CERTIFY нь их, дээд сургууль болон боловсролын байгууллагаас олгодог диплом, гэрчилгээг блокчэйн сүлжээнд баталгаажуулах үйлчилгээ юм.

Дипломыг блокчэйн дээр баталгаажуулснаар

засварлах
  • Баталгаат: Диплом, сертификат, гэрчилгээ зэргийг блокчэйн технологи ашиглан дахин өөрчлөгдөх боломжгүйгээр баталгаажуулж залилангийн эрсдэлийг бууруулах;
  • Хямд: Нэмэлт зардлаар технологийн хөгжүүлэлт хийх шаардлагагүй, хамгийн хямд өртгөөр блокчэйн сүлжээгээр баталгаажуулах бөгөөд дипломыг жинхэнэ эсэхийг үнэгүй шалгах боломжтой;
  • Байгальд ээлтэй: Хувийн хэрэг цаас архивлан хадгалах шаардлагагүй;
  • Олон боломж: Өөрийн үйл ажиллагаанд инновац шингээж, байгууллагын нэр хүндийг өсгөх, хамгаалах зэрэг боломжууд бий болох юм.
  • Төрөөс баталгаажсан: Боловсрол шинжлэх ухааны сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан албан даалгаврын хүрээнд Боловсролын ерөнхий газраас цахим дипломыг блокчэйнд баталгаажуулдаг.

Асуудал юу байв?

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас 2022 онд хуурамч дипломын асуудал хөндөгдөж олон нийтэд мэдээллэж байсан билээ.

Уг мэдээлэлд дурдсанаар 59 мянган дипломыг шалгахад зөрчилтэй 724, сэжигтэй 2,000 диплом илэрсэн билээ. Хуурамч дипломтой иргэд төрийн байгууллагад ажиллах тэр дундаа ерөнхий боловсролын сургуульд багшлах зэрэг асуудал үүссэнээр дипломыг цахим хэлбэрээр олгох, дипломын өгөгдөл мэдээллийг хуурамчаар үйлдэх боломжгүй байх, цахимаар ямар нэг зардалгүйгээр тулган баталгаажуулах хэрэгцээ шаардлага үүссэн.

Мөн цаасан диплом нь гэмтэх, хаяж гээх болон үнэн зөв эсэхийг ажил олгогч компанид, гадаадын сургуульд нотлоход нотариатаар баталгаажуулах гэх мэтээр зардал өндөр, цаг хугацаа шаарддаг байсан билээ.

“Боловсролын ерөнхий хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Боловсролын баримт бичиг цаасан болон цахим хэлбэртэй байна.” гэж заасан. Т.Ням-Очир /Боловсролын ерөнхий газрын дарга/

Шинээр батлагдсан Боловсролын ерөнхий хуульд боловсролын баримт бичгийг цаасан болон цахим хэлбэртэй байхаар тусгасан.

Мөн 2022 онд Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын “Хамтарсан албан даалгавар”-т “Их, дээд сургуулиудын төгсөгчдийн дипломыг блокчэйн технологид тулгуурлан баталгаажуулах” үүргийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгасан.

Энэ хүрээнд блокчэйн технологиор баталгаажуулах шилжилтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газраас 2022 онд эхлүүлсэн бөгөөд их, дээд сургуулиуд TEO үндэсний блокчэйнд цахим диплом баталгаажуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Цаашид их дээд сургууль төгсөгчдийн боловсролын баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэхээс гадна ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн боловсролын баримт бичгийг блокчэйнд байршуулах ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Боловсролын баримт бичгийг блокчэйнд шилжүүлснээр ажил олгогч, ажил горилогч нарын дунд бий болдог эргэлзээг арилгахад мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг ашиглах сайн жишээ болно.

Хэрхэн шийдсэн бэ?

Бидний шийдлийн онцлог нь цахим дипломын файлд дахин давтагдашгүй хэш утга өгч, уг хэш утгыг блокчэйнд хадгалдаг. Улмаар Боловсролын ерөнхий газар бүх дипломыг тулган блокчэйн сүлжээнд зөвшөөрөл өгдөх байх ухаалаг гэрээ бүхий давхар хяналтын тогтолцоот цогц системийг нэвтрүүлсэн. Мөн блокчэйн сүлжээнд Боловсролын ерөнхий газрыг node серверээр шууд холболттой болгосон нь аюулгүй, найдвартай байдлаа хангасан.

Цахим дипломын файлын хэш утгыг блокчэйнд баталгаажуулснаар хуурамчаар диплом, гэрчилгээ үүсгэх боломжийг халсан. М.Золжаргал /Блокчэйн Сольюшн ХХК-н Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал/

Бид Үндэсний TEO блокчэйн сүлжээнд цахим диплом болон гэрчилгээ, батламжийг баталгаажуулах Certify үйлчилгээг нэвтрүүлж тухайн дипломыг дэлхийн хаанаас ч үнэн зөв, хуурамч биш болохыг нотариатын зардалгүйгээр нотлох боломжийг олгосон.

 
Шийдлийн зураглал: Их, дээд сургуулийн үүсгэсэн дипломыг Боловсролын ерөнхий газраас баталгаажуулах