулах боломжтой. Учир нь принтер, сканер, гар, хулгана зэрэг аливаа шинэ төхөөрөмжийг компьютертээ залгахад ямарваа нэгэн тусгай драйвер суулгах шаардлагагүй. USB-ийн хийсэн өөр нэг том дэвшил нь компьютерт нэгэн зэрэг олон тооны төхөөрөмжүүдийг залгаж ажиллах боломж юм. Хулгана, сканер, гар гэх мэт 127 янзын төхөөрөмжийг ямар нэгэн бэрхшээлгүйгээр компьютертээ нэгэн зэрэг холбон ажиллах боломжийг USB олгож байгаа юм. Тухайлбал Windows 98 системийн тусламжтайгаар найм хүртэл тооны мониторыг компьютерт залгаж, мэдээллийг нэгэн зэрэг нийт 9 дэлгэцэн дээр харах боломжтой.

Системийн найдвартай, хурдан ажиллагаа

засварлах

Тестээр Windows 98 систем унтрахдаа Windows 95 хувилбараас хамаагүй хурдан болох нь батлагджээ. Өөр нэгэн чухал зүйл бол энэхүү шинэ системийг унтраахын оронд удаан хугацаагаар унтуулах буюу идэвхгүй байлгах боломжтой юм. Бүхэл бүтэн үйлдлийн системийг эргэж сэрээхэд минут хүрэхгүй хугацаа зарцуулдаг нь Windows болон бусад программуудыг шинээр ачаалснаас илүү хурдан байна. Унтаж буй үеийн цахилгааны зарцуулалтыг багасгах боломжийг одоо судалж байгаа ажээ. Windows 98 -г Windows 95 хувилбартай харьцуулахад нэлээд олон зүйл нэмэгдсэн. Энд Scandisk болон энгийн defragmenter программуудын шинэ хувилбаруудаас гадна Recycle Bin (Хогийн сав) болон хугацаат файлуудыг устгаж, дискийг цэвэрлэх бусад чадваруудыг дурдаж болно. Түүнчлэн санамсаргүй устгагдчих аюулд ойрхон байдаг системийн файлуудыг устгахын өмнө анхааруулга гардаг болсон байна.

Windows 98 Second Edition(2-р хувилбар)

засварлах

Оригинал Windows 98 системийг Internet Explorer 5 гэх мэт сүүлийн үед гарсан программууд, зарим шинэ функцүүд, драйверуудаар өргөтгөх замаар Windows 98 SE хувилбарыг гаргасан.

Уг хувилбарт цомхон байгууллага болон хэд хэдэн айлын компьютерүүдийн хоорондох ерөнхий модемыг хуваах зориулалт бүхий Internet Connection Sharing (ICS) механизм болон USB модем ба IEEE 1394 (FireWire) г.м. төхөөрөмжүүдийг улам боловсронгуй болгох зарим нэмэлтүүд орсон.

Интернэтэд хандах ерөнхий хандалт

засварлах

Windows 98 Second Edition системийн гол шинэлэг зүйл нь Internet Connection Sharing(ICS) функц юм. Энэ нь Windows 98 SE системийн орчны компьютерийг цомхон байгууллага буюу хэд хэдэн айлын компьютерүүдийн Интернэтийн холболтонд ашиглах боломжоор хангадаг. ICS бүхий Windows 98 SE системтэй компьютер нь модем болон ердийн Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай холбоотой байх шаардлагатай. ICS нь сүлжээний бусад компьютерүүдэд тухайн шугамаар Интернэттэй холбогдон FTP үйлчилгээ, электрон шуудан ашиглах, Вэб үзэх боломжоор хангадаг. үүний тулд ямар ч тусгай төхөөрөмж шаардагдахгүй бөгөөд, Интернэттэй ажиллах боломж бүхий Windows, Linux, Macintosh орчны дурын компьютерүүд байж болно. ICS нь TCP/IP сүлжээнийстандарт холболтыг ашигладаг учир өргөн хүрээний компьютер, үйлдлийн системүүдтэй зохицох чадвартай. Интернэтэд хандах компьютерийн тоонд тодорхой хязгаарлалт байхгүй боловч шугамд нэгэн зэрэг хэт олон үйлчлүүлэгч хандах тохиолдолд бэрхшээл гардаг. Аль нэг нь том хэмжээний файл буюу видео урсгал авахад бусад компьютерүүдэд холболтын өргөн зурвас үлддэггүй. Сүлжээтэй бага зэрэг ажилладаг хэн бүхэн ICS-ийг хялбархан суулгаж чадна. үүнд Wizard, Windows 98 SE бүрдэл дахь зааварчилгаа болон онлайн лавлахыг ашиглаж болно. Ердийн модемоос эхлээд өндөр хурдтай кабелийн модем, DSL буюу ISDN шугамууд хүртэлх бүхий л төрлийн Интернэт холболт байж болно. Бүх компьютерүүд нь өөр хоорондоо TCP/IP сүлжээний протокол бүхий сүлжээний платуудаар (10 Base 2 буюу 10BaseT, 10 буюу 100Мбит/с) холбогдох шаардлагатай.

