II Фёдор Борисович (1589 онд төрж, 1605 оны 6-р сарын 10-нд нас барсан) — Оросын хоёр дахь Годунов овгийн царь (1605 оны 4-р сараас 6-р сарын хооронд). Оросын хаан ширээнд хамгийн богино хугацаанд суусан царь юм.

II Фёдор

Фёдор 1589 оны 6-р сарын 7-нд Москвад Бояр Борис Федорович Годунов, түүний эхнэр Малюта Скуратовын охин Мария Григорьевна нарын гэр бүлд төржээ. Тэрээр Анкирийн Гэгээн Феодотыг дурсах өдөр төрсөн тул Фёдор нэр хүртсэн бололтой.

II Фёдорыг төрөхөөс өмнөхөн эцэг нь тус улсын цорын ганц захирагч байсан. Маш эрт (1594-1595 оноос эхлэн) залуу Фёдор Борисовичод хааныхтай тэнцэх алдар цол олгож эхэлсэн (түүнийг эцгийнх нь нэртэй хамт "бичдэг байсан", төрөл бүрийн ёслолд нэрийг нь зааж өгдөг, Элч төлөөлөгч нар түүний нэр дээр бэлэг илгээдэг байсан) байна.

Ханхүүгийн хүмүүжлийг "авга ах" Иван Чемоданов хариуцаж байсан. Тэрээр маш сайн боловсрол эзэмшсэн, эцэг нь "гэгээрсэн эзэн хаан" болохоор бэлтгэж байсан. Эцэг Борис өөрөө бичиг үсэг мэддэг байсан ч номын боловсрол эзэмшээгүй байжээ. Сүүлд Оросын түүхч Николай Карамзин түүнийг "Орос дахь Европын боловсролын анхны үр жимс" гэж нэрлэж байсан. Гэсэн хэдий ч сөрөг хүчнийхэн өв залгамжлагчийн өвчин, оюуны хомсдолын талаар Орост болон гадаадад цуурхал тараадаг байжээ.

Фёдор Борисович Москвагийн хаан ширээнд суусан үе нь ихээхэн тааламжгүй хүнд байжээ. Түүний эцэг Москва руу ирж яваа Хуурамч I Дмитрийтэй хийж буй дайны ид оргил үед гэнэт нас баржээ.

16 настай Фёдор цэрэг удирдах туршлагагүй байсан тул Хуурамч Дмитрийд анхны ноцтой ялагдал хүлээсэн Басмановын гэр бүлд найдахаас өөр аргагүй болжээ. Василий, Иван Голицын, Михаил Глебович Салтыков, Иван Иванович Годунов нар мөн атаман Корела тэргүүтэй Хуурамч Дмитрийтэй холбоотон казакууд суурьшсан Кромын цайзын доорх цэргүүдэд үлджээ. Шинэ хаан тулалдаж буй армиас Москва руу Федор Иванович Мстиславский, Василий, Дмитрий Иванович Шуйский нарын ноёдыг Засгийн газарт дуудсан байна.

Наум Плещеев, Гаврила Пушкин нарын хуурамч Дмитрийг дэмжигчид Тулагаас Москвагийн ойролцоох Красное Село хотод ирэв. Бослого Красносель хотын оршин суугчдын дэмжлэгээр Москвад тархсан. Тэд нийслэлд хүрэлцэн ирээд зургадугаар сарын 1-нд цаазаар авах газраас залилагчийн мэдээг зарлав. Тэр өдөр Москвачууд Боярын засгийн газрын зөвшөөрлөөр II Фёдор царийг, түүний эх, эгч Ксения нарыг Кремльд баривчилжээ. Хуурамч Дмитрийг Дмитрий Иванович нэрээр шинэ хаан хэмээн зарлав. Царийн гэр бүлийн хамт бусад Годуновуудыг мөн баривчилжээ.