I Жэймс (Шотландын хан)

I Жэймс (1394 оны 7 сарын сүүл – 1437 оны 2 сарын 21) 1406-1437 онд Шотландын хан байв. Эцэг III Роберт, эх Аннабелла Драммонд нарын 3 дахь буюу отгон хүү болон Данфермлин Аббид төржээ. Том ах Ротесэйн гүн Дэвид авга ах Албанийн гүн Робертод олзлогдоод байх үедээ сэжигтэй байдлаар нас барсан бол нөгөө ах Роберт нь багадаа энджээ. Жэймсийн аюулгүй байдалд санаа зовсон эцэг эх нь 1405/6 оны өвөл түүнийг Франц руу илгээхээр төлөвлөж байв. 1406 оны 2 сард Жэймсийн бараа бологчид Дугласын 4-р гүн Арчибалдыг дэмжигчдийн довтолгоонд өртсөний дараа Жэймс Фирт оф Форт дахь Басс Рок цайзад хоригдов. Тэндээ 3-р сарын дунд хүртэл байсны эцэст Франц руу аялах хөлөг онгоцонд суужээ. Гэсэн ч 3 сарын 22-нд Английн далайн дээрэмчид хөлөг онгоцыг олзолж, хунтайжийг IV Хенрид тушаав. III Роберт 4 сарын 4-нд нас нөгчсөнөөр 11 настай Жэймс албан ёсоор өргөмжлөгдөөгүй ч Шотландын хан болсон хэдий ч 18 жилийн турш эрх чөлөөгүй, олзонд байсан юм.

I Жэймс

Жэймсийн хөрөг. 16-р зуун
Шотландын хан
Хаанчлал1406 оны 4 сарын 4– 1437 оны 2 сарын 21
Хаан суусан1424 оны 5 сарын 21
Төрсөн огноо1394 оны 7 сарын 25 (баталгаатай биш)[1]
Төрсөн газарФайф, Данфермлин Абби
Өнгөрсөн огноо1437 оны 2 сарын 21 ( 42 насалсан) [2][3]
Өнгөрсөн газарПерт Блэкфриарс,
ӨмнөхIII Роберт
УдаахII Жэймс
ХатанЖоан Бюфорт (г. 1424)
ХүүхэдФранцын угсаа залгамжлах хунтайжийн ахайтан Маргарет
Бриттанийн гүнгийн ахайтан Изабелла
Австрийн гүнгийн ахайтан Элеанор
Буканы гүнгийн ахайтан Мари
Мортоны гүнгийн ахайтан Жоан
Ротесэйн гүн Александр
Шотландын хан II Жэймс
Хантлийн гүнгийн ахайтан Аннабелла
ЭцэгIII Роберт
ЭхАннабелла Драммонд
ШүтлэгРомын Католик

Жэймс Английн хааны ордонд сайн боловсрол эзэмшиж, V Хенри болон Английн засаглалд хүндэтгэлтэй ханддаг болж өсчээ. Шотландын хан сайн дураараа Хенрийн Францад хийсэн 1420 – 1421 оны аян дайнд оролцсон байна. Түүний үеэл Мурдок Стюарт мөн 1402 оноос хойш Англид олзонд байсан ч 1416 онд Нортамберландын 2-р гүн Хенри Перситэй солигдон нутаг буцжээ. Жэймс 1424 оны 4 сард суллагдахаасаа өмнө Сомерсетын 1-р гүн Жон Бюфортын охин Жоан Бюфорттой гэрлэжээ. V Хенрийн талд Францад байлдаж, Шотландын хүчинтэй тулалдаж байсан түүнийг шотландчууд тийм ч таатай хүлээж авсангүй.

Байр сууриа бэхжүүлэхийн тулд Жэймс 1425 онд зарим язгууртны эсрэг урьдчилан довтолж, Мурдок гүн болон түүний хөвгүүдийг цаазаар авав. 1428 онд Арлуудын лорд Александр, 1431 онд Дугласын гүн Арчибалд, 1434 онд Марчийн гүн Жоржийг толгой дараалан баривчилжээ. Жэймс 1437 оны 2 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө авга ах, Атоллын гүн Волтер Стюартын зохион байгуулсан төрийн эргэлт хийх оролдлогын үеэр алагджээ. Хатан Жоан шархадсан хэдий ч зугтан гарч, Эдинбург цайзад байсан хүү II Жэймс дээрээ очиж чадсан аж.

  1. Weir, Britain's Royal Families, p. 232
  2. Weir, Britain's Royal Families, p. 235
  3. Brown, James I, pp. 186 – 7