II Юстиниан Ринотмит (грек. Ιουστινιανός Β' Ρινότμητος; 669 онд төрсөн—711 оны 12-р сарын 11-нд нас барсан) — Византийн эзэн хаан (685—695, 705—711), IV Константин хааны хүү. Ираклий угсааны сүүлчийн төлөөлөгч.

Намтар засварлах

Тэрээр 685 онд арван зургаан настай залуу байхдаа хаан ширээнд суусан байна. Түүний харгислалаас болж ард олон нь хаанаа үзэж яддаг байсан гэдэг.

689, 690 онд Юстиниан саяхан Дунай мөрөнд аль хэдийн славянчууд шигүү суурьшсан улсад байгуулагдсан Болгарын эсрэг дайн хийжээ. II Юстиниан олзлогдсон славянуудыг Бага Азид нүүлгэн шилжүүлж, тэднээс 30 мянган хүний ​​бүрэлдэхүүнтэй отряд байгуулж байсан байна.

Цэргийн жанжин Леонтиус Эзэн хаан II Юстинианы олны дунд нэр хүндгүй байгаа байдлыг далимдуулж 695 онд тэрээр эзэн хааны тушаалаар орсон шоронгоос оргож, нийслэлийн оршин суугчдыг өөртөө татаж Юстинианыг баривчилж, хамар, хэлийг нь таслаад (эндээс Юстиниан "Риномет" хочтой байсан -буюу орч."тасархай хамар") Крым (Херсонесос) руу цөллөгт илгээсэн байна.

Хэсэг хугацааны дараа III Тиверий хаан Леонтиус хааныг түлхэн унагаж хаан ширээнд суужээ. II Юстиниан удаан хугацааны турш дуугуй чимээгүй амьдарч байсан ч дахин эрх мэдэлтэй болох хүсэлтэй байжээ. II Юстиниан Херсонесээс эхлээд уулархаг Дорос руу, дараа нь Фанагориа (Таманы хойг) дахь Хазарууд руу, эцэст нь явсаар Болгарууд дээр очжээ. 705 онд тэрээр Болгарын хаан Тервел тэргүүтэй славян ба болгарчуудын армитай хамтран Константинополь хотыг зүгэлсэн байна.

II Юстиниан нийслэл Константинополийг эзлэн, Леонтиус, III Тиверий нарын толгойг авч харгисаар өшөө аваад дахин хаан ширээнд суужээ.

Тэрээр өөрийг нь дэмжиж тэтгэсэн Болгарын хаан Тервелийг харамгүй их шагнаж, Цезарь цол олгосон явдал нь түүхэнд жишиг бий болгосон юм. Гэвч 708 онд II Юстиниан Болгар руу гэнэт дайралт хийхэд болгарын хаан Тэрвел түүнийг Анхиалогийн тулалдаанд ялсан байна.

Филиппика хэмээх нэр авсан Вардан Хазаруудын тусламжтайгаар хотын оршин суугчдыг бослогод амжилттай өдөөж Константинополь хотыг эзлэн авахад II Юстиниан зугтаж, удалгүй алагдсан бөгөөд Филиппикус Вардан эзэн хаан болсон байна.