PR гэдэг нь Public Relations үгийн товчлол юм. Паблик рилейшнз (Public Relations) нь “Олон нийтийн харилцаа” хэмээх англи үгнээс гаралтай нэр томъёо болно.

Тодорхойлолтууд

засварлах

PR-ыг эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн байгууллагын баримт бичигт янз бүрээр тодорхойлсон байдаг.

Их Британийн Олон нийтийн харилцааны институтын (IPR) баримт бичигт “PR бол байгууллага болон олон нийтийн хооронд харилцан ойлголцол, сайн харилцаа тогтоох, түүнийг дэмжихэд чиглэгдсэн тодорхой төлөвлөгөөний дагуу тасралтгүй үргэлжлэх хүчин чармайлт мөн” гэж тодорхойлсон

PR-ын нийгэмлэгүүдийн Мексикийн тунхаглалд: “PR бол олон нийтийн ч, байгууллагуудын ч эрх ашигт нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон байгууллагуудын удирдлагад зөвлөмж өгөх, үйл ажиллагааны чиг хандлагыг тогтоох, түүний үр дагаварыг урьдчилан тодорхойлох, задлан шинжлэх урлаг ба шинжлэх ухаан мөн” гэжээ.

Америкийн олон нийтийн харилцааны нийгэмлэг “PR байгууллага болон хэсэг, бүлгүүдийн хооронд харилцан ойлголцох, итгэлцэл бий болгох замаар олон ургальч үзэл бүхий нийгэмд шийдвэр гаргах, үр ашигтай үйл ажиллагаа явуулахад тусалдаг” гэсэн.

Доктор Рекс ХарлоуPR байгууллага болон олон нийтийн хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, харилцаа тогтоох, түүнийг дэмжихэд нөлөөлдөг удирдлагын нэг үүрэг мөн” гэсэн тодорхойлолт өгчээ.

Английн нэрт эрдэмтэн Сэм БлэкPR гэдэг бол үнэн бодитой, бүрэн төгс мэдээлэлд үндэслэгдсэн харилцан ойлголцох замаар нийцэн зохицоход хүрэх урлаг ба шинжлэх ухаан юм” гэсэн товч бөгөөд гүнзгий агуулгатай тодорхойлолт өгсөн байдаг.

Дээр дурдсан тодорхойлолтуудаас үзэхэд PR буюу олон нийтийн харилцааг хүмүүс болон байгууллага, бүлгүүдийн хооронд мэдээлэл солилцох замаар харилцан ойлголцол, итгэлцэл бий болгох, сайн харилцаа тогтоох үйл ажиллагааны хэлбэр гэж ойлгож болно.

1807 онд PR гэдэг үгийг анх АНУ-ын ерөнхийлөгч Томас Жефферсон нийгмийн харилцаатай холбож хэрэглэсэн гэж үздэг. Харин АНУ-ын ерөнхийлөгч В.Вильсон PR хэлтсийг анх дэргэдээ байгуулсан бол PR-ийн компанийг 1900 онд Америкийн нэгэн сонинд ажиллаж байсан гурван залуу “Олон нийттэй харилцах товчоо” нэртэйгээр байгуулснаар энэ салбарын хөгжлийн эх суурь тавигджээ.

PR салбарын онолыг боловсруулж, цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлсэн хүн бол Америкийн судлаач Айви Ли юм.

Үндсэн чиглэл

засварлах

PR-ийн үндсэн чиглэл (Основные направления PR. Basic tendency of PR).

Орчин үед “public relations” буюу “олон нийтийн харилцаа” хэмээх нэр томъёо дараах үндсэн чиглэлийг өөртөө агуулдаг. Энэ нь олон нийтийн санал бодол, олон нийтийн харилцаа, төр засгийн харилцаа, нийтлэгийн амьдрал, үйлдвэрлэлийн харилцаа, санхүүгийн харилцаа, олон улсын харилцаа, хэрэглэгчдийн харилцаа, судалгаа ба статистик, олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл (ОНМХ) зэрэг болно. Дээр дурдсан харилцаанд PR чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэдний аль алинд PR-ийн онол болон философи адил түвшинд хадгалагдах боловч тухайн чиглэлийн онцлогоос шалтгаалан зарим бүрэлдэхүүн, хэм хэмжээ, шинж тэмдэг нь өөрчлөгдөж болно. Хэрэв энэ ойлголтыг өргөн утгаар нь авч үзвэл PR удирдлагын практикт чухал хувь нэмэр оруулдаг юм.

Үндсэн ажил

засварлах

Орчин үед PR-ийн хүрээнд мэргэжилтнүүд дараах үндсэн ажлыг гүйцэтгэж байна. Үүнд:

  • Хүний зан байдлын хуулиудын үндсэн дээр зөвлөгөө өгөх (1),
  • боломж бүхий чиг хандлагыг тогтоож, түүний үр дагаварыг урьдчилан тодорхойлох (2),
  • олон нийтийн үзэл бодол, хүсэл сонирхол, харилцааг судалж, үзэл бодлыг бүрдүүлэх, хүсэл сонирхлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулах (3),
  • үнэн бодит зүйл, бүрэн төгс мэдээлэлд үндэслэгдсэн хоёр талын харилцаа тогтоох, түүнийг дэмжих (4),
  • үл ойлголцох явдал болон зөрчлийг арилгах (5),
  • харилцан хүндэтгэл бий болгох, нийгмийн өндөр хариуцлагатай байхад нөлөөлөх (6),
  • хувийн болон нийгмийн эрх ашгийг нийцүүлэн зохицуулах (7),
  • хэрэглэгч, нийлүүлэгч, үйлчлүүлэгчидтэй хэвийн, сайн харилцаа тогтоох (8),
  • үйлдвэрлэлийн харилцааг сайжруулах (9),
  • өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг татах, боловсон хүчний тогтворгүй байдлыг багасгах (10),
  • бараа болон үйлчилгээг сурталчлах (11),
  • ашиг орлогыг нэмэгдүүлэх (12),
  • “өөрийнхөө имижийг” бүрдүүлэх (13) зэрэг болно.

Үйл ажиллагаа

засварлах

PR-ийн амжилт нь үнэн бодитой, бүрэн төгс мэдээлэл, тасралтгүй үйл ажиллагаанд оршдог. PR-ийн ердийн үйл ажиллагаа нь хоорондоо салшгүй холбоотой дөрвөн өөр өөр хэсгээс бүрддэг. Энэ бол:

  • зорилгыг тодорхойлох, судлах, задлан шинжлэх (1),
  • хөтөлбөр болон төсвийг боловсруулах (2),
  • харилцаа ба хөтөлбөрийг хэрэгжүүлэх (3),
  • үр дүнг судлах, үнэлгээ өгөх, шаардлагатай нэмэлт засвар хийх (4) зэрэг юм.

Энэ хэсгүүдийг заримдаа RACE (Research - судалгаа, Action - үйлдэл, Communication – харилцаа, Evaluation - үнэлгээ) гэж нэрлэдэг.