Internet Explorer 5

засварлах

Internet Explorer 5 нь Microsoft Вэб браузерийн сүүлийн хувилбар юм. Оригиналь Windows 98 нь Internet Explorer 4-тэй байсан бол Windows 98 SE хувилбар нь Internet Explorer 5-тай. Internet Explorer 5 нь өмнөх хувилбараасаа форм, Вэб хаягуудыг автоматаар нэмэх г.м. функцүүдээс гадна, дэлгэц дэх хуудасны дүрслэгээг хурдасгаж чадсанаараа онцлог юм. Windows 98 SE хувилбар нь мэдээлэл унших ба электрон шуудангийн Outlook Express 5 программтай. Байгууллагын дотоод стандартад тохирох г.м. шалтгаанаар Internet Explorer-ийн өмнөх хувилбаруудыг ашиглах шаардлага гардаг учраас Windows 98 SE-ээс Internet Explorer 5-ыг тусад нь суулгадаг.

Техник хангамжид тавигдах шаардлага

засварлах

Windows 98 SE нь техник хангамжид тавигдах шаардлагын хувьд оригиналь Windows 98-аас бага зэрэг ялгаатай. Компьютер нь ядаж л дараах үзүүлэлттэй байх шаардлагатай. үүнд:

- Компьютер: 486/66 МГц процессор - Санах ой: 24 Мбайт RAM - Хатуу диск: хатуу дискэн дээр 260 Мбайтаас багагүй сул зай - CD-ROM буюу DүD-ROM төхөөрөмж - үGA буюу түүнээс өндөр нягтшилтай монитор - Microsoft фирмийн хулгана буюу Microsoft-тэй зохицох заах байгууламж зэрэг болно.

Гэвч, дээрх үзүүлэлт нь өнөөдрийн хувьд дэндүү чамлалттай билээ. Ийм үзүүлэлттэй компьютерт Windows 98 SE нь маш удаан ажиллах учраас бараг л ашиггүй, ажиллах шаардлага хангахгүй нь ойлгомжтой. Энэ нь Microsoft-ийн хувьд хэрэглэгч, худалдан авагчдын анхаарлыг хандуулах арга юм. Практикт бол ядаж л 36 Мбайт RAM бүхий Pentium байх шаардлагатай ажээ. Хурд багатай процессорын хувьд санах ойг нь ихэсгэх замаар тохируулж болно. Харин хатуу диск дээр хэрэгцээгүй файлуудыг устгасны дараа сул зайн хэмжээ 50 Мбайтаас бага байвал түүнийг солих буюу шинээр хоёрдогч хатуу дискийг нэмэхээс өөр аргагүй.

Засагдсан алдаанууд

засварлах

Windows 98-д алдаа бий юу гэвэл бий. Microsoft энэ талаар дуугүй байгаа боловч хүлээн зөвшөөрч байгаа. Windows 98 шиг янз бүрийн техник хэрэгслийн бүрэлдэхүүнтэй ажилладаг нарийн системийн хувьд үүнийг үгүйсгэх аргагүй юм. Windows-ийг боловсруулагчид системд мэдэгдсэн саатал, доголдол, алдааны мэдээллүүдийн үндсэн дээр тэдгээрийг засварлаж, улмаар дараагийн хувилбарт оруулдаг. Windows 98 SE нь Windows 98 Service Pack 1 (w.n 98 SPI) бүрдлийн бүх засварыг багтаасан. Засагдсан алдааны жагсаалт одоогоор байдаггүй боловч, ямар ч гэсэн Y2К асуудалтай холбоотой зарим алдаанууд мэдэгдсэн бөгөөд, тэдгээрийг засварлах ажээ.

Windows 98 цар хүрээ

засварлах

Microsoft 2004 оны 1 сарын 16-нд Windows 98-ийг хэрэглээнээс гаргахаар шийдсэн гэтэл 2003-2004 оны хооронд Windows хувилбаруудаас 27% орчим хэрэглэгч Windows 98 ашигладаг судалгаа байв. Тийм учир Microsoft 2006 оны 7 сарын 11-нийг хүртэл сунгахаар шийдэв, түүний дараагийн хүвилбар болох WIndows ME энэ өдөр хамт хэрэглээнээс гарсан билээ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Microsoft Windows 98 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